Н.Тэгшбаяр: Нэр хүнд, мөнгө бодсон зарим хүмүүсийн далд пиар яваад байгааг үгүйсгэхгүй

Twitter Print
2014 оны 06-р сар 24-нд 18:01 цагт
Мэдээний зураг,

“Уран, шар нунтгийн талаар Монголын эрдэмтэд” сэдэвт сургалт семинар өнөөдөр боллоо. Тус семинарийг Цөмийн энергийн газар, Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, ШУТИС байгууллагууд хамтран зохион байгууллаа. Сургалтын сэдэв нь Ураны нөөцийн тухай мэдээлэл, шар нунтгийн олборлолт болон байгалийн цацраг идэвхжил, ураны хүдэр олборлох үе шат эдийн тогтолцоо гэсэн асуудлаар илтгэл тавилаа.

УИХ-аас цөмийн энергийн талаар баримтлах төрийн бодлого 2009 онд гарсан. Энэ бодлогынхоо үндсэн дээр Цөмийн энергийн тухай хуулийг баталсан байна. Тус хуульд “Монгол Улс ураны хайгуулын ажил хийж, олборлож болно” гэж заасан байдаг. Энэхүү хуулийг өдий хүртэл өөрчлөөгүй юм байна.

Харин иргэд уран олборлолтын талаар буруу мэдээлэлтэйгээс үүдэж нийгэмд буруу ойлголт төрөөд байгааг судлаачид онцолсон.

Тэд иргэдэд үзэл бодлоо тулгах бус харин шороо тоосгүй орчинд амьдрахын тулд ураныг олборлож, цөмийн цахилгаан станц барих нь зүйтэй гэдгийг дурдлаа.

Н.Тэгшбаяр: Нэр хүнд, мөнгө бодсон зарим хүмүүсийн далд пиар яваад байгааг үгүйсгэхгүй

Цөмийн Энергийн газрын дарга Н.Тэгшбаяртай уулзлаа.

-Монгол Улсын Засгийн газраас төрийн бодлогод Ураныг олборлох боломж байгаа гэдэг. Үр ашиг гэхээс илүү аюулгүй байдал талаас ямар боломжууд байгаа юм бэ?

-Хүмүүс ураныг зөвхөн мөнгөний төлөө олборлож хөгжүүлж, цөмийн технологийг хөгжүүлж байна гэж бодоод байдаг. Мөнгөнөөс илүү чухал стратегийн ач холбогдол учраас цөмийн технологийг хөгжүүлэх нь дэлхий нийтийн тулгамдсан хийх зайлшгүй асуудлуудын нэг болоод байна. Манай хоёр дахь хөрш гүрнүүд атомын цахилгаан станцтай. Улс гүрнүүдэд цөмийн технологи өндөр хөгжсөн.

- Цаашдаа Цөмийн энергийн газар ямар бодлоготой байна вэ?

-Монгол Улсын гадаад бодлого тэр дундаа аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улс тусгаар тогтнол аюулгүй байдлаа дипломат аюулгүй байдлын чиглэлээр хамгаална гэж заасан байгаа. Энэ хүрээнд манай салбараар дамжуулж Монгол Улс бол цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ тодорхойлсноор олон улсад НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 5 гишүүн оронд цөмийн зэвсэггүй гэж зарлагдсан. Ингэж баталгаажуулснаар нэг ёсондоо Монгол Улсын аюулгүй байдал тусгай тогтнолын баталгаа гаргаж өгч байгаа гэсэн үг.

-Уран олборлох тал дээр иргэдийн байр суурь харилцан адилгүй байна. Олон улсыг дагалаа гэж эсэргүүцдэг?

-Бид бүхэн цэрэг, зэвсгээр биш яриа хэлэлцээр хүний оюун ухааны хүчээр тусгаар тогтнолоо хамгаалах нь гадаад бодлогын чиглэл хандлага, аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцэж байгаа гэсэн үг. Тэгэхээр манай салбар цаагуураа тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой энэ асуудлыг хэрэгжүүлэх амин сүнс болсон салбар юм. Ер нь манай салбарын нэрийг барьж далимдуулсан хэсэг бүлэг хүмүүс байх шиг байна. Алдар нэр, мөнгө олох гэсэн өөрийнхөө хувийн пиар хийх гэсэн мэргэжлийн бус хүмүүсийн буруу хандлага ч байгааг үгүйсгэх аргагүй юм. Энэ нь  нийгэмд иргэдийг буруу бодолтой болгон төөрөгдүүлж байгаа учраас би судалгааны мэргэжилтнүүдийг олон нийтэд мэдээллүүлэх үүднээс энэ семинар зохион байгуулж байна.

