Бээжин-2022: Тамирчдын зүгээс олон тооны гомдол ирж байна

Twitter Print
2022 оны 02-р сар 07-нд 11:34 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Өвлийн Олимпын XXIV наадам зохион байгуулагдаж байгаа билээ. Коронавирусын цар тахалтай холбоотойгоор олимпын наадамд оролцож буй тамирчид дасгалжуулагчид зөвхөн бэлтгэл хийх, тэмцээн уралдаанд оролцох, тосгон руугаа буцах гэсэн маршрутаар зорчиж байгаа юм.

Бээжин-2022 наадамд оролцож буй тамирчдаас наадмын зохион байгуулалттай холбоотой олон тооны гомдол ирж байгааг олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд онцолж байна. Агаарын хэм өөрчлөгдөх нь олимпын наадмуудын үед элбэг тохиолддог асуудлуудын нэг ч Шведийн баг тамирчид гүйлтийн цанын тэмцээний эхлэх цагийг наашлуулахыг шаарджээ.

Шведийн цанын тамирчин Фрида Карлссоны оролцсон тэмцээн өдөр 4 цаг эхэлсэн ба тэмцээн дуусах үед даарсандаа дагжин чичирч, ухаан алдах шахсан хэмээн Шведийн зүгээс мэдэгджээ. Олон Улсын Цанын спортын холбооноос гаргасан журмын дагуу агаарын хэм Цельсийн - 20 хэмээс доош болсон тохиолдолд тэмцээнийг зогсоодог ба Шведийн тамирчин Фрида Карлссоны оролцсон тэмцээн явагдах үед Жанчхүү хотод ууландаа - 13 хэм хүйтэн байжээ. Шведийн баг тамирчдыг ахлаж буй Андерс Бистроем зүгээс агаарын хэм - 13 байсан ч хүйтэн салхитай байсан нь нөхцөл байдлыг хүндрүүлсэн гэж үзэж байгаагаа илэрхийлж, мягмар гарагт болох цанын тэмцээний цагийг наашлуулж, эрт эхлүүлэхийг хүсчээ.

Польшийн гүйлтийн тэшүүрийн тамирчин Наталия Малишевская коронавирусын шинжилгээнийх нь хариу эерэг гарсны улмаас тусгаарлалтанд орж, өнгөрсөн бямба гарагт болсон 500 м шорт трэкийн тэмцээндээ оролцож чадаагүй аж. Тусгаарлалтанд байгаа тамирчид 24 цаг дотор авах коронавирусын хоёр шинжилгээнийх нь хариу хоёулаа сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтнаас гарах ба зохион байгуулагчид Наталия Малишевскаяг тусгаарлалтнаас гаргасан байжээ. Гэсэн ч удалгүй шөнийн 3 цагт унтаж байхад нь өрөөнд нь орж ирж, алдаа гарсан байна хэмээн буцаад тусгаарлалтанд оруулжээ. Наталия Малишевская бухимдаж буйгаа илэрхийлэн, Бээжингийн Олимпын наадмын үеэр авсан шинжилгээний хариуны алинд нь ч итгэхгүй байгаагаа мэдэгдсэн байна.

Бээжингийн Өвлийн Олимпын наадамд оролцохоор ирсэн олон улсын баг тамирчдаас нийт 350 гаруй коронавирусын халдварын тохиолдол илрээд байгаа ба тэдгээрийн дийлэнх нь тусгаарлалтанд орж, тэмцээн уралдаандаа амжиж оролцож чадахгүй хэмээн эмээж байна. Финляндын хоккейн шигшээ багийн тамирчин Марко Анттила мөн адил тусгаарлалтанд байгаа ба Финляндын баг тамирчид Олимпын наадмыг зохион байгуулагчдыг тамирчинг нь ямар ч үндэслэлгүй тусгаарлаж байна хэмээн мэдэгджээ. Финляндын баг тамирчдын эмч Маарит Валтонен, "Анагаах ухааны талаас манай тамирчин бусдад халдвар тараах боломжгүй, өөр бусад улсын баг тамирчдад эрсдэл учруулахгүй." хэмээн мэдэгджээ.

ОХУ-ын биатлоны тамирчин Валерия Васнецова тусгаарлалтанд хүнд хэцүү нөхцөлд байгаа тухайгаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан ба тусгаарлалтанд байхад нь өгч байсан өглөө, өдөр, оройн хоол нь чанасан гоймон, ястай мах, төмснөөс бүрдэж байсныг нийгмийн сүлжээндээ бичиж байсан билээ.

Түүнээс гадна хүчтэй салхины улмаас даваа гараг хүртэл хойшилсон цанын тэмцээнд оролцож буй Германы тамирчид дасгалжуулагчид халуун хоол байхгүй байсныг шүүмжилжээ. Германы багийн дасгалжуулагч Кристин Швайгерийн хэлснээр тэмцээн болох газарт тамирчдад зөвхөн чипс, самар, шоколад зэргийг л бэлдсэн байсан ба ямар ч халуун хоол байгаагүй аж.

Олон Улсын Олимпын хороо эдгээр гомдлуудыг хүлээн авч, Бээжин-2022 Олимпын наадмыг зохион байгуулагчидтай тэдгээр асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа хэмээн коронавирусын халдварын улмаас тэмцээн уралдаандаа оролцож чадахгүй байгаа тамирчдын өмнөөс харамсч буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.