Солонгосын хойг галд автсан тэр өдөр

Twitter Print
2020 оны 06-р сар 25-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр зургадугаар сарын 25-ны өдөр. Тэртээ 70 жилийн өмнө 1950 оны энэ өдрийн үүрээр дөрвөн цагт Умардын цэрэг Өмнөдийн нутаг дэвсгэрт нэвтрэн орсоноор нэг үндэстний цус асгаруулсан дайн дэгдсэн билээ. Энэ дайны эхлэл бүр 1945 оны зун тавигдсан байв. Дэлхийн хоёрдугаар дайнд Япон бууж өгөн, Солонгосын хойг чөлөөлөгдсөний дараа ЗХУ болон АНУ-ын цэргүүд хойгийг хуваан эзлэснээр 38-р өргөрөгөөр зааглан өөрсдийн нөлөөний бүсийг тогтоосон билээ. Үүний дараа удалгүй 1948 онд БНАСАУ, БНСУ гэсэн хоёр улс байгуулагдсанаар Зөвлөлт, Америкийн цэргүүд Солонгосын хойгийг орхин гарсан цаг үеэс тусгаарлагдсан үндэстнээ нэгтгэх зорилго хоёр талаас тавих болсоноор барахгүй Үндсэн хуулиндаа тусгасан аж.

Тухайн үеийн дэлхийн улс төрийн хоёр системийн шаргуу зорилтын дагуу АНУ 1948 онд Өмнөд Солонгосын армийг эмхлэн байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд улмаар 1950 онд батлан хамгаалах гэрээ байгуулжээ. Харин энэ үед ЗХУ-ын тусламжтайгаар Умардад мөн Солонгосын Ардын арми байгуулагдсан байна.

1948 онд Зөвлөлтийн цэргүүд хойгоос гарч явахдаа бүх зэвсэг, техникээ Умардын армид бэлэглэснээс гадна хэдэн зуун цэргийн зөвлөхүүдээ үлдээжээ. Ингээд Солонгосын хойгт хоёр томоохон арми байгуулагдсанаас хойш буюу 1948 оноос дайн эхлэх хүртэлх хугацаанд тусгаарлагдсан өргөрөг дагуу хэдэн зуун удаа том, жижиг олон удаагийн мөргөлдөөн  гарч байв.

1949 онд Умардын удирдагч Ким Ир Сен ЗХУ-д хандан, Өмнөд Солонгост руу довтлох тусламж хүсэж байсан бол Оросууд харин АНУ-тай илт сөргөлдөхийг хүссэнгүй. Учир нь энэ үед Америкчууд цөмийн зэвсэгээр далайлгасан их гүрэн болсон байлаа. Ийм эгзэгтэй цаг үед Солонгосын хойгт дайн эхлүүсэн шалтгаанаа Пхеньян Өмнөдийн цэрэг БНАСАУ -ын нутаг дэвсгэрт хоёроос гурван километр гүн цөмрөн орсны хариуд хийсэн үйлдэл хэмээн тайлбарлалаа.

АНУ-ын хувьд харин дайн огт санаанд ороогүй гэнэтийн явдал байсан бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Дин Ачесон үүнээс хэдхэн хоногийн өмнө дайн дэгдэх магадлал маш бага гэж Конгресст тавьсан илтгэлдээ дурдсан байжээ. 25-ны өдөр АНУ-ын Засгийн газар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцүүлэхээр оруулсан бөгөөд Зөвлөлөөс Өмнөд Солонгост цэргийн яаралтай тусламж үзүүлэх тухай тогтоол 27-ны өдөр гаргажээ. Тухайн үед уг тогтоолыг баталсан хуралдаанд ЗХУ -ын төлөөлөгч оролцоогүй бөгөөд учир нь НҮБ-д Хятадыг Гоминданыхан төлөөлөн сууж байгааг эсэргүүцэж Сталины заавраар хориг тавиад байв.

Ерөнхийлөгч Гарри Трумэн тэр өдөр Алс Дорнодын бүсэд ойрхон байрлаж байсан Америкийн агаарын болон тэнгисийн цэргийн хүчинд БНАСАУ-ын эсрэг байлдааны ажиллагаанд оролцох тушаал өгчээ. Долдугаар сарын 7-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл бүх гишүүн орнуудад хандан НҮБ-ын Олон үндэстний хүчний бүрэлдэхүүнд цэргээ оруулах уриалга гаргав. Уриалгыг 53 орон дэмжсэн бөгөөд 16 улс өөрийн цэргийг илгээсэн бол таван улс цэргийн эмнэлгийн багийг оруулжээ.

Дайны эхний шатанд Умардынхан Сөүл, Сувон, Тэжон, Нактоган болон Пусаны бүсэд байлдааны ажиллагаа амжилттай явуулж, Өмнөдийн нутгийн ихэнх хэсгийг эзлэн авчээ. Америк-Өмнөд Солонгосын холбооны цэрэг ухарсаар далайд шахагдлаа.

Энэ эгзэгтэй мөчид Пусаны түшиц газарт төвлөрөн байрласан Америкийн наймдугаар арми Өмнөдийн цэрэгтэй хамтран сөрөг давшилтад шилжсэн бөгөөд үүнтэй нэгэн зэрэг Америкийн аравдугаар корпус Умардын цэргийн ар талд далайн түшиц газар Инчонд десант буулгав. Холбоотнууд агаар болон тэнгист давамгайлж, мөн хуурай замын цэргийн хүчээр илүү байгаагаа ашиглан маш хурдан давшиж, алдсан байрлалаа эргүүлэн авсан байна.