Б.Мөнхбат: Стратегийн ашгаа бодсон ч одоогийн байдлаар зайлшгүй цөмийн цахилгаан станцтай болох шаардлага тулгараад байна

МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн багш, дэд профессор доктор Б.Мөнхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Монголд уран олборлох, цөмийн цахилгаан станц барих зэрэгт боловсон хүчний хуввьд ямар бэ?

-Миний хувьд монголчууд бэлтгэж чаддаг ч гэлээ туршлагагүй нь анзаарагддаг, дутагддаг.  Урьд нь атомын цахилгаан станц гэж байгаагүй учраас манайхан шууд чадна гэхэд хэцүү. Миний мэддэгээр гадаад орнуудын туршлагаас харахад шууд л гадны өөр орны туршлагаас судлаас өөрсдийн инженер нь хийсэн тохиолдол зөндөө байдаг. Үүнтэй адил бид туршлагаас нь оруулж ирээд өөрсдөө хийхгүй,  дууриаж болохгүй гэсэн юм байхгүй гэж бодож байна

-Цөмийн цахилгаан станц барих шаардлагатай юу. Зарим нэг нь утаа нүүрснээсээ салах боломжтой гэх юм?

-Манай Монгол Улсын цахилгааны хэрэгцээг бүрэн хангах 100 хувь нүүрс үйлдвэрлэж байна. Үүнээс сэргээгдэх эрчим хүч бол маш цөөхөн хувь эзэлдэг. Сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрүүдийг хангаж чадахгүй. Сэргээгдэх эрчим хүчээр зөвхөн гэрэл хувийн хэрэгцээг л цахилгаанаар хангана. Монгол Улсад үйлдвэрлэх хүч нь тодорхой. Үйлдвэрлэлийг хангадаг эрчим хүчийг хаанаас үйлдвэрлэж болох вэ гэхээр Монгол Улсад нүүрс байна. Бид дан нүүрсээрээ үйлдвэрлээд байж чадах уу гэвэл чадна. Олон улсын жишгийг харж байгаад 100 хувийн хэрэгцээнийхээ 100 хувь нүүрсээр хангадаг. Энэ нь технологийн  хөгжил болон хүрээлэн буй орчиндоо халтай. ОХУ, АНУ зэрэг оронд 20-30 хувь нь цөм буюу уран, 60-70 хувь нь нүүрс, бусад нь сэргээгдэх эрчим хүч байгалийн хий зэргээр холимог байвал зүгээр. Стратегийн аюулгүй байдлаа бодсон ч цаашдын ирээдүйгээ харсан ч гэсэн цөмийн эрчим хүчний үүсгүүрийг үйлдвэрлэлдээ тодорхой хувийг эзлүүлэх нэн чухал шаардлагатай байна.

-Үүнийг бүтээн байгуулахад хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ?

-Үүнийг хэлэх хэцүү байна. Манайд боловсон хүчнүүдийн асуудал маш чухал. Цөмийн станц барихтай холбоотой хууль тогтоомж, хуулийн орчин ч сайн хөгжөөгүй байна. Цөмийн цахилгаан станцтай боллоо гэхэд эрчим хүчийг холбох дэд бүтэц нь хөгжөөгүй байна.

Г.Жамсрандорж: Сүүлийн 10 жилд уран олборлолтоос болж цацраг идэвхит бодист хордсон нас барсан хүн байхгүй

Монгол Улсын зөвлөх геологич, доктор Г.Жамсрандоржоос хэдэн асуултад хариулт авлаа.

-Манай улс уран олборлоход юу шаардлагатай байна вэ. Үүнийг хийх нь ашигтай юу?

