Галт зэвсэг хэрэглэсэн, албан тушаалаа ашиглан авлига авсан эрхмүүдийн хэрэг хэрхэн шийдэгдэв

2014 оны 06-р сар 26-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед манай улсад эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын хэрэг цөөнгүй гарах болсон. Гэвч олны танил эрхмүүдийн албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан, бусдыг гүтгэн онц хүнд хохирол учруулсан зэрэг хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл олон нийтэд ил болдоггүй. Хэргийн мөрдөн байцаалт явагдаж байгаад прокурорт шилжсэн гээд л замхардаг.

МУГЖ дуучин Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржийн хэрэг шүүхэд шилжжээ

Г.Буяндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр, Хурцаа нар нь бүлэглэн бусдаас 1.200 мянган ам.долларыг залилан бусдад онц их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдсон. Мөн иргэний шүүх хуралдаанд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн байна. Г.Буяндорж нь бусдыг илтэд онц хүнд гэмт хэрэгт гүтгэн, онц их хэмжээний хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Тус хэргийн мөрдөн байцаалт энэ сарын 12-нд нь дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн ч шүүх хурал одоогоор товлогдоогүй байна.

ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийн мөнгө угаасан хэрэг илчлэгдлээ

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, Санхүү, эдийн засгийн Ерөнхий менежэрээр ажиллаж байсан Н.Наранцэцэг, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын Ерөнхий менежэр, газрын даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч яллах дүгнэлт үйлдэн хэрэг нь шүүхэд шилжжээ.

Тэд ИНЕГ-ын харьяа “Чингис Хаан” олон улсын буудлын инженер, техникийн ажилчдын үндсэн чиг үүрэгт хамаарах, тэдгээрийн ажил үүргийн хуваарьт тусгагдсан, хийж гүйцэтгүүлэх боломжтой “оператор"-ын ажлыг хувийн “Электрон системс” ХХК-аар гүйцэтгүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.2, 9.2-т заасныг зөрчсөн болохыг хуулийн байгууллага тогтоосон байна. Тэд ийнхүү хууль бусаар сонгон шалгаруулж нийт 1.062.959.200 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Электрон системс” ХХК-ийн дансанд шилжүүлснээр улсад их хэмжээний хохирол учруулсан. Мөн “Медиа саммит Лимитед” компанийн БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс Хонгконг дахь HSBS банкны 848-270-419-838 тоот дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон Системс” ХХК-ний Голомт банкин дахь 1102720247 тоот дансаар 144.960 ам долларыг буцаан хүлээн авсан.

Мөн “Трэшур Космо лимитед” компанийн БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс Хонгконг дахь HSBS банкны 848-270-419-838 тоот харилцах дансанд 155 мянган ам.доллар шилжүүлж, 153.993 ам.доллар, 202.500 ам доллар, 39.968 ам долларыг тус тус Цэвээний Батнасангийн ХХБ дахь 453132559 дансаар дамжуулан М.Батболдын ХХБ дахь 451028258 дансаар буцаан хүлээн авч мөнгө угаасан гэмт хэрэгт өнгөрсөн сарын 26-нд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна. Шүүх хурлын тов зарлагдаагүй байна.  

Төрийн албан хаагч авлига авсныг тогтоов

БГД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан Д.Ганхүү нь иргэн Х.Батбаяр, У.Баттөмөр нараас хээл хахууль авсан болохыг тогтоосон байна. Мөн тэрээр өөрийн эхнэр З.Цацралаар дамжуулан бусдад авлига өгсөн нь тогтоогджээ.

У.Баттөмөр нь Д.Ганхүүд хахууль өгсөн, Ж.Уранчимэг нь хээл хахууль авсан, Т.Батчулуун нь Д.Ганхүүгээс хээл хахууль авсан  болон албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн ашиг хонжоо хөөсөн эл хэрэг тавдугаар сарын 15-нд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Татварыг нуун дарсан мотоциклын наймаачдын хэрэг шийдэгджээ

Вэй Хун Ван нь “Хун лиан” ХХК-ийн захирлаар ажиллахдаа Хан Рун Пин, А.Мэндбат нартай хамтран БНХАУ-аас нийт 11822 мотоцикл Монголд импортоор оруулж ирсэн байна. Тэд мотоциклоо борлуулахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон НӨАТ-ын тайланд тусгахгүй 485 сая 743 мянган төгрөгийн буюу онц их хэмжээний албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдон шалгагджээ. Энэ хэрэг үйлдэхэд зохион байгуулагчаар БЗД-ийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Нанжидсүрэн оролцсон бөгөөд  “Хун Лиан” ХХК-д төлөвлөгөөт шалгалт хийх явцдаа авлига авсан болох нь тогтоогджээ.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх А.Мэндбатын хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Д.Нанжидсүрэнд Төрийн албанд ажиллах эрхийг 2 жил хасч, 1 жил 6 сар хорих, Вэй  Хун Ван, Хан Рун Пин нарт 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэжээ. Тэд давж заалдсан ч Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10-р шүүх энэ тогтоолыг хэвээр үлдээжээ.

Ё.Отгонбаяр гишүүнтэй холбоотой хэрэг шалгагдаж байна

Албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргүүд цөөнгүй бий. Тухайлбал, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр гишүүнтэй холбоотой хэрэг шалгагдаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж Нийслэлийн прокрорын газраас мэдэгдсэн. 

Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Батсуурь нартай холбоотой хэргүүд мөн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан ч УИХ-н гишүүний халдашгүй байдалтай холбоотойгоор хэргийн ажиллагаа шийдвэрлэх боломжгүй байдалд хүрчээ.

Мөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлд холбогдох хэрэг шалгагдаж байгаа. Гадаад улсад мөрдөх ажиллагаа явуулж байгаагаас хэргийн явц удаашралтай байгаа юм байна. 

Төрийн албанд тангараг өргөсөн эрхмүүд ийнхүү гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Ирэх долоо хоногт хагас жилийн тайлан мэдээгээр бид "цагаан захтан"-уудын болон бусад онц хүнд, ноцтой хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар эргэн мэдээллэх болно.

 

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.