Олон нийтийг хүссэнээрээ удирдах аргууд

Twitter Print
2023 оны 01-р сар 11-нд 12:04 цагт
Мэдээний зураг,

Массачусетсийн технологийн их сургуулийн хэл шинжлэлийн ухааны профессор, улс төрийн нэрт нийтлэлч, философич, онолч Аврам Ноам Хомский ард иргэд (олон нийт, масс)-ийн сэтгэхүйд нөлөөлөх түгээмэл (эрх баригчдын дунд) аргуудыг ийн тайлбарлажээ. Үүнд:

1: Анхаарлыг сарниулах

Массын сэтгэхүйд нөлөөлөх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол улс нийгэмд тулгарч буй ноцтой асуудлууд, мөн төр засгийн зүгээс гаргаж буй шийдвэрүүдээс массын анхаарлыг холдуулах явдал. Ард иргэдэд төр засгаас хэрэгжүүлж буй төлөвлөгөөт ажлуудын нарийн учрыг ухаж бодох сэхээ өгөхгүйн тулд тэднийг ач холбогдол багататай, хий хоосон мэдээ мэдээллээр тасралтгүй “бөмбөгддөг” бөгөөд энэ ажилдаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг түлхүү ашигладаг бна. Энэ арга нь хүмүүсийн сэтгэл зүй, орчин цагийн гүн ухаан, эдийн засаг, сүүлийн үеийн дэвшилтэт технологи зэрэг чухал салбаруудын талаар олж мэдэх боломжийг нь хязгаарлаж... шоу-бизнес болон спортын мэдээ, олон арван ангит савангийн дуурь зэргийг чөлөөтэй үзэх боломжийг нээж өгдөг аж.

Энэ арга нь хүмүүсийн суурь инстиктийг өдөөж, тэднийг улс нийгэм, цаашлаад дэлхий даяар ямар үйл явдал болж байгааг сонирхдоггүй, өөрийгөө огт хөгжүүлдэггүй, зөвхөн идэж уух, наргиж цэнгэх тухай л боддог болгох зорилготой. Учир нь оюуны хоосролд орчихсон хүмүүсийг яаж л бол яаж удирдаж болно...

Арга 2: Сэтгэл хөдлөлд нь түлхүү нөлөөлөх

Аливаа хүн сэтгэл хөдлөлд автсан үедээ логиктой сэтгэж чадахаа больдог. Хүмүүсийн сэтгэл хөдлөлд нөлөөлөх замаар тэдний эрүүлээр сэтгэн бодох, аливаа мэдээлэлд дүн шижилгээ хийх чадварыг блоклохын зэрэгцээ далд ухамсарт нь нэвтэрч хүссэн (өөрт ашигтай) үзэл бодол, айдас түгшүүр, хүсэл, биеэ авч явах загварыг суулгаж өгдөг гэнэ.

Хаа нэгтээ террорист халдлага болсон тухай, хүмүүс олноороо үхэж үрэгдсэн тухай, өлсөглөнд нэрвэгдсэн африк хүүхдүүдийн тухай сонсоод хүмүүс айж түгшээд эсвэл халаглаад л өнгөрдөг болохоос биш “Энэ мэдээлэл үнэн бодитой болов уу? Яагаад ийм явдал тохиолдох болов? Энэ нөхцөл байдлыг урьдчилан сэргийлэх боломжгүй байсан гэж үү?” гэж төдийлөн ухаж боддоггүй гэнэ. Учир нь сэтгэл хөдлөлдөө автсан хүн аливааг бодитоор хүлээж авч чаддаггүй аж.

Арга 3: Аливаа асуудлыг зохиомлоор үүсгэж, түүнийг даван туулах шийдлийг санал болгох

Энэ аргыг “асуудал-хариу реакц-шийдэл” ч гэж болно. Эрх баригчид ямар нэгэн асуудал/нөхцөл байдлыг зохиомлоор үүсгэхдээ тухайн асуудал/нөхцөлд байдалд олон нийт хэрхэн реакцлахыг урьдчилан тооцолсон байдаг гэнэ. Ямар нэгэн асуудал үүсэхэд масс тухайн асуудлыг шийдвэрлэхийг шаардах бөгөөд эрх баригчдын “урьдчилан бэлдчихсэн” байсан шийдлийг хүсэн хүлээдэг.

