Азовсталь үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж дууссан гэв

Twitter Print
2022 оны 05-р сар 09-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Украины Мариуполь хотод байрлах Азовсталь гангийн үйлдвэрт байсан эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшдийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлж дууссан талаар Украин болон ОХУ-ын талаас мэдээлж байна.

Азовсталь үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа 7 хоногийн өмнө эхэлсэн ба уг ажиллагааг НҮБ Олон улсын Улаан Загалмайн нийгэмлэгийн хамтаар зохион байгуулсан билээ.

Азовсталь гангийн үйлдвэр нь ОХУ-ын зэвсэгт хүчнийхний хяналтандаа авч чадаагүй Мариуполь дахь цорын ганц объект бөгөөд ОХУ-ын зэвсэгт хүчний зүгээс үйлдвэрийг бүсэлж, тасралтгүй цохилт үзүүлж байгаа ч үйлдвэрт байгаа Украины цэргүүд эсэргүүцэл үзүүлсээр байгаа юм. Үйлдвэрт байсан энгийн иргэдийг хаашаа нүүлгэн шилжүүлсэн нь тодорхойгүй байгаа ч Украины Ерөнхий сайдын орлогч уг ажиллагаа дууссан хэмээн мэдэгдсэн байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус ажиллагааны үеэр нийт 300 гаруй энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсэн хэмээн мэдэгдсэн бол ОХУ-ын тал үйлдвэрээс 51 хүнийг гаргасан хэмээн мэдэгджээ.

Мариуполь боомт хотыг хяналтандаа авах нь ОХУ-ын хувьд чухал ач холбогдолтой бөгөөд Мариуполь нь Крымийн хойгийг Донбассын бүс нутагтай холбох гүүр болж, ингэснээр оросууд Украины Хар тэнгистэй хиллэдэг бүс нутгийн 80 гаруй хувийг нь хяналтандаа авч байгаа аж.

Нөгөөтэйгүүр Мариуполь хотыг эзлэхийн тулд ОХУ-ын зүгээс агаар болон газраас тасралтгүй цохилт өгч, тус хотын байшин барилгуудын 90 гаруй хувийг нь газартай тэгшилжээ.

Азовсталь үйлдвэрээс иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдахтай зэрэгцэн Украины Харьков хотод тулаан ширүүсчээ.

Украины зэвсэгт хүчнийхэн оросуудын хяналтанд орсон бүс нутгуудаа эргүүлэн авахаар сөрөг довтолгоогоо эрчимжүүлсэн ба Харьковын ойролцоо байрлах 5 тосгоныг хяналтандаа авч чаджээ.

ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн өнгөрсөн 2-р сарын 24-ны өдрөөс хойш Харьков хотыг эзлэхээр оролдож байгаа ба Украины зэвсэгт хүчнийхэн амжилттай эсэргүүцэл үзүүлсээр байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.