Монгол улс НҮБ-ын Байгаль орчны ассамблейг удирдана

Twitter Print
2014 оны 06-р сар 26-нд 08:10 цагт
Мэдээний зураг,

Кени Улсын нийслэл Найроби хотноо НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төв байранд НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар хуралдаан 3 дахь өдрөө үргэлжлэн хуралдаж байна.

Ассамблей “Хүн бүр нэр төртэй амьдрах ёстой” гэсэн уриан дор зэрлэг амьтдыг хууль бусаар агнах, наймаалахын эсрэг, агаарын  бохирдлыг  бууруулах, байгаль орчны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, байгальд ээлтэй ногоон хөгжлийг санхүүжүүлэх арга  замууд, тогтвортой хөгжлийн зорилтууд зэрэг чухал асуудлыг хэлэлцэж байна. 2015 оноос хойшхи дэлхийн улс орны хөгжлийн зорилтууд түүн дотор тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээний асуудал ч Ассамблeйн анхааралд байна.

Ассамблейн анхны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин ногоон хөгжлийн Сайд Санжаасүрэнгийн Оюуныг НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгчөөр сонгосон. Ассамблейн Ерөнхийлөгч С.Оюун “Ойрын жилүүдэд дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлт болон  байгаль орчны тулгамдсан бусад олон асуудлаар ахиц дэвшил гаргаж, тогтвортой хөгжлийн замаар явахад чухал цаг үе байх болно. Хэдийгээр ус болон бусад ашигт малтмалын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа  ч эх дэлхий маань цорын ганц учир  Байгаль орчны Ассамблейн  үйл ажиллагааг үр дүнтэй, эрч хүчтэй удирдан явуулахад хүчин чармайлтаа дайчилж ажиллах болно” гэж мэдэгдсэн байна.

Уг хуралдаанд НҮБ-ын гишүүн 112 орны Байгаль орчны сайд нар, 170 орны шийдвэр гаргагчид, судлаачид, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл  1200 гаруй  төлөөлөгч оролцож байна.  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.