Г.Батбаяр: Би Х.Тэмүүжин сайдын хүн байсан бол Г.Сарангэрэлээр ийм зүйл яриулахгүй байсан

Twitter Print
2014 оны 06-р сар 26-нд 17:39 цагт
Мэдээний зураг,

Г.Сарангэрэл гэх охин цагдан хорих 461-р ангид дөрвөн сар гаруй хоригдсоны эцэст уржигдар батлан даалтад гарсан. Түүний өмгөөлөгч Г.Батбаяртай уулзаж зарим зүйлийг тодруулснаа хүргэе.

-Г.Сарангэрэл гэртээ байгаа юу. Энд тэндээс дарамт шахалт хэр ирж байгаа бол. Хамгаалалт хийж байгаа юу?

-Г.Сарангэрэлд эрх бүхий албан тушаалтан юм уу ямар нэгэн этгээдүүдийн зүгээс халдлага үүсч магадгүй. Гэхдээ гайгүй байх. Гэртээ байгаа. Хүний эрхийн комисс, Тахарын алба гэх мэт байгууллагад хэдийгээр шүүгдэгч ч гэсэн хамгаалж өгөөч гэсэн байдлаар хандаж болно. Хар тамхи татсан хэрэгтэй нь холбоогүйгээр, хэн нэгэн этгээдтэй дотно харьцаанд орсон асуудлаараа хамгаалалт авч болно л доо.

-Г.Сарангэрэл охины бүхнийг дэлгэж ярьсан ярилцлагад итгэхээсээ илүү итгэхгүй байх хандлага нийгэмд их байх шиг. Хэн нэгний захиалгаар Х.Тэмүүжин сайдыг гүтгэж байна гэж үзэж буй хүмүүс байна. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Хэн нэгний захиалгаар гэдэг ч юм уу, дарамтанд орж ийм мэдээлэл хийж байгааг үгүйсгэхгүй. Хорих ангид байх хугацаанд нь тухайн хэргийг хянаж байгаа прокурор болон шүүгч нараас зөвшөөрөл авч байж хоригдож байгаа сэжигтэнтэй уулздаг. Тэгэхээр надад мэдэгдэхгүйгээр хэн ирж уулзсаныг хэлэх аргагүй. Би энэ хүний зөвхөн хар тамхины хэрэгт нь өмгөөлөгч хийж байгаа. Тухайн хүний хэнтэй дотно харилцаанд ордог байсан эсэх нь надад хамаагүй. Г.Сарангэрэл өөрөө хэн нэгэн этгээдтэй унтдаг байсан талаараа ярьж байгаа нь үнэн худал байх нь надад бас л хамаагүй. Хэрэг үүсээд шалгагдах үндэс болохгүй. Өөрөө энэ талаар ярих эрх нь харин байгаа.

-Х.Тэмүүжин сайдтай дотны харьцаанд ордог байсан гэдэг нь яг үнэн болов уу?

-Хэрвээ унтсан хэвтсэн асуудал нь үнэн байгаад, Х.Тэмүүжин сайд хүчирхийлсэн ч юм уу, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байвал Г.Сарангэрэл гомдлоо гаргах эрх нь нээлттэй. Одоохондоо унтсан, унтаагүй гэх асуудал тодорхойгүй байна. Ганцхан хүний үгээр энэ асуудал нотлогдохгүй шүү дээ. Хуулийнхаа хүрээнд шалгагдаад явах байх. Энэ асуудалд нь миний оролцоо байхгүй болохоор би сайн мэдэхгүй байна.

-Хэрвээ дотно харьцаанд орсон нь үнэн бол Х.Тэмүүжин сайдад насанд хүрээгүй хүнийг садар самуунд уруу татсан хэргээр хэрэг үүсэх үү?

-Эрүүгийн хуулийн 122.1 дэхь хэсэгт зааснаар 16 насанд хүрээгүй охинтой унтсан бол эрүүгийн хариуцлага хүлээх тухай заалт бий. Тэгэхээр 16 наснаас дээшээ бол хэнтэй унтах нь хувь хүний эрхийн асуудал болоод явчихаж байна. Түдэн наснаас эхэлж хүнтэй унтаж болно гэсэн заалт байхгүй ч гэсэн дээрх заалтаараа л хэрэг шийдэгдэнэ гэсэн үг.

-Х.Тэмүүжин сайд дуугүй байгаад байгаа болохоор энэ мэдээллийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэж болохоор байна шүү дээ?

