Хоёр Иван (Орос Ардын үлгэр)

Twitter Print
2017 оны 09-р сар 21-нд 18:30 цагт
Мэдээний зураг,

Ах дүү хоёр Иван байжээ. Нэг нь ядуу, нөгөө нь баян гэнэ. Баян Иваны гэрт элдэв зүйлийн эд баялаг элбэг дэлбэг гэнэ. Агуулах сав нь арвай будаагаар дүүрэн гэнэ. Нуга хөндийгөөр үхэр мал нь бэлчинэ, нуур голын захаар хонь хурга нь налайна гэнэ. Халуун зууханд нь хөвсгөр талх бөмбийнө гэнэ. Харин Иван эхнэртэйгээ хоёулхнаа гэнэ. Баян Иван том бага үр хүүхэд байхгүй гэнэ. 

Ядуу Иванд намгийн мэлхий, мааждаг муураас өөр амьтан байхгүй гэнэ. Харин долоон хүүхэдтэй, долоон хүүхэд нь булан буланд шигдэн суугаад будаатай хоол нэхнэ. Ядуу Иваны гэрт атга чимх гурил ч байхгүй, арвай будааны үр нэг ширхэг ч байхгүй гэнэ. Аргаа барсан ядуу Иван баян ахынх руугаа явжээ.

- Ах минь, сайн байна уу?

- Аа, ядуу Иван, сайн байна уу? Яагаад гэртээ тогтохгүй байна, ямар хэргээр ирэв?

- Ах минь, жаахан гурил зээлдүүлээч, дараа нь би ажил хийж төлж өгнөө.

- За тэг тэг, гадар гурил ав, харин дараа нь шуудай гурил өгөөрэй.

- Ах минь, юу гэсэн үг вэ? Гадар гурил өгчихөөд шуудайг авна гэж үү? Арай их биш үү?

- Их гээд байгаа бол эндээс зайл. Өөр газар очиж өр зээл тавь.

Аргаа барсан Иван гашуудан уйлав, тэгээд  гадар гурил аваад гэрийн зүг явжээ.

Тэгсэн дөнгөж үүдэн дээрээ ирээд байтал салхи дэгдэн гадар, дотор байсан гурилыг нь үлдээлгүй үлээн хийсгэв. Гадарт нь юу ч үлдсэнгүй. Ядуу Иван уурлан,

- Ээх, зүггүй салхи, чи олон хүүхдийг минь гомдоож өлөн хоосон үлдээлээ. Хойт зүгийн дүрсгүй салхи чамайг би олж дэггүйтсэний чинь хариуг заавал төлүүлнэ дээ! Ингээд ядуу Иван салхины араас явав. Салхи замаар орвол Иван замаар орон дагав, салхи ой руу чиглэв, Иван ч араас нь давхив. Нэгэн асар том царс модны хонгил руу салхи орчихов, Иван ч бас л дагаад орчихлоо. Салхи Иваныг үзээд,

- Хэрэг зориг юунд вэ? гэж асуув.

- Би өлөн зөлөн хэдэн хүүхэддээ атга гурил авч явсан чинь чи нисэн ирээд хийсгэчихлээ. Одоо би яаж гэртээ гар хоосон харих вэ?

- Өө, иймхэн юмны төлөө бүү гунихар! Энэ шидэт бүтээлгийг ав, хүссэн бүхэн чинь энэ бүтээлэг дээр бий болно гэж салхи хэлэв.

Иван баярлан салхинд доор гэгч мэхийн талархаад гэр лүүгээ гүйжээ. Гэртээ ирээд шидэт бүтээлгээ ширээн дээрээ дэлгээд,

- Шидэт  бүтээлэг минь,  шидээ үзүүлээч,  ууж идэх юмаар ундаалан дайлаач! гэв.

Энэ үгийг дөнгөж хэлтэл бүтээлэг дээр хайрсан боов, хөөсөн талх, байцаатай шөл, гахайн өөх гээд л өнгө өнгийн амттан өрөгдөн бий болов гэнэ.

Ядуу Иван хүүхдүүдийнхээ хамт цадталаа идэж ууж аваад унтжээ. Өглөө босоод шидэт бүтээлгээ дэлгээд ундлах гэж байтал баян Иван иржээ. Иван ширээ дүүрэн амттаныг хараад атаархсандаа нүүр нь улайн нүд нь бүлтийн,

- Дүү минь, чи чинь баян болоо юу? гэж асуув. Баян ч болоогүй ээ, гэхдээ гэдэс цатгалан байх болно, таныг ч гэсэн дайлж чадна. Би танд шуудай гурилын өртэй байхаа, одоохон өгье. Шидэт бүтээлэг минь, шуудай гурил өгөөч!

