Хандлага, сэтгэлгээний ялгаа

Twitter Print
2021 оны 06-р сар 19-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн сэтгэлгээ, дэлхийн хүмүүсийн хандлага “бид нэг дэлхийтэй, нэг байгальтай” гэдэг рүү чиглэчихээд байхад манай монголчууд өвөр зуураа хэрэлдээд, “чи хятадын эрлийз үү, манжийн бодлогыг хэрэгжүүлэгч, гадныхны гар хөл, хэдэн малаа үхүүлэх нь, чи өлсгөж алах гээ юу, чи юугаа мэддэг юм бэ ...” гэх мэтээр дайрч давшилж сэтгэлгээний нүд, оюун ухааны үүдээ хаачихсан мэт байх юм.

Нэг япон залуу Монголд ирээд хог түүж байна. “Та яагаад хог цэвэрлээд байгаа юм бэ?” гэж асуухад тэр япон “Монгол чинь дэлхийн нэг хэсэг шүү дээ, бидний амьдарч буй байгаль, амьсгалж буй агаар” гэж хариулсан. Сэтгэхүйн хувьд үнэхээр задарчихсан байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлтэй байхад бид нар хэтэрхий гоё ганган зүйл, мөнгө төгрөг, ашиг хонжоо харсан хэвээр л байна. Сэтгэхгүй бол, сэтгэлгүй бол аливаа зүйлийг хайрлаж чадахаа больчихдог.

Найз нөхдөөрөө, хамт олноороо ийш тийш аялж байгальд очихоороо “тухайн газрыг яаж ашиглах вэ, зүлгэн дээр нь яаж тухтай амраад явах вэ, аль болох их хэмжээгээр идэж ууя” гэж л бодохоос очсон газрынхаа байгалийг хайрлах тухай боддоггүй. Нэг удаа ажилтандаа липтон цайны гаднах хайрцагийг хаях гэхэд нь “хогийн сав руу битгий хий, хаягдал цаас хурааж буй хайрцаг руугаа хийчих” гэхэд учиргүй гайхан харж, тэгэх шаардлага байхгүй шүү дээ гэх царай гаргаж билээ. Шүдний оо, саван, баахуу цай, зөөврийн кофе, эм бэлдмэл гээд маш олон зүйлийн гаднах сав нь “цаас” байдаг. Тэрийг хогийн сав руу биш хаягдал цаас руу хийхэд тийм ч хэцүү биш, уг нь. Гялгар уутыг ч тусад нь цуглуулаад байж болно. Хандлага ба сэтгэлгээний ийм том ялгаатай бид нар цаашид яаж дэлхийн хүмүүстэй зэрэгцэх вэ.

“Эх орон” гэж хий хашгирч байдаг “эх орончдоос эх орноо хамгаалах цаг” болчихсон мэт. Дүр эсгэсэн тийм эх орончдыг популист улстөрчид чадамгай ашигладаг жишээ өнгөрсөнд олон байсан. Тэдгээр “эх орончид” өөрөөсөө бусад хэнийг ч доромжлоход бэлэн байдаг бөгөөд тэдний бамбай үг нь “газар шороо, нутаг ус, эрдэнэт мал, монгол хүн...” гэх мэтээр хөвөрнө. Ихэнх монголчууд маань өөрийнхөө өмнөх ажилд дарагдан “улс төр яах вэ” гээд сонирхохгүй, хаячихдаг учраас байж болох хамгийн “муу” хүмүүс сонгуулиар сонгогдон ард түмний толгой дээр гараад суучихдаг болсон. Бидний өнгөрсөн 30 жилийн түүх ийм л байсан.

Ч.Буянбадрах 

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.