-Төрийн хүний хувьд өөрийнхөө үзэл бодлыг юун түрүүнд хэлээд яахав, нотлох баримттайгаар дэлгэж тавина гэсэн бодолтой байгаа байх л даа. Түүнээс биш ямар нэг нотлох баримтгүй, үйл явдлын өрнөлийг дуусгалгүйгээр шууд сэтгэлийн хөдлөлөөр хандахгүй  л байх гэж бодож байна. О.Баасанхүүгийн хувь үйл явдлыг дуусаагүй байхад л хашгичаад эхэлдэг хүн шүү дээ. Тэр ч утгаараа хэд хэдэн алдаа гаргасан. Тийм болохоор сүүлийн үед дуугүй байхаар шийдсэн юм шиг байна.

-О.Баасанхүү гишүүн тантай холбоо барьсан уу?

-Үгүй. Манай үйлчлүүлэгчийн нэр төр, алдар хүнд, одоо үүсээд байгаа бүх нөхцөл байдал үүсэх суурийг тавьж өгсөн хүн. Хэн нэг хүнтэй унтсан, унтаагүй, хар тамхи татсан татаагүй гэх энэ бүх маргааны эхлэлийг О.Баасанхүү тавьсан. О.Баасанхүү зөвхөн өөрийнхөө нэр төр, алдар хүндийг өсгөх арга хэрэгслээ болгосон. Тийм болохоор хохирлоо нэхэмжилнэ.

-О.Баасанхүү гишүүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах хүсэлт тавьсан гэсэн үү?

-О.Баасанхүү гишүүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай хүсэлтийг Ёс зүйн байнгын хороонд гаргачихсан. Хүсэлтийн хариуг 15 хоногийн  дотор хариу өгөх ёстой. Энэ сарны 11-нд өгсөн хүсэлт. Тэгэхээр 26-наас өмнө авах ёстой юм. Энэ хүнийг УИХ-ын гишүүнээс татна татахгүй, хариуцлага тооцно тооцохгүй гэх утгатай хариулт өгөх ёстой. Хэрвээ татахгүй гэсэн хариулт ирвэл тухайн шийдвэрийг нь эрх бүхий албан тушаалтан захирамжилсан захиргааны акт байна гэж үзээд захиргааны хэргийн шүүхэд хүчингүй болгуулахаар хандах эрхтэй. Мөн МАХН-ын гүцэтгэх товчоонд “Танай нам шударга нам юм бол О.Баасанхүү гишүүнд ёс зүйгүй авирласан үйлдэлд нь хариуцлага тооцож өгөөч” гэх хүсэлт гаргачихсан. Ямар хариулт өгөх нь бас л тодорхойгүй байна.

-Таныг Х.Тэмүүжин сайдын хүн. Тиймдээ ч Х.Тэмүүжин сайд Г.Сарангэрэлийг өмгөөлүүлэхээр таныг сонгосон гэх яриа байна. Хэр үнэний ортой мэдээлэл вэ?

-Хэрвээ би Х.Тэмүүжин сайдын хүн байсан бол Г.Сарангэрэлтэй дотно харьцаанд орчихжээ гэх мэдээллийг Г.Сарангэрэлээр яриулахгүй, тараахгүй байх бүх арга хэмжээг авах байсан. Тийм биш болохоор өнөөдөр Х.Тэмүүжин сайдын эсрэг ийм мэдээлэл цацагдлаа. Намайг одоо хэний хүн гэж ярихыг мэдэхгүй байна.

-Г.Сарангэрэлтэй холбоотой энэ бүх асуудал Х.Тэмүүжин сайдтай холбоотой юу?

-Ер нь хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Г.Сарангэрэлийн хувьд нэр төр, алдар хүндийн асуудал нэг тусдаа асуудал. Х.Тэмүүжин сайдтай дотно харьцаанд ордог байсан нь бас тусдаа. Хар тамхины хэрэг нь нэг тусдаа юм. Гурван өөр маргаан байхгүй юу. Хүмүүс үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш Х.Тэмүүжин сайд унтаад, дээрээс нь хар тамхи татуулсан гэж ойлгох нь буруу.

-Шүүх хурал хэзээ болох вэ?

-Бүх өмгөөлөгчид хэрэгтэйгээ танилцаад дуусчихсан. Тиймээс шүүх хурлуудын завсар зайгаар товлогдоод тун удахгүй болох байх.

Б.БУРМАА

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.