Хавдрын эсрэг дэлхий нийтээр мөрддөг гурван эмчилгээ бий, өвчтэй хүмүүсийн сэтгэлээр бүү тогло

Twitter Print
2020 оны 01-р сар 17-нд 15:16 цагт
Мэдээний зураг,

Хавдар гэж аюултай өвчин олон сайхан хүмүүсийг бидний дундаас авч явсаар л байна. Хавдар өвчинтэй хамгийн их зууралдаж хавдартай өвчтөнг ойлгож байдаг хүмүүс нь эмч нар бид гэж би хувьдаа үздэг. Хавдраар өвдөж шаналах сайхан залуу хүмүүстэй уулзаж, учирч, бас тэднийг хайрлаж харамсаж, сэтгэлдээ шаналж уйлж, хүч мөхөсдөж бууж өгч байсан эмчийн хувьд Монгол хүмүүс та бүхэнд хандан хэлмээр байна.

Хавдрын эсрэг Дэлхий Эрүүл Мэндийн байгуулагаас дэлхий нийтээр мөрддөг эмчилгээ нь:

  • Мэс заслын эмчилгээ

  • Хавдрын эсрэг химийн эмчилгээ.

  • Туяа эмчилгээ

Ийм гурван эмчилгээ байдаг юм. Хавдраар өвдөж шаналан байгаа өвчтөн дэлхийн хаана ч очсон энэ л гурван эмчилгээг хийж, хийлгэж байгаа. Сүүлийн үед дархлааны эмчилгээ, гений эмчилгээ гээд судалгааны шатанд судлагдаж байгаа эмчилгээний аргууд нь багаар мэдээлэгдэн, үр дүн бага багаар гарч байгаа гэж мэдээлэгдэж байгаа.

Үүний дотроос найдлага тавих хэмжээний үр дүн гарч байгаа гэж үзэж байгаа нь дархлааны эмчилгээ юм. Гэхдээ дээрхи гурван эмчилгээ шиг ДЭМБ-аар зөвшөөрөгдөж мөрдөгддөг эмчилгээ бас болоогүй. Гэтэл энэ сошиал, фэйсбүүкээр хавдар эмчилдэг бөө, бариач, ургамал ийм тийм юм гэж маш их мэдээ мэдээлэл явах юм. Энэ бүх мэдээлэл яг өвчтэй шаналж байгаа хүнд ямар их итгэл найдвар бас дарамт болдог гэж санана. Монголд Хавдарт сайн гэсэн бүрийг л хэрэглэж, хийлгэж үзлээ шал худлаа гээд уйлж суух өвчтөнг хархад хүртэл ямар хэцүү гээч.

Иймээс энэ олон хавдрын эмчилгээнд ийм тийм юм сайн гэдэг мэдээлэл оруулдаг хүмүүст хандан хэлэхэд хэдэн жилээр, ямар амьтанд судалгаа хийж туршин ямар үндэслэлээр хүнд хэрэглэн, хэдэн хүнд ямар аргаар яаж эмчилгээ хийж хэдэн хүнд үр дүн өгч хэдэн хүнд үр дүн өгөөгүй, тэр судалгаагаа дэлхийн ямар, юу гэсэн нэртэй сэтгүүлд тэр бүх мэдээллээ тавьж хүлээн зөвшөөрөгдсөн тухайгаа сайн оруулж мэдээллээ тавьж, хүмүүст хүргэж байхгүй бол, та өвчинтэй тэмцэж шаналан байгаа хүмүүсийн сэтгэлээр бүү тогло.

Хэрэв та бүхэнд дээрхи мэдээлэл шиг ул суурьтай, үндэслэлтэй,судалгаатай мэдээлэл байхгүй бол таны худлаа мэдээлэл чинь өвчтэй хүнд хайртай бүхэнтэйгээ хамтдаа өнгөрүүлэх багахан боловч их хүч орох сайхан дурсамж үлдээх сүүлчийн мөч, амьдралд хорогдон тэмцэж байгаа сүүлчийн хором бүрээс хулгай хийж байгаа нүгэлтэн болгож байгааг ойлго. Хатуу ч гэсэн үнэн үг, үнэн байдал нь хором хормоор хэмжигдэх хүнд хүлээн зөвшөөрөхөд хүнд хэцүү ч гэлээ тэр өвчтэй хүнд хайртай бүхэнтэйгээ хамт байх Нандин хором бас тэднийг хайрлах хайр юм шүү. Эмч хүн энэ бүхнийг мэддэг болохоор хэлэх дургүй ч үнэн байдлыг хэлдэг. Тэгвэл ийм нарийн хэмжүүр байхгүй байж элдэв дутуу хагас цуурхал тарааж бизнес хөөж, хавдар эмчлэнэ гэж мэдээ бүү цац‼ Жудагтай бай та минь гуйя. 

Жич: Сүүлийн үед Япон уруу хавдрын химийн эмчилгээний эм, тариа их асуух боллоо. Японд эмчийн эмчилгээний эм тариа нь заавал тухайн эмчийн хяналтанд дор жороор олгогдоно. Ялангуяа хавдрын эм тариа бол давхар давхар хяналттай маш хатуу цэгц тогтолцоотой, эмчилж буй эмчид нь шууд хариуцлага нь ирэхээр зохицуулагдсан тогтолцоо байдаг. Монголд байгаа шиг замбараагүй гэхэд болох тогтолцоо байхгүй тул Японд амьдарч байгаа хүмүүст захиад олддог амар хялбар юм бол эм тариа биш болно.

Лхагвадоржийн Энхтуяа, Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.