АНУ Мьянмарын цэргийн удирдлагуудын эсрэг хориг арга хэмжээ авна

Twitter Print
2021 оны 02-р сар 11-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Мьянмар дахь цэргийн эргэлтийг зохион байгуулсан Мьянмарын армийн удирдлагуудын эсрэг хориг арга хэмжээ авах тухай мэдэгдсэн байна.

Хориг арга хэмжээнд Мьянмарын цэргийн удирдлагууд, тэдний гэр бүлийнхэн болон хамтран ажилладаг компаниуд багтах ба Мьянмарын арми АНУ дахь Мьянмарын засгийн газрын 1 тэрбум ам. доллар бүхий санд нэвтрэх эрхгүй болсон байна. Ирэх долоо хоног гэхэд АНУ-ын эрх баригчид Мьянмарын цэргийн эргэлтийг зохион байгуулсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргах ба Вашингтон Мьянмар руу экспортлох бараа бүтээгдэхүүнд хатуу хяналт тавих аж.

Түүнчлэн Ерөнхийлөгч Жо Байден Мьянмарын цэргийн удирдлагуудаас улс төрийн хоригдлууд тэр дундаа Аун Сан Су Чийг даруй суллаж, төрийн эрхийг ардчилсан засаглалд шилжүүлэхийг шаарджээ. Цэргийн эргэлтийг эсэргүүцэж, Ардчиллын төлөөх үндэсний лиг намын тэргүүн Аун Сан Су Чийг суллахыг шаардсан өнгөрсөн мягмар гарагт болсон иргэдийн эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар жагсагчдын эсрэг даралттай ус шүршигч, резинэн сум, нулимс асгаруулагч хий зэргийг ашиглажээ.

US threatens Myanmar sanctions after coup | 7NEWS.com.au

Түүнчлэн жагсаалын үеэр нэгэн эмэгтэй толгойдоо буудуулан эмнэлэгт хүргэгдсэн ба түүний биеийн байдал маш хүнд байгаа талаар гэр бүлийнхэн нь мэдэгджээ. Эмч нарын мэдээлснээр эмэгтэйн толгойны шарх нь галт зэвсгийн сумнаас үүсэлтэй ба энэ нь цагдаа нар жагсагчдын эсрэг галт зэвсэг ашигласан байж болзошгүйг илтгэж байна.

Мьянмарын цэргүүд иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаантай холбоотойгоор олон тооны нэгжлэг шалгалт хийж, иргэдийг баривчлан саатуулж байгаа тухай ажиглагчид мэдээлж байна. Тодруулбал Мьянмарын цэргийн эргэлтийг эсэргүүцсэн орон нутгийн удирдлагууд, сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчдыг баривчилсан байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.