С.Оюун дэлхийн улс орнуудад Монгол улсын ногоон хөгжлийн бодлогоо танилцууллаа

Twitter Print
2014 оны 06-р сар 26-нд 10:19 цагт
Мэдээний зураг,

БОНХ-ийн Сайд, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч С.Оюун Байгаль орчны Ассамблейн чуулганы хуралдаанууд болон товчоог даргалж байна.

Ассамблейн хуралдааны хүрээнд болж буй “Ядуурлыг бууруулах, ногоон эдийн засгийн өсөлтийг хангах үйл ажиллагааны уялдаа холбоог бий болгох нь” арга хэмжээний үеэр НҮБ-ын байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлийн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, иргэний нийгмийн оролцоог хэлэлцэж, Монгол Улс, Буркина Фасо Улсад хэрэгжиж буй байгаль орчны санаачлага, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

БОНХ-ийн сайд С.Оюун төлөөлөгчдөд Монгол Улсын Засгийн газраас байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, “Ногоон эдийн засгийн хөгжлийн төлөөх түншлэл” НҮБ-ын санаачлагын хэрэгжилтийн талаар мэдээлжээ.

Түүнчлэн С.Оюун, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал А.Штайнер нар “UNEP Year Book 2014” номын нээлтэд оролцлоо. Уг номонд далай тэнгисийн ан агнуур, зэрлэг ан амьтан, ургамлын хууль бус худалдаа, агаарын чанар, арктикийн өөрчлөлт зэрэг өнгөрсөн 10 жилийн хугацаанд тулгамдаж байсан байгаль орчны гол асуудлыг тоймлон өгүүлсэн байна.

НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн дарга С.Оюун Хятадын Синхуа агентлагт ярилцлага өгч, Ассамблейг даргалагчийн хувьд тавьж буй зорилт, Зүүн Азийн орнуудын тогтвортой хөгжлийг хангах гол боломж, сорилт, Монгол, Хятад зэрэг Зүүн Азийн орнууд дэлхийн тогтвортой хөгжилд нэгдэхэд хийж болох тодорхой алхам, НҮБ-ын Байгаль орчны анхдугаар чуулганы дараа НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр уг бүтцийг НҮБ-ын хүрээнд хэрхэн бэхжүүлж болох зэрэг сэтгүүлчийн сонирхсон асуултанд хариулав.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.