-Ер нь бол хүн төрөлхтөн өөрийн амьдарч буй орчноо эрүүл саруул утаагүй, хөрс хүчлийн хий ялгарал багатай, экологийн хувьд ногоон байх ёстой гэж бодож байгаа л бол атомын цахилгаан станцыг барих нь зүйтэй. Өнөөдөр дэлхий дээр 430 гаруй атомын цахилгаан станц ажиллаж байна. Бидний мэдэх АНУ-д 200, БНСУ-д 30 гаруй станц байдаг. Түүнчлэн БНХАУ-д 30 гаруй станц баригдаж байна. Хоёр гүрний дунд байж атомын цахилгаан станц барихгүй гээд байх нь хаашаа юм. Хэрвээ БНХАУ-ын манай улсын хилийн зурваст ойрхон байгаа цөмийн станц дэлбэрэхэд Монгол Улсад нөлөөлж л таарна. Тэгэхээр нүүрс тээвэрлэх, шатаахад, гарах утаа тортог үнснээс эхлэн маш их байгаль орчинд хортой байдаг. Атомын цахилгаан станц бол тийм зүйл байхгүй. 50кг уранаар л нэг жил ажиллах боломжтой. Нэг үгээр хэлэхэд хөнгөн тэрэгний ард ачаад явах тийм л хэмжээний ачаа гэхээр хэрэгжүүлэх хэрэгтэй л асуудал юм.

-Монголын ураны нөөц хэдэн тонн байдаг вэ?

-100 мянган тонн гэдэг. Харин 2013 онд хийсэн Цөмийн энергийн мэдээллийн агентлагийн мэдээгээр 55 мянган тонн урантай гээд дэлхий дээр ураныхаа нөөцөөр 13-рт явж байна. Дэлхийн бүх нөөц 5.370.000 тонн гэхээр үүний 60 мянга нь манайд гэхээр маш бага тоо. Одоогоор ураныг 30 гаруй улс орон олборлож байна. Мөн ураны хайгуул хийж буй 50 гаруй орон байдаг. Ураны олборлолт хайгуул хийж буй улс орнуудад цацрагын нөлөөллөөс болж хүн амьтан хордсон үхсэн гэсэн мэдээлэл сүүлийн 10 жилд гараагүй.

-Мардайд байгаа ураны ордын талаар?

-Монголд 10 гаруй ураны орд бий. Үүнээс Мардайд 4 орд байдаг. Мөн говийн бүсэд бас байгаа. Эдгээр ордуудад хайгуул, судалгааг нь хийгээд ашиглах, олборлохоор одоо бэлэн болсон байгаа.

-Уран олборлох ашиг, бас ач холбогдол нь юу вэ?

-Уран бол аюултай биш. Усаар зөөгдөж говийн төрлүүдийн ордыг үүсгэж байгаа. Гол, горхи, худаг бүгд урантай. Бидний ууж буй ус хүртэл урантай. Уран ардон ялгаруулдаг, ардон нь уусчихсан байгаа. Улаанбаатарын цэвэр усны ардоны агуулга харьцангуй өндөр учраас бид усыг буцалгаж хэрэглэх ёстой.

-Японы цөмийн хаягдлыг манайд булах гэж байна гэж хэсэгтээ л хүмүүс шуугисан. Ингэх боломж байх уу?

-Энэ бол бизнесийн асуудал байх. Ер нь тийм зүйл байх боломжгүй. Ер нь цөмийн хаягдлыг булшлана гэдэг тусгай, олон улсын хяналтын дор, тусгай заавар журмын дагуу хийдэг болохоос хэн нэгэн дуртай нь хийдэг ажил биш. Тэрийг булшлахын тулд заавал орчны судалгаа гэж хийдэг. Судалгаа бол маш нарийн. Зүгээр нэг газар хог авчраад хаячихдаг асуудал биш. Тэрийг булшлана гэдэг маш тодорхой үйл ажиллагааны журам зааврын дагуу явагддаг учраас тийм амар зүйл биш.

 

Х.Эрдэнэсолонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.229) 2014-06-24 21:43
      • 0
      • 0

      Dornogovi aimgiin Dalanjargalan sumd yun tusgai obyekt bdag yum be???

      Хариулах