БНХАУ улсын зардлаар олон мянган залууыг гадаадад сургаад, алдаж байсан гашуун туршлага бий

Twitter Print
2023 оны 05-р сар 20-нд 10:16 цагт
Мэдээний зураг,

Улсын хөрөнгөөр "тоглуулахгүй"

БНХАУ улсын зардлаар олон мянган оюутан залуусаа гадаадад сургаад, өнөөх “бэлтгэгдсэн” хэдийгээ тухайн улсад нь бүрмөсөн алдаж байсан гашуун туршлага бий. Харин “айхтар” улсууд болохоороо алдаагаа тэр дор нь засаад, одоо гадаадад төгсөгчдөө эх орондоо авчирдаг, бүрэн “ашигладаг” болсон нь хатуу хэрэгждэг хууль дүрэм, түүнчлэн эдийн засгийн хөгжил, өндөр цалин хөлс өгч чаддаг болсонтой холбоотой. Хятадын үндэсний тэтгэлгийн хороо (The China Scholarship Council) манайхаар бол эдүгээ дуулиан тариад буй БЗС-тай төстэй байгууллага, Хятадын боловсролын яамны шууд харьяанд байдаг ашгийн бус байгууллага, Хятадын иргэд гадаад улс оронд суралцах, гадаадын иргэд Хятадад суралцах явдлыг зохион байгуулах, хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэх, хянах үүрэгтэй байгууллага. За мэдээж төрийн өмчийн их дээд сургууль, судалгааны байгууллагаас шалгарсан тэргүүний залуусаа гадаадын их дээд сургуульд бүх шатны боловсрол олоход тусалдаг ийм байгууллага. Бараг 10-20 мянган өрсөлдөгчийг “нам суулгаж” байж гадаадад явах эрх олж авдаг тул өнөөх хэдэн “гавлууд”-ыг нь гадаадын мөнгөтэй компаниуд замаас нь урвуулчих гээд байдаг зовлонтой. Яаж сонгон шалгаруулдаг талаар ярихгүй, харин “улсын мөнгөөр” гадаадад сурчаад эргэж ирээгүй бол яадаг талаар сонирхлоо.

Улсын хатуу захиалгаар явдаг тул тэд ирээд тухайн заасан газар “2 жил” өчиггүй ажиллах ёстой. Гадаадын их дээд сургуульд явахын өмнө “барьцааны мөнгө” өгдөг байснаа сүүлийн жилүүдэд “хүний эрх” энэ тэр гээд бас харьцангуй зөөлөрсөн гэнэ. Харин тухайн суралцагч гадаадад Хятад улсын төрийн мөнгөөр сурчихаад эх орондоо эргэж ирээгүй, заасан газарт ажиллаагүй, мөн төлбөрөө эргэн төлөөгүй бол “гэрээ зөрчсөн”-ий мөнгөө 100% улсдаа төлөх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл тухайн суралцагчид гадаадад суралцах хугацаанд улсаас гаргасан бүх зардлыг 100% төлүүлнэ. Тэгээд бас болоогүй ээ, дээр нь гэрээ зөрчсөний торгууль хэмээн дээрх зардлын 30% нэмэгдэж орж ирдэг.

Манайхан 1990 -ээд оны сүүлчээс БЗС-аас зээл авч гадагшаа өндөр хөгжилтэй орнууд руу суралцахаар явдаг болсон. БЗС-ийн арай устгагдаагүй байгаа хэдэн баримтаас харахад, ихэнх нь 30.000 USD төлөх ёстой мэт тоо харагдаж байна. Тэгвэл Хятадын жишгээр тооцоод үзвэл, (жишгээр ч юу байхав, хууль хэрэгждэг стандартаар авч үзвэл) өнөөх гадаадад сурсан “бадрангуй нөхдүүд” 30.000+ 30% буюу 9000 USD, нийт 39.000 USD эргээд улсдаа төлөх ёстой байжээ. Хууль дүрэмтэй, бүх юм нь байр байрандаа, цэр нь цээжинд, бөөр нь бөгсөндөө байдаг улсад ингэдэг л юм байна. Төгссөн, суралцсан сургуулиудыг нь харвал үнэхээр өнөө цагийн топ сургуулиуд байнаа. Тэд одоо хаа байна? Төрийн албанд баахан зөв бичих ч чадваргүй нөхдүүд нэмэгдсэн сурагтай байсан. Арай тэд биш байгаа? Монголын анхны сэхээтэн залуус 1920-оод онд баруунд суралцаж ирээд эх орондоо их гавьяа байгуулсан бахдам түүх бидэнд бий.

Хятадын үндэсний тэтгэлгийн хорооноос сонгон шалгаруулсан гадаадад суралцагсдын 70% нь мэдээллийн технологи, ХАА-н өндөр шинэ техник, амьдралын шинжлэх ухаан, хүн амын эрүүл мэнд, материал, шинэ материал судлал, эрчим хүч, байгаль орчин, инженерчлэл, ДХБ-тай холбоотой шинжлэх ухаан зэрэг 7 том чиглэл, салбараар суралцсан юм байна. Харин манай “улс төрчдийн” гэх тодорхойлолттой нөхдүүд ямар чиглэлээр сурав гэдгийг асуух л ёстой.

Миний хувьд одоо Тайванийн үндэсний их сургуульд сурч байна. Тэр 30 мянга нь надад олдсон бол ажил хийх цагаа багасгаж, судалгаандаа ахиухан цаг зарцуулж болох байж дээ гэж бодохоор гомдолтой ч юм шиг, гээд одоо яахав дээ.

Хятадын үндэсний тэтгэлгийн хорооны нэг нөхөр “Бид улсын хөрөнгийг “зээл” болгон хувиргахгүй. Тийм боломжгүй” гэсэн ярилцлага өгсөн байна. Би дотроо бодлоо. “Харин манайд бол эсрэгээрээ БОЛНО, төрөөсөө мөнгө зээлж аваад, дараа нь дансаа шатаачихна” Тэгээд л энэ бүхэн удахгүй мартагдана даа. Уйтай...

М.Мөнхжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (154.6.91.5) 2023-05-20 12:15
      • 0
      • 0

      Үнэн дампуу улс даа. Ём зүй гэж түй ч байхгүй.

      Хариулах