Умардын арми томоохон ялагдал хүлээн ухарсаар... Есдүгээр сарын 28-нд НҮБ-ын цэрэг Сөүлийг эзлэн авч, улмаар цааш давшсаар аравдугаар сарын 8-нд 38-р өргөрөгийн зааглах шугамыг давлаа. Улмаар Америк-Өмнөд Солонгосын цэрэг аравдугаар сарын 11-нд өргөн хэмжээний давшилт явуулан, мөн сарын 23-нд Пеньян хотыг эзлэн авав. Үүний улмаас Умардын цэрэг фронтын зарим хэсэг дээр Солонгос- Хятадын хил хүртэл ухарлаа.

Холбоотны цэрэг хойгийг бүхэлд нь эзлэн авах аюул нэгэнт тулгарсан тул ЗХУ, Хятад хоёр Умардад туслахаар шийдлээ. Байдал маш хүндэрснийг мэдэрсэн Зөвлөлтийн засгийн газар Солонгос, Хятадтай хиллэх хилийн бүсэд 5 танкийн дивиз, Порт-Артур дахь Номхон далайн флотын анги нэгтгэлүүдийг татан байрлуулав. Маршал Родион Малиновскийн командалсан цэргийн бүлэглэл Умардынхны хувьд нэг ёсны ар талын бааз нь болж байлаа. 1950 оны аравдугаар сарын сүүлчээр маршал Пэн Дэхуйгийн командалсан Хятадын цэрэг Солонгосын нутагт орж ирлээ. Тэдгээр цэргүүдийг "хятадын ардын сайн дурынхан" гэж нэрлэсэн бөгөөд учир нь олон улсын зөрчилдөөн гарахаас болгоомжилсных гэдэг. Америкийн тусгай албад Хятадуудыг мөргөлдөөнд татагдан орно гэж огт тооцоолоогүй байсан учраас НҮБ-ын эвслийн цэргийнхэн ихээхэн хохирол амссан байна.

Хятад-Умард Солонгосын холбооны цэрэг хэд хэдэн байлдааны ажиллагааг амжилттай явуулсны дүнд НҮБ-ын эвслийн хүчнийг 38-р өргөрөг хүртэл, 1951 оны нэгдүгээр сарын эх гэхэд 37-р өргөрөг хүртэл ухраажээ. Харин арваннэгдүгээр сард Зөвлөлтийн агаарын цэргийн хүчний 64-р корпусын МиГ-15 сөнөөгч онгоцууд тулалдаанд орсон байна. Онгоцны их бие дээр Умардын таних тэмдэг тавьсан байлаа. Оросуудын тийрэлтэт онгоцууд  НҮБ-ын эвсэл, Америкийн нисэх хүчинд асар их хохирол учруулсан бөгөөд байдал маш хүндэрснийг ойлгосон НҮБ-ын эвслийн цэргийн командлагч Дуглас Макартур эрс шийдвэртэй арга хэмжээ авах эцсийн шатанд хүрч цөмийн зэвсэг хэрэглэх шаардлагатай болсон тухай мэдээллийг Вашингтон руу илгээв. 1950 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Ерөнхийлөгч Трумэн "шаардлага гарвал АНУ цөмийн дайн эхлүүлнэ" гэсэн шуугиан тарьсан мэдэгдэл хийлээ. Харин хожим тодорхой шалтгаанаар уг төлөвлөгөөнөөсөө татгалзжээ.

Ингээд, 1951 оны нэгдүгээр cap гэхэд Хятадын болон Умардын цэргүүд Сөүл хотыг дахин эзлэн авав. Үүний дараа талууд бие биенийгээ эзэлсэн байрлалаас нь ухраах гэж хэдэн сарын турш тулалдсан боловч ямар ч амжилтад хүрсэнгүй. 1951 оны долдугаар сард фронт дээр байдал намжиж, анх дайн эхэлсэн зурвас буюу 38-р өргөрөг орчмын бүсэд зөвхөн эцсийн ашигтай байрлал эзлэх тулаанууд явагдаж байлаа. Ингээд хоёр тал долдугаар сараас эхлэн гал зогсоох хэлэлцээр хийж эхлэв. Гэвч энэ үед тулалдаан үргэлжилсээр байсан билээ. Нэг талаас Америкийн тэнгисийн цэргийн нисэх хүчин болон агаарын хүчин, нөгөө талаас Зөвлөлтийн 64-р корпусын сөнөөгч онгоцууд оролцсон томоохон хэмжээний агаарын тулалдаанууд болж байлаа.

1953 оны хавар Сталиныг нас барсны дараа зөвлөлтийн удирдлага дайныг зогсоох шийдвэр гаргасан учир Хятад, Умард Солонгосын холбооны цэргийн хүч цаашид тулаанаа үргэлжлүүлж чадахгүй нь ойлгомжтой болсон юм. Ингээд 1953 оны долдугаар сарын 27-ны өдөр Панмынжон сууринд гал зогсоох гэрээ байгуулагджээ.

Дайны явцад АНУ-ын талаас 54 246 хүн амь үрэгдэж, 103 284 хүн шархадсан байна. Хятадын армийн албан хаагчдаас нэг сая орчим хүн алагдаж, шархадсан байна. Хамгийн аймшигтай хохирлыг Солонгосын ард түмэн амссан бөгөөд 2.5 сая Солонгосчууд амь үрэгдсэнээс 84 хувь нь энгийн ард иргэд байжээ.

 

 
 
Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.