Нурууны үенд цүлхийлт эсвэл ивэрхий үүсэх, мэдрэл дарагдах гэж юу вэ?

Twitter Print
2022 оны 10-р сар 25-нд 15:52 цагт
Мэдээний зураг,

Нуруу хүзүү өвдлөө гэж ирж байгаа эмчлүүлэгч нарын маань ихэнх нь ийм өөрчлөлттэй, хагалгаанд ор гэсэн гэж хэлж ирдэг ч яг ямар өөрчлөлт биед нь илэрсэн бэ, ямар эмчилгээ шаардлагатай вэ, хэр удаан эмчлэгдэж байж эдгэх вэ гэдгийг сайн ойлгоогүй байх нь олон.

Эхлээд багана нурууны бүтцийн тухай товчхон ойлгоорой.

1. Хүзүүнээс ууц хүртэлх багана нуруу бол хүний бүх биеийн жинг үүрч ,үүнийхээ зэрэгцээ хөдөлгөөнийг зохицуулж байдаг гол тулгуур эрхтэн бөгөөд нурууны булчин, холбох эд, яс, нуруу хоорондын мөгөөрсний тусламжаар үйл ажиллагаагаа гүйцэтгэнэ. Хүний багана нуруу хүзүүний -7, сээр нурууны -12, бүсэлхий нурууны -5, ууцны нурууны -5, ахар сүүлний -4-5 нийт 33-34 яснаас тогтоно

2.Нурууны нугалмууд хоорондоо нурууны нугалам хоорондын мөгөөрс буюу / диск/ зөөлөн эдээр холбогдон мөн зааглагдаж байдаг.Энэ зөөлөн эд нь нь нурууны хөдөлгөөнийг уян зөөлөн болгож багана нуруунд, тухайлбал нугалмуудад ирэх ачааллыг багасгаж зөөлөвчний үүрэг гүйцэтгэж байдаг бөгөөд гадуураа фиброзон цагирган бүрхүүл бүхий гель маягийн бүтэцтэй байдаг.

3.Нурууны ясны хөндийгөөр явж байгаа нугаснаас салбарласан 33 салаа хос мэдрэлийн салаа байх бөгөөд энэ мэдрэлүүд нь мэдрэлийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй оролцдог. Тэгвэл яг дискний цүлхийлт гэж юу вэ?

Бодисын солилцооны хямрал, хөдөлгөөн багасах, гэмтэл авах, даарч хөрөх, буруу суух, удаан хугацаагаар зогсож сууж ажиллах, огцом ачаалал авах, байнга хэт ачаалалтай ажиллах, хөгшрөлт, таргалалт зэрэг олон шалтгааны улмаас нурууны 2 хажуугийн булчингууд чангаран, нугалам хоорондын зай эрс багассанаас эсвэл нурууны мурийлтаас нэг талдаа илүү ачаалал өгсөнөөс нугалам хоорондын зөөлөн эд нийтдээ эсвэл нэг талдаа шахагдсан гаднах цагирган фиброзон бүрхүүл нь гадагш түлхэгдэн, нугалмуудын их бие үрүү давж цүлхийнэ. Дискний цүлхийсэн хэсэг нь нугаснаас салбарласан мэдрэлийн салаануудыг хавчин дарснаас тухайн мэдрэлийн судлуудын мэдрэлжүүлдэг биеийн хэсэгт өвдөлт, бадайралт мэдрэгдэнэ. Удаан хугацаанд цүлхийлтийг эмчлэхгүй байснаас дискний гадна талын фиброзон цагираг бүрхүүлүүд урагдан гэмтэж цоорсноос доторхи гель маягийн бүтэц гадагш шахагдан бүлтийж ивэрхий үүсгэн хүндэрнэ. Өөрөөр хэлбэл ивэрхий бол цүлхийлтийн улам хүндэрсэн хэлбэр нь гэж ойлгож болно.

Нурууны бүсэлхий ууцны хэсэгт нугалмууд шахагдан ойртож үенд суулт үүссэн, үе рэт шохойжсон, зөөлөн эдийн цүлхийлт үүссэн, илэрхий болж хүндэрсэн үед: ууц чилэх, хөших, нуруу гэнэт татах,түнхээр хатгаж өвдөх,өвдөлт доошлон гуяны ар урд тал,тахим, шилбэ үрүү дамжин өвдөх, өвдөлт нь явах, ханиалгах,найтаах, дүлэх үед нэмэгдэх, тавхай, хөлийн хурууны хүч суларч тавхайн гадна, гарвал мөн гуя, шилбэний гадна дотно талаар өнгөц мэдрэхүй алдагдах, бадайрах, булчин зангирах, шөрмөс татах, хөдөлгөөн хязгаарлагдах, огцом хөдөлгөөн болон ачааллын үед гэнэт бүсэлхий нуруугаар өвдөх зэрэг шинж илэрнэ.

Харин ийм өвчнөөр өвдсөн хүмүүсийн хувьд өвчин эхэлж суулт дөнгөж үүсэж эхэлж байх үед илэрч байгаа нуруу чилэх, бөхийж тонгойход өвдөлт мэдэгдэх зэрэг эхний шинж тэмдгүүдийг анхаарахгүй, анхаарсан ч удахгүй гайгүй болчихдог гэж тоохгүй явсаар хүндрүүлээд бүүр үе хоорондын зөөлөн хүнд цүлхийлт, ивэрхий үүсч хүндэрсэн үед нь эмнэлэгт хандах нь их ажиглагдах юм. Эхний үёд өөрчлөлт багатай байвал уламжлалт болон эмийн эмчилгээнд эмчилгээнд амархан сайжрах боловч цүлхийлт ивэрхий үүсээд их удсан үед бариа заслын аргаар бус мэс заслын аргаар эмчлэгдэх хүртлээ хүндэрсэн байх нь элбэг. Тэгэхээр нуруугаа үзүүлж оношлуулж, ямар нэг өөрчлөлт байвал эртхэн, гүйцэт эмчлүүлж байгаарай. Нуруу зүрхнээс чинь дутахгүй чухал эрхтэн шүү.

ОХУ-ын Санкт-Петербург хотын “Мулахаста” дорно дахины бариа заслын төвийн мэргэжилтэн, уламжлалтын эмч Н.Алтанхундага

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.