ОХУ-ын хүн амын 5 хувь нь л вакцинд хамрагджээ

Twitter Print
2021 оны 06-р сар 19-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Энэ долоо хоногт ОХУ-д коронавирусын халдварын тархалт 34 хувиар өссөн талаар ОХУ-ын шадар сайд Татьяна Голикова мэдэгджээ. 

Түүний хэлж байгаагаар коронавирусын халдвар хамгийн ихээр Москва хот, Москвагийн бүс нутагт ажиглагдагдаж байгаа ба Москва хотод халдварын тархалт 54.4 хувиар өссөн байна. 

Шадар сайдын онцолсноор халдварын тархалт нэмэгдэх болсон гол шалтгаануудын нэг нь иргэд халдвар хамгааллын дэглэмийг зөрчих явдал болж байгаа бол нөгөө талаас халдвардах чадвар өндөртэй, Энэтхэгт анх бүртгэгдсэн коронавирусын дельта хувилбар ОХУ-д хурдацтайгаар тархаж байгаа нь ч нөлөөлжээ. 

Халдварын тархалтыг бууруулахад иргэдийг цаг тухайд нь шинжилгээнд хамруулах, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах мөн иргэдийг коронавирусын эсрэг вакцинд хамруулах явдал юм гэдгийг Татьяна Голикова дурджээ. 

ОХУ-д өнгөрсөн оны 12-р сараас хойш коронавирусын халдварын улмаас нас барж буй иргэдийн тоо тасралтгүй буурч байсан ч өнгөрсөн долоо хоногоос эхлэн өсч эхэлжээ. 

Түүнээс гадна коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн иргэд коронавирусын халдвар авч буй тохиолдлууд бүртгэгдэж байгаа асуудал дээр шадар сайд  Татьяна Голикова, "Вакцин хийлгэсэн хүн халдвар авахгүй гэсэн зүйл байхгүй. Тийм тохиолдлууд ч цөөн хэд бүртгэгдсэн." гэжээ. Түүний хэлж байгаагаар коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан хүн халдвар авсан ч халдварын шинж тэмдэг хөнгөн илрэх аж. Тийм ч чраас сүргийн дархлаа үүсгэхийн тулд иргэд вакциндаа идэвхтэй хамрагдах шаардлагатай байгааг шадар сайд онцолжээ. 

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хүн амын 19.7 сая нь коронавирусын вакцины эхний тун, 16. 1 сая хүн 2 дахь тундаа хамрагдаад байна. ОХУ-ын хүрээнд бүрэн тундаа хамрагдсан иргэд нийт хүн амын 5 орчии хувь байгаа ба сүүлийн өдрүүдэд Москвагийн бүс нутаг, Москва хотод коронавирусын эсрэг вакцинд хамрагсдын тоо нэмэгджээ. 

ОХУ-д иргэдийг коронавирусын эсрэг вакцинд хамруулах ажил өнгөрсөн 1-р сарын 18-наас эхэлсэн ба иргэдэд Н. Ф. Гамалеягийн нэрэмжит институтэд бүтээсэн Спутник-Ви, М. П. Чумаковын нэрэмжит шинжлэх ухааны академийн ЭпиВакКорона, КовиВак зэрэг вакцинуудыг тарьж байгаа юм. 

Өнгөрсөн баасан гарагт Москва хотын Эрүүл мэндийг хамгаалах алба Москва хотын эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэхийн тулд иргэд коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан эсвэл коронавирусын эсрэг дархлаатай байх ёстой гэсэн журам гаргаад байгаа бол Оросын зарим мужуудад үйлчилгээний салбарт ажилладаг иргэдэд  коронавирусын эсрэг вакцинд зайлшгүй хамрагдах шаардлага тавьж эхэлжээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа
mingolcom.mn

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.