Нэг жишээ татья: олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард иргэдэд “хот, суурин газруудад гэмт хэргийн гаралт эрс нэмэгдлээ” хэмээн итгүүлнэ. Мэдээж ийм мэдээ сонсоод хүмүүс аюулгүй байдлыг нь хангахад чиглэсэн хатуу арга хэмжээ авахыг төр засгаас шаардана. Хувь хүний эрх чөлөө нь боогдсон ч хамаагүй. Эсвэл эдийн засгийн хямралыг зохиомлоор үүсгэхэд ард иргэд, хямралыг шийдвэрлэхэд гарч болох хүндрэлд сэтгэл санааны хувьд бэлэн болчихсон байдаг байна. Аливаа хямрал ямар ч шалтгаангүйгээр үүсчихдэггүй гэдгийг санаж явах нь чухал.

Арга 4: Ард иргэдийн мэдээлэл авах боломжийг хязгаарлах

Массыг хүссэнээрээ удирдах өөр нэг арга бол – тэднийг аль болох бага бодуулах эсвэл бүр огт юу ч бодуулахгүй байх явдал. Тэдэнд, өөрсдийг нь дээрээс/цаанаас удирдаад байгааг анзаарахгүй байхад л хангалттай мэдээ мэдээллээр хангадаг аж.

Тухайлбал, нийгмийн доод давхаргыг харанхуй бүдүүлэг чигээр нь байлгаж, тэднийг дээд давхаргаас улам бүр холдуулахын тулд боловсролын чанарт нь огт анхаардаггүй. Нийгмийн дээд давхаргынханд бол чанартай боловсрол эзэмших боломж нээлттэй.

Эгэл жирийн хүүхдүүд сурдаг ерөнхий боловсролын сургуулиуд байхад тухайн нийгэмдээ нөлөө бүхий эх эцгүүдийн хүүхдүүдэд л нээлттэй өндөр төлбөртэй хувийн сургуулиуд бас байдаг шүү дээ. Асуудал төлбөр мөнгөндөө ч биш. Ээж аавууд “Танай сургуульд хүүхдээ оруулмаар байна, төлбөр нь 100% бэлэн байна” гэсэн ч хүүхдийг нь авахгүй. Учир нь эдгээр сургуулиуд зөвхөн “шилмэл” хүүхдүүдэд л нээлттэй. Эдгээр сургуульд авах хүүхдүүдийн нэрсийн жагсаалтыг "цаанаас/дээрээс” гаргаж өгөх нь ч бий.

Арга 5: Алгуур нэвтрүүлэх

Ард иргэд таагүй хүлээж авах нь магад аливаа өөрчлөлтийг алгуур нэвтрүүлдэг байна. Татвар нэмэх, хувьчлал явуулах, ажлын байрыг цомхотгох, тэтгэврийн насыг нэмэх г.м. таагүй өөрчлөлтийг хийхэд энэ аргыг түлхүү хэрэглэдэг аж. Энэ бүх өөрчлөлтийг нэг дор хийх нь бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал, тэр бүү хэл төрийн эргэлт эсвэл хувьсгалд ч хүргэх аюултай. Харин өөрчлөлтийг үе шаттайгаар аажим аажмаар хийхэд хүмүүс дор бүрнээ бухимдаад л өнгөрдөг. Зарим нь бүр анзаарахгүй өнгөрөх нь ч бий.

Арга 6: “Тиймхэн” байх нь ОК гэх ойлголт төрүүлэх

Энэ арга нь ард иргэдийн үнэн бодит мэдээлэл авах боломжийг хязгаарлахтай нягт холбоотой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ард иргэдэд “Өнөө цагт мэдлэг боловсролгүй, бүдүүлэг, задгай байх нь OK” гэх ойлголт төрүүлэх "нууц" даалгавар дээрээс авдаг бна. Ингээд улс төр, шинжлэх ухаан, урлаг спорт гээд бараг бүхий л салбарт олны танил “эрхмүүд” зүй зохисгүй үйлдэл (зодоон зохион, эрээ цээргүй тоглоом наргиа г.м.) гаргасан тухай мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр чөлөөтэй цацагдаж эхэлнэ. Үр дүнд нь хүмүүс мэдлэг оюунаа тэлж өөрийгөө хөгжүүлэхээ байхын зэрэгцээ ухамсрын хувьд ихээхэн доройтож эхэлдэг бна. Хүмүүс илүү ухаантай болчихвол эргэн тойронд нь чухам юу болоод байгааг төвөггүй ойлгох юм. Харамсалтай нь тэдний ухаантай байх нь дээр байгаа нөхдүүдэд ашиггүй төдийгүй аюултай...

