
Францын шүүх Шведийн IKEA компанийг үйлдвэрчний эвлэлийн зарим гишүүд, ажилчид болон үйлчлүүлэгчдээ хууль бусаар мөрдөж, тагнаж байсантай холбоотойгоор ойролцоогоор 1.1 сая еврогоор торгожээ.
IKEA салбар дэлгүүрүүдийн дийлэнхийг эзэмшдэг Францын Ingka Group нь 2009-2012 оны хооронд хувийн мөрдөгчид болон цагдаагийн албан хаагчдад мөнгө төлж ажилчид болон үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийг цуглуулж, тагнаж байсан нь тогтоогджээ.
Тодруулбал, тус компани хууль бус аргаар ажилчдынхаа санхүүгийн хувийн мэдээлэл тэр дундаа банкан дахь хадгаламжийнх нь мэдээлэл, ямар автомашин унадаг, ямар байр орон сууцанд амьдардаг зэрэг мэдээллийг цуглуулж байсан ба эдгээр мэдээллээ тухайн ажилчны эсрэг, үйлдвэрчний эвлэлийн эсрэг болон гомдол гаргасан үйлчлүүлэгчийн эсрэг ашигладаг байсан нь тогтоогджээ.
Шүүх Ингка Группыг хүний хувийн мэдээллийг хууль бус, луйврын аргаар тогтмол цуглуулдаг байсан хэмээн буруутгаж, 1 сая еврогоор торгож, 100 мянган еврог хохирол барагдуулах зорилгоор төлөхыг үүрэг болгожээ.
Ингка Группын зүгээс болсон явдалд харамсч буйгаа илэрхийлэн, уучлалт гуйсан ба ийм зүйл дахин гарахаас сэргийлэх бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдэгджээ.
Францад IKEA дэлгүүрийн 34 салбар, цахим дэлгүүр, үйлчлүүлэгчдийг дэмжих төв үйл ажиллагаа явуулдаг ба нийт 10 мянга гаруй ажилчидтай аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.