Сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдсан "Лидерс" баарны нууц эзэн хэн бэ

Twitter Print
2014 оны 06-р сар 24-нд 12:03 цагт
Мэдээний зураг,

ТВ-8 телевизийн "Шөнийн толь" нэвтрүүлэг нийгэмд болж байгаа бусармаг явдлыг газар дээрээс нь үзэгчдэд хүргэж, нийгэмд сануулга өгдөгөөрөө алдартай. Саяхан иргэдийн мэдээллийн мөрөөр албан үүргээ гүйцэтгэж явсан “ТВ-8” телевизийн зураглаач П.Тулга, Б.Давааням, сэтгүүлч Б.Мэндбаяр нарын биед халдаж, зодож танхайрсан хэрэг гарчээ.Тодруулбал Баянзүрх дүүргийн XIII хорооллын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лидерс” шөнийн цэнгээний газрын 10 гаруй хамгаалагч тус телевизийн сэтгүүлч, зураглаачдын бие, эрх чөлөөнд халдаж хүнд гэмтэл учруулж, мэргэжлийн камер болон бусад эд зүйлийг нь эвдэлжээ. “Лидерс” шөнийн цэнгээний газар нь байнга цаг хэтрүүлэн ажиллаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг учраас иргэд “ТВ-8” телевизийн “Шөнийн толь” нэвтрүүлгийн баг хамт олонд хандаж сурвалжлага хийж өгөхийг хүсчээ.

Одоогоор хэрэгт эрүү үүсгэсэн гэх боловч ямар нэг хариуг цагдаагийн байгууллагаас өгөөгүй байна. Мөн эрүүл мэнд болоод мэргэжлийн багаж хэрэгслээ эвдүүлсэн сэтгүүлчдэд хамгийн багаар бодоход 10 сая төгрөгний хохирол учирсан гэдгийг хэлж байсан юм.

Тус цэнгээний газарт удаа дараа албан бичиг явуулж эрхийг нь цуцлуулах хүсэлт хүргүүлдэг ч эргээд сэргээчихсэн байдаг гэж албаны хүмүүс хэлж байна. Энэ хэргийн талаар хангалттай баримт, дүрс байсаар байтал Цагдаагийнхан дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь хардлага дагуулж байна. Ер нь аль нэг баар цэнгээний газрын ар талд цагдаагийн албан тушаалтан хамгаалж, татаас авч, дайлуулж цайлуулдаг гэсэн бичигдээгүй хууль байдаг нь нийтэд тодорхой болсон. 

Удаа дараа хаадаг ч эргээд эрхээ сэргээлгэдэг энэ цэнгээний газрын байр Улаанбаатар хотын Ерөнхий менежер асан Ч.Батын эзэмшлийнх гэж ойрын эх сурвалж мэдээлж байна. Харин ажиллуулдаг хүн нь Амараа нэртэй эмэгтэй гэнэ. Энэ эмэгтэй урд нь Монгол кино үйлдвэрийн ойролцоо Симон нэртэй баар цэнгээний газар ажиллуулдаг байсан туршлагатай нэгэн юм байна. Олон жил энэ чиглэлийн бизнесийг Баянзүрх дүүрэгт эрхэлж ирсэн тэрээр Нийслэлийн цагдаагийн газрын нэр бүхий албан тушаалтантай ойр дотно харилцаатай хэмээн эх сурвалж хэлж байна. Энэ нь түүнд хуулиас гадуур үйл ажиллагаа явуулах давуу эрх олгодог байж магадгүй гэнэ. 

Ямартай ч хэнд ч захирагддаггүй, өглөө болтол ганцаараа шахуу ажилладаг энэ баарны зөвшөөрлийг Нийслэлийн захирагчийн албаны Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс ямар ч татлаагүй, шууд л сунгадаг гэнэ. Бусад шөнийн цэнгээний газраас давуу эрхтэй энэхүү байгууллага хэн гэгч эрх мэдэлтний нөмөр нөөлгөнд байдаг вэ гэдгийг илрүүлэх цаг нь болжээ. 

Ийнхүү ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчийн эрх чөлөөнд халдах, техник хэрэгслийг эвдэх явдал гарсаар байна. 2 жилийн өмнө Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд SBN телевизийн сэтгүүлч, зураглаач нартай хамтран мөн л шөнийн цэнгээний газрууд хэрхэн хууль зөрчин, цаг хэтрүүлэн ажиллаж байгааг шалгаж, сурвалжлах зорилгоор тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй  “XO” гэх клубт ороход баарны эзэн У гэгч хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хамгаалалтын ажилтнууд нь хүч хэрэглэсэн аж. Тус баарны эзэд  сэтгүүлчдийн хорьж, хийсэн видео бичлэгийг нь устгахыг оролдож, видео камерыг нь эвдсэн. Зураглаач А.Амарсанаа тархиндаа хүнд гэмтэл явдал гарч байв. 

Өнгөрсөн онд гэхэд л сэтгүүлчийн эрх, эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг 12 гарч байжээ. "Хүчитний өмнө хүчгүй нь буруутай" гэдгийн үлгэрээр эрх мэдэлтэн, түүний хамгаалалтанд байгаа шударга бус бизнес эрхлэгчдийн далайлт, нударганд нийгэмд хэв журам сахиулагч, хуулийн сахилтыг хэрхэн биелүүлж байгааг ард иргэдэд мэдээллэх үүрэгтэй сэтгүүлч хоёр хохироод өнгөрдөг цагийг халах цаг нь болжээ.  

 

Ц.Цэлмэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.