Ардын хэмжихүйн мэдлэг

Twitter Print
2022 оны 06-р сар 14-нд 12:32 цагт
Мэдээний зураг,

АРДЫН ХЭМЖИХҮЙН МЭДЛЭГ

Монголчууд эртнээс аливаа юмыг хэмжихэд хэмжүүрийн нэгж хэрэглэхийн зэрэгцээ харьцуулсан зүйрлэлт (жишиг) сайтай байсан нь ардын нарийвчилсан хэмжил бий болох үндэслэл болсон гэж үзүүштэй.

Зулай төөнөм, нохой гаслам, саамал сүү шиг, оочим халуун гэж халуун хүйтнийг харьцуулсан зүйрлэл байхад, их багын хэмжээг тариан чинээ, алгын чинээ, хуруун чинээ (далай их, уул шиг ханагар) гэх мэт.

Тэрчлэн бод бог малаар жишиж нэрийдсэн нь хонин арц, үхэр дэгд, морин зээргэнэ, хурган мэхээр, тэмээн харгана гэхчилэн.

Цаг хугацааны тухай – хэдхэн секундын хооронд болох зүйлд нүд ирмэх зуур, босох суух хооронд, дуг хийх, зүүрмэглэх төдийд, борви бохисхийлгүй, дунд зэргийн хугацаа зарах зүйлд: - тамхи татах, морь эмээллэх, цай чанах, өвчүү болгох хооронд гэхчилэн зүйрлэсэн нь угтаа 5-10 минутын ойлголт юм.

Өдөр тутмынхаа амьдралаас уртын хэмжээг тогтоосон ажээ. Энэ нь жижиг малын бэлчээрээс хоногийн газар хүртэл барагцаалан,

тугалын бэлчээр (500 м – 1 км)

хонины бэлчээр (1-2,5 км)

аргамжааны газар (20-50 м)

адууны бэлчээр (4-10 км)

хагас өдрийн газар (40-45 км)

бүтэн өдрийн газар (90 – 100 км)

хоногийн газар (120 130 км)

зуур хоногийн газар (210 – 220 км)

алхам – 1 м

мухар тохой – 33 см

дэлэм – 1 м

алд – 1,50 см

төө – 20 см

мухар сөөм 15 см

нэг хуруу – 2 см

бодын туруу – 6 см

богийн туруу – 3 см

туурай – 7 – 8 см

шагай – 10 – 15 см

шилбэ – 20 – 25 см

өвдөг 50 – 60 см

алга дарам 10 см гэхчилэн үүссэн нь улмаар хэмжих нэгж болсон байна.

Шинэ цасны зузаан нимгэнийг шувууны мөр гарах, хонины хар туруу, морины сагаг, морины туших, тэмээн өгдөг гэхчилэн шууд харьцах амьтны эд эрхтнээр тодорхойлдог.

(С.Бадамхатан "Угсаатны зүй 1-р боть)

/Бүр см, мм-ийн хэмжээг хумсын толион чинээ гэдэг шиг нарийн шөрмөсний дайтай, адууны дэл шиг нарийн, хялгас шиг гэх мэтээр зүйрлээд хэлчихдэг байсан байх нь.../

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.