Колумбын залуус А.Эскобарын сүнсийг баярлууллаа

Twitter Print
2014 оны 06-р сар 25-нд 10:02 цагт
Мэдээний зураг,

“Бразил 2014” хөлбөмбөгийн дэлхийн аваргын хэсгийн тоглолтууд өндөрлөх шатандаа орлоо. Урд шөнө “С”, “D” хэсгийн сүүлийн тоглолтууд болоход Уругвай, Грек шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авлаа. Үүнээс өмнө Коста Рика, Колумб хэсгээ тэргүүлэх нь тодорхой болоод байв.

Дэлхийн аваргын хамгийн сул хэсэг нь “С”, “Н” групп байлаа. “С” хэсэгт гурван тэмцээн өнжсөн Өмнөд Америкийн Колумб, Азийн аварга Япон, Африкийн хөгшин заанууд, “Ариун Иллиад” нутгийн хөлбөмбөгчидтэй өрсөлдсөн аж.

1994 оны дэлхийн аваргад А.Эскабор өөрийн хаалгандаа гоол алдаж шигшээ баг нь тэмцээнээ дуусгаж байсан. “АНУ 94”-ын дараа Андрес эх нутагтаа очсон боловч нэгэн галзуу хөгжөөн дэмжигч түүнийг буудаж алсан билээ. Тэр цагаас хойш Колумбын хөлбөмбөгийн холбоо уналтанд орж сайн тамирчид гарч ирээгүй. Аймшигт аллагын дараа хөлбөмбөгөөр хичээллэх нь амь насанд халтай гэсэн ойлголт нийгэмд тархаж Колумб “Франц 98”-д оролцсон ч хэсгийн шатнаас хасагдсан. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч 2002, 2006, 2010 оны дэлхийн аваргыг өнжиж 2014 оны сонгон шалгаруулалт эхэлжээ.

20 жилийн өмнөх хар дарсан зүүд шиг явдлыг Колумб даяар мартаж тэр үед хорвоод мэндэлж байсан бяцхан жаалууд өнөөдөр шигшээ багийнхаа өмсгөлийг өмссөн нь “амьдрал гэдэг ийм л гайхамшигтай” гэж хүн болгон дуу алдан хэлэх ч багадах юм. Аймшигт тэр өдрийг улам мартуулахаар ямар ч айдасгүй С.Ариас, Д.Оспина, В.Ибирбо, Х.Родригес нар “Бразил 2014”-т цахиур хагалахаар ирсэн нь энэ байлаа. Тэд үүргээ биелүүлж Колумб “С” хэсгээ тэргүүлж шөвгийн 16-д Уругвайтай оноолт таараад байна.

Хөлбөмбөг гэдэг хэний ч таамаглаагүй сонирхолтой тохиолдолоор дүүрэн байдаг. Европ тивд хүн төрөлхтний их спорт өндөр түвшинд хөгжиж улс орнууд нь өвөл, зуны Олимп, хөлбөмбөгийн тэмцээнд тогтмол амжилттай оролцдог. Энэ утгаараа Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн хамгийн нэр хүндтэй бас өрсөлдөөнтэй болдог. 1960 оноос хойш Герман, Испани, Франц зэрэг улсууд түрүүлж байсан бол Англи, Португал, Швед өнөөдрийг хүртэл алтан медаль хүртээгүй л байна. Португал улс 2004 онд Европын аваргын тэмцээнийг зохион байгуулсан. “Евро 2004”-ын өмнө “Грекийг түрүүлнэ” гэж хэлсэн хүнийг “мэдрэл муутай” гэх байлаа. Гэтэл “бөмбөг дэндүү бөөрөнхий, цаас амьдрал хоёр” өөр байдгийг “ариун Иллиад” орныхон харуулж чадсан.

Арван жилийн өмнө Португал, Франц, Чехийг хожиж Буурал тивд түрүүлсэн Грекийн шигшээ 2014 оны дэлхийн аваргын нокаут шатанд үлдлээ. 1994 онд АНУ-д болсон “World cup”-т Грек анх удаа дэлхийн аваргад мөрөө гаргасан бол 2010 онд хоёр дахь удаа оролцож байлаа. Гурав дахь удаагаа оролцоод хасагдах шатанд шалгарсан тэд Төв Америкийн төлөөлөл Коста Рикатай оноолт таарав. Тамирчдын ур чадвар, туршлага, амжилт зэрэг нь бараг л адилхан хоёр баг таарсан нь дэлхийн аваргыг улам сонирхолтой болгож байна.

Харин сүүлийн хоёр дэлхийн аваргад “үхлийн хэсэг”-т орж жийгдээд байсан Кот д‘Ивурт “аз” илгээгээд ч ашиглаж чадсангүй. Ийм хэсгээс хоёроор ч болтугай гарчих ур чадвар, туршлага Д.Дрогбагийн залууст байсангүй. 2006, 2010 онд Аргентин, Голланд, Бразил, Португалыг яаж аргалах байсан юм гэж хэлж байсан тэд дөрвөн жилийн даруухан Грекийг хожилгүй нутаг буцаж байна. “Челси”-гийн амьд домог Д.Дрогбагийн сүүлийн дэлхийн аварга байсан ч “Заанууд” хэнд ч гомдох эрхгүй билээ.

Японы шигшээ тивдээ л сайн юм байна. Харин дэлхийд өрсөлдөх хэмжээнд очих болоогүй гэдгийг нь “Бразил 2014” харууллаа. Нуруу нам, ихэнх тамирчид нь гоол оруулах ур чадвар, мэдрэмж бараг л байхгүй Наран улсын хөлбөмбөгчид ойрын 20 жилд дэлхийн аваргад өндөр амжилт гаргаж чадахгүй. Үүний шалтгаан нь “хөлбөмбөгийн унаган” орон биш юм.

Дэлхийн аварга бүрт “үхлийн хэсгийн золиос” гэж байдаг. Хамгийн ойрын жишээ гэвэл 2002 онд Ази тивд болсон тэмцээнд “F” групп үхлийн хэсэг байлаа. Аргентин, Англи, Швед, Нигери халз тулалдаж Швед, Англи тэмцээнээ үргэлжлүүлсэн. Харин Аргентин харамсалтайгаар жийгдэж байв. Энэ удаад ч “үхлийн хэсгийн золиос” нь “Алтан дагина” өргөсөн хоёр шигшээ баг байлаа. Англи эхний хоёр тоглолтонд дараалан хожигдож тэмцээнээ дуусгасан бол Итали шийдвэрлэх тулаандаа ялагдал хүлээлээ. Ер нь Италийн хөлбөмбөг иймэрхүү нөхцөл байдалд ялалт байгуулах нь ховор байдаг. Ялсан тохиолдол байдаг ч ялагдсан нь их юм. Эцэг өвгөдийнхөө түүхийг энэ удаад ч давтаж Уругвайтай хэн хожсон нь нокаут шатанд үлдэх тоглолт хийгээд 1:0-ээр ялагдсан юм. 2006 онд түрүүлсэн ч түүнээс хойш Итали хоёр тэмцээн дараалан хэсгээсээ хасагдаж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.