Запорожье АЦС-д цахилгаан эрчим хүч тасарч, осол гарах аюултай нөхцөл үүссэнийг зогсоов

Twitter Print
2022 оны 08-р сар 26-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын зэвсэгт хүчний хяналтанд байгаа Украины Запорожье атомын цахилгаан станц өнгөрсөн пүрэв гарагт цахилгаан эрчим хүчгүй болж, осол гарах шахсан талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна. Түүний хэлснээр цахилгаан эрчим хүчний нөөц үүсгүүр байсан тулдаа Запорожье АЦС-ын ажиллагаа аюулгүй, хэвийн үргэлжилсэн байна.

Тулааны үеэр Запорожье АЦС руу цахилгаан түгээх шугам гэмтэж, станц цахилгаан эрчим хүчгүй болсон байна.

Запорожье нь Европын хамгийн том атомын цахилгаан станц бөгөөд оросууд болон украинчууд тус станцын ойролцоо тулалдаж, их буу, тэсрэх бөмбөг, пуужингийн цохилт үзүүлж байгаад олон нийт сэтгэл зовниж байна.

Ерөнхийлөгч В. Зеленский, "Хэрэв дизель үүсгүүрүүд асаагүй бол эсвэл станцын ажилчид шуурхай арга хэмжээ авалгүй, цаг алдсан бол бид бүгд цөмийн ослын үр дагаврыг амсаад сууж байх байсан юм." хэмээн онцолжээ. Запорожье АЦС-д цахилгаан эрчим хүч тасарсан анхны тохиолдол бөгөөд станцын эрчим хүчний хоёр блок цахилгаан эрчим хүчний сүлжээнээс тасарсан аж.

Олон Улсын Атомын Эрчим Хүчний агентлаг "атомын цахилгаан станцын аюулгүй ажиллагаанд цахилгаан эрчим хүчний нөөц эх үүсвэртэй байх нь нэн чухал" хэмээн онцолсон байна. Өнгөрсөн лхагва гарагт хиймэл дагуулаас авсан зурагнаас Запорожье АЦС-ын цөмийн реактор байрлаж буй блокийн дэргэд гал гарч байгааг харж болох юм.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Москва Украин болон Европын холбоог "цөмийн осол руу" түлхэж байна хэмээн Запорожье АЦС-д гарсан гэмтэлд оросуудыг буруутгажээ. Нөгөө талаас Оросын талаас томилогдсон орон нутгийн удирдлагууд Украины талаас үзүүлсэн цохилтын улмаас тухайн бүс нутаг цахилгаан эрчим хүчгүй болсон гэжээ.

Запорожье АЦС-ын орчимд цацраг идэвхт бодисын хэмжээ хэвийн байгааг орон нутгийн эрх баригчид онцолсон байна. Запорожье АЦС нь Украины нийт цахилгаан эрчим хүчний 1/5-ийг хангадаг ч цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс тасарсан байгаа нь Украин эрчим хүчний хямралд орох эрсдлийг нэмэгдүүлж байна.

Киев оросууд Запорожье АЦС-аас гарч буй эрчим хүчийг өөрсдийн цахилгаан түгээх сүлжээ рүү санаатайгаар шилжүүлэхийг оролдож байна хэмээн үзэж байгаа аж. Өнгөрсөн пүрэв гарагт Запорожье АЦС-ын ойролцоох Энергодар хотод тог, ус тасарсан хэмээн тус хотын дарга мэдэгджээ. Түүнчлэн Мелитополь, Херсон хотуудад мөн цахилгаан эрчим хүч доголджээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.