Арга 7: Урьтаж мэдээлэх

Олон нийтэд таагүй мэдээ хүргэхэд энэ аргыг ашигладаг. Энэ аргаар мэдээлэл хийхдээ “… ийм тийм арга хэмжээ авагдана. Энэ нь зарим нэг хүндрэл учруулах ч зайлшгүй шаардлагатай юм. Эдгээр арга хэмжээг ойрын ирээдүйд авахгүй... тиймээс ард иргэд тайван байж болно” гэдэг бна. Зорилго нь алсдаа хэрэгжүүлэх арга хэмжээг ард иргэдээр урьдчилан зөвшөөрүүлэхэд оршино. Учир нь хүмүүс, ирээдүйд болох үйл явдлын талаарх мэдээг хүндээр хүлээж авах нь бага байдаг гэнэ.

Жишээ нь, хүмүүс “Бид цахилгааны үнийг 3 жилийн дараа нэмэх төлөвлөгөөтэй байна” гэх мэдээг “Өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан цахилгааны үнийг нэмэхээр боллоо” гэх мэдээнээс арай хөнгөн хүлээж авна. Эхний мэдээг сонсоод хүмүүс “эрт орой хэзээ нэгэн цагт өөчлөлт гарах юм байна” гэх бодолтой эвлэрч... өөрчлөлт гарах үед номхон хүлцэнгүй болсон байна. Нэг бол “Ирээдүйд нөхцөл байдал дээрдэж... энэ яриад байгаа өөрчлөлтөө хийхгүй биз” гэх бодлоор сэтгэлээ хуурна.

Арга 8: Өөрийг нь буруутгах

Массад нөлөөлөх бас нэгэн үр дүнтэй арга бол тэднийг, аливаа нөхцөл байдал үүссэнд өөрсдөө буруутай хэмээн итгүүлэх явдал. Жишээ нь, мэдлэг боловрол тааруу, хичээл зүтгэл бага байгаад тухайн хүнийг өөрийг нь буруутгана. Үүний үр дүнд тухайн хүн ямагт өөрийгөө зэмлэн буруутгаж, дотроо гэмшин... улмаар сэтгэл санаагаар унаж, юу ч хийх сонирхолгүй болдог бна. Юунд ч сонирхолгүй, сэтгэлийн тэнхээгүй хүн системийг эсэргүүцэж, жагсаал цуглаанд оролцож, хувьсгал хийх үү? Мэдээж үгүй.

Өөр нэг жишээ: эрх баригчид, ард иргэдийн амьдрал тааруу байгаа нь цалин хөлс бага, татвар өндөр байгаад бус... харин ард иргэд өөрсдөө мэдлэг боловсролгүй, ажлын дадал туршлагагүй, хөдөлмөрлөх дургүйд байгаа юм гэх зэргээр тайлбарлана.

Арга 9: Масстай хүүхэдтэй харьцах мэт харьцах

Ард иргэдтэй яг л хүүхэдтэй харьцах мэт харьцсанаар ухаан санааг нь чөлөөтэй хянаж болдог гэнэ. Жишээ нь, ард иргэдэд таагүй мэдээ дуулгаж байна гэж бодьё. Мэдээ хүргэж буй хүний үг хэллэг, дохио зангаа, дууны өнгө яг л хүүхэдтэй харьцах үед ямар байдаг вэ тийм л байна. Өөртэй нь хүүхэдтэй харьцах мэт харьцаад байхаар хүмүүс аливаа асуудалд яг л хүүхэд адил гэнэн хонгороор хандаж эхэлдэг бна.

Арга 10: Хүмүүсийг өөрсдөөс нь илүү судалж мэдэх

Массад нөлөөлөхөд сэтгэл зүй, нейробиологи болон биологийн мэдлэг сайтай байх хэрэгтэй. Эрдэмтэд сэтгэл зүйн чиглэлээр төрөл бүрийн судалгаа хийж үр дүнг нь зөвхөн эрх баригчдад танилцуулдаг бна. Эрдэмтдийн явуулсан судалгааны талаар энгийн ард иргэд мэдэхгүй хоцроно. Эрх баригчид энгийн хүмүүсийн талаар илүү мэдлэгтэй болсноор тэднийг хүссэнээрээ удирдах боломжтой болдог бна.

Массад нөлөөлөх аргуудаас товч танилцууллаа. Аливаад өөрийн саруул ухаанаар хандах уу эсвэл толгойгоо дээр байгаа нөхдүүдэд мэдүүлэх үү гэдгээ та өөрөө шийднэ биз ээ.

Эх сурвалж: Массачусетсийн технологийн их сургуулийн хэл шинжлэлийн ухааны профессор, улс төрийн нэрт нийтлэлч, философич, онолч Аврам Ноам Хомский

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.