Аргын тооллын нэгдүгээр сарын 17-нд өвлийн адаг сарын шинийн 15-ны Дүйчин тохиож байна

Twitter Print
2022 оны 01-р сар 17-нд 08:03 цагт
Мэдээний зураг,

Аргын тооллын 1-р сарын 17-нд өвлийн адаг сарын шинийн 15-ны Дүйчин тохиож байна.

Шинийн 15 : Аюуш бурхны заларсан өдөр. Эл өдөр аливаа хийсэн буян сая болон үрждэг ба найман аюул буюу арслан, араатан амьтад, гал, луу, хулгай, аянга, ус, махчины аюулд өртөхгүйгээс гадна Очир там-д төрдөггүй гэдэг.

Бие, хэл, сэтгэл гурвын буруу явдлаас болж л жаргалтай амьдралынхаа төлөв түвшин байдлыг алддаг.

Энэ өдөр уламжлалт ёсоор махан хоолыг тэвчиж, буянт таван эрдэнэ малынхаа шим болсон цагаан идээгээ зооглож, эрүүл мэндээ тэтгэн, нас буянаа арвитгаарай.

Цаглашгүй насан хутагт ертөнц дахиныг ивээгч

Цаг бусын үхэл эндэл бүхнийг дарагч

Аль дорой буурайд авралын мутраа сунгадаг

Арилан дэлгэрсэн Аюуш бурхан танаа мөргөмү.

УРТ НАСЛАХЫН ЕРӨӨЛ ХАЙРЛАГЧ АЮУШ БУРХАН

Монголчууд хүмүүний урт наслахын бэлгэдэл Цагаан дара эх, Жүгдэрнамжил, Аюуш бурхадыг Цэлханамсүм буюу насны гурван шүтээн хэмээн эртнээс шүтэж бүтээдэг байжээ.

Цаглашгүй нас буянт Цэнд-Аюуш бурхан нь диваажингийн орноо орших Авид бурханы хувилгаан бөгөөд санскритаар Амитаюс, төвдөөр Цэбагмид (Монголчууд Цэвэгмид гэж дууддаг) хэмээнэ.

Хүний амьдралд аз жаргал, насан хутгыг оршоогч гадаад үйлийг эрхэмлэн зохиогч "Үйлдвэрийн үндэс" буюу "Жажүд" ёсны, цэцгийн язгуурын амирлангуй Ядам юм.

Мутартаа залсан алтан бумбат рашаан нь үхэлгүй мөнх насыг, галбирваас зандан мод нь мөнх амьдралыг билэгдсэн бөлгөө. Аюуш бурхан бадмаараг эрдэнийн улаан өнгөт лагшинтай, амирлангуй дүртэй, нэг нигүүрт, хоёр мутраа тэгш агуулан насны бумбыг галбирваасан модоор чимж барьсан, үсээ жинсэлж боосон, торгон цээживч ба хормогчтой, эрдэнэ хэлхсэн титэм, сонорын чимэг, хүзүүний чимэг, хоолойвч, хөл ба гарын бугуйвч, сугавчлуур тэргүүтэн чимэгтэй, гэрэл цаглашгүй цацарсан, очир завилгаагаар лянхуан саран дэвсгэрт залардаг ажээ.

Энэтхэгийн их гэгээнтэн Нагаржунай богд энэхүү бурханыг шүтэж ихэнх сурвалж бичигт 100 орчим насласан гэж бичсэн байдагч Нагаржунайн зарим намтарт бүр 571 насласан тухай ч тэмдэглэсэн байдаг нь сонирхолтой.

Аюуш бурханыг шүтэгч хэн бээр түүний тарни:

"Ум намо багаа барийдий Авирмэдаа Аюурзанаа сувааний сизда зоро заяа аринза дата гади арилдий самниг самбудиа дадаяата, ум бунияа бунияа, маха бунияа, Авирмэдаа бунияа Авирмэдаа бунияа занаа самбару ваацэдий. Ум сарва сам гаарий баарий сэдадий, махани вари барий суухаа" хэмээн энэхүү 108 нэрс үгсийг хэн бичвээс, бичүүлвээс, нэрийн төдий сонсвоос, урьж уншваас, гартаа барин үйлдвээс таван завсаргүй цөвүүн цагийн үйлс нь огоот арилж найман түм, дөрвөн мянган номын цогцсыг үйлдсэн үйлдсэний хутгыг оршоосон болъюу.

Амьтны сүмбэр уул мэт овоорсон нүгэл хилэнцийн цогцос нь огоот арилах болъюу. Ад шулмас чөлөө хаалга эрвээс чөлөө хаалгыг олон зугтах болъюу. Аль дивангарын олон мянган бурхад гараа сунган татан авч бурханы улсад одуулж соёрхъюу хэмээн ерөөлийг талбиж гагцхүү саармаг цэцэн хийгээд алгасангуй найдангуйгаар бүү сэтгэгтүн хэмээсэн бөлгөө.

Сүсэглэн залбирсан шавь нарынхаа оройн тэргүүнээ

"Сүр жавхлант Цэвэгмид бурхан бээр баясгалантай оршигтун.

Язгуур үндэсний лам дээдэс нугууд бээр адистидлан соёрхоо.

Түмэн олон шавь биднийхээ биеийн өвчин, сэтгэлийн зовлон тэргүүтэн,

Түйтгэр барцад, гадна дотны харшлах нөхцөл бүгдийг амирлуулан,

Сайн хувь, насны буян хишиг, цог барилдлагын чуулганыг

Сайтар түгээн хотол төгсөөр арвижуулан дэлгэрүүлж соёрхоо."

Ахуй үесийн сайн буяны хүчээр диваажинд төрөхүй хийгээд

Аль санасан бүгд бүтэн, бурханы хутгыг түргэнээ олоход атистидлан соёрхо.

Аврал итгэлт Цэвэгмид бурханы "Ум"-ын гэрэл, рашааны хур бээр

Ашид шавь нарынхаа бие, хэл, сэтгэлнээ шингэх болтугай.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.