Ядуу Иваныг ингэж хэлмэгц ширээн дээр шуудай гурил бий болов. Баян Иван гурилаа аваад юу ч хэлэлгүй гарч оджээ. Орой болохын үед баян Иван дүүгийндээ гүйн ирж,

- Газар дээрх ганц дүү минь, туслаач! Эрхэм баян зочид энд тэндээс хүрээд ирлээ. Манайх гэтэл халуун галгүй, бүлээн талхгүй яадаг билээ! Нэг, хоёрхон цаг шидэт бүтээлгээ өгөөч! гэж гэнэ. Ядуу Иван шидэт бүтээлгээ өгчээ. Баян Иван эрхэм зочдоо хооллочихоод элэгсэг дотноор үдчихээд ядуу дүүдээ шидэт бүтээлгийнх нь оронд ив ижилхэн гэхдээ энгийн нэгэн бүтээлэг аваачиж өгчээ. Ядуу Иван хүүхдүүдэйгээ оройн хоол идэхээр суугаад бүтээлгээ дэлгэн

- Шидэт бүтээлэг минь, шидээ үзүүлээч, унд хоолоор ундлан дайлаач гэж гэнэ. Цагаан бүтээлэг цайран цэмцийж ямар ч унд хоол өгсөнгүй. Ядуу Иван ахындаа гүйн очиж асуув.

- Та миний бүтээлгийг яасан бэ?

- Хэн мэдэх вэ, хэвээрээ л байгаа. Ямрыг авсан түүнийг буцааж өгсөн.

Ядуу Иван гэртээ уйлан, гаслан буцаж ирлээ. Нэг өдөр, хоёр өдөр өнгөрлөө, хүүхдүүд нь идэх юм нэхэн уйлна. Иваны гэрт атга чимх гурил ч үгүй, арвай будааны үр нэг байхгүй аж. Аргаа барсан Иван баян ахынх руугаа очжээ.

- Ах минь, сайн байна уу?

- Аа, ядуу Иван, сайн байна уу, яагаад гэртээ тогтохгүй байна, ямар хэргээр ирэв?

- Хүүхдүүд минь идэх уух юм нэхэн уйлаад байна. Ах минь жаахан гурил эсвэл будаа, талх өгөөч.

- Чамд өгөх гурил, будаа, талх аль аль нь алга. Зооринд торхон дээр жижиг тавагтай жимсний зутан байгаа, тэрийг авбал ав.

Ядуу Иван тавагтай зутан аваад гэрийн зүг явжээ. Нар хурцаар ээн тавагтай зутангий нь хайлуулсаар нь тавагнаасаа халин газар асгарчээ. Иван уурлан,

- Аах аальгүй нар, чиний тоглоом миний хүүхдүүдэд шоглоом боллоо. Нар чамайг би олж дэггүйтсэний чинь хариуг заавал төлүүлнэ дээ!

Ингээд Иван нарны эрэлд гарчээ. Ядуу Иван яваад л байж яваад л байж өмнөхөн нь улаан нар улалзаад л байж. Зөвхөн оройдоо нар уулын цаагуур орлоо гэнэ. Иван нарыг тэндээс олжээ. Нар Иваныг үзээд асуув.

-  Хэрэг зориг юу вэ?

- Жижиг балчир хүүхдүүддээ жимсний зутан авч явсан чинь чи хурцаар ээн хутгаж хайлуулаад асгачихлаа. Одоо би гэртээ яаж гар хоосон харих вэ?

-  Өө зүгээр зүгээр, би  чамайг  гомдоосон, би  чамайг баярлуулна.

Өөрийнхөө сүргээс нэг ямаа өгнө. Бөндгөр боргоцойгоор тэжээгээрэй, бөөн бөөн алт сааж аваарай. Иван баярлан наранд доор гэгч бөхийн талархаад ямаагаа туун гэртээ иржээ. Тэгээд бөндгөр боргоцойгоор тэжээчихээд бөөн бөөн алт сааж авах болжээ. Ядуу Иван ингэж үр хүүхдээ үй сайн сайхан амьдрах болов гэнэ.

Ямааных нь тухай баян Иван сонсоод дүүгийндээ гүйн иржээ.

- Сайн байна уу, дүү минь!

Баян  Иван, сайн байна уу! Газар дээрх ганц дүү минь, туслаач! Ганцхан цаг ямаагаа надад өгөөч. Өр ширээ дарах гэсэн өгөх мөнгө байдаггүй!

- За ав, харин хуурч болохгүй шүү.

Баян Иван алт сааж аваад ямааг нуугаад дүүдээ жирийн адилхан ямаа туун аваачиж өгчээ.

- Дүү минь, гялайлаа, чи надад их тус боллоо!

Ядуу Иван нөгөө ямааг нь боргоцойгоор тэжээгээд саасан чинь … Сүү гараад л алт байдаггүй гэнэ. Ядуу Иван ахындаа гүйн очвол ах нь,

- Хэн мэдэх вэ, хэвээрээ л байгаа, ямрыг авсан тиймийг л буцааж өгсөн! гэв.

Ядуу Иван уйлсаар гэртээ буцав. Өглөө орой ээлжилсээр өдөр хоног өнгөрсөөр. Хүүхдүүд нь идэх юм уйлан нэхнэ. Хахир хүйтэн өвөл болов. Харин Иваныд атга чимх гурил ч үгүй, арвай будааны нэг ч ширхэг байхгүй гэнэ. Аргаа барсан Иван ахындаа очлоо.

- Хүүхдүүд идэх юм нэхээд уйлаад байна. Ах минь, атга гурил өгөөч!

- Чамд өгөх гурил, будаа, талх алга. Өчигдөр чанасан байцаатай шөл үүдний тавиур дээр байгаа түүнийг авбал ав.

Ядуу Иван түмпэнтэй шөл аваад гэрийн зүг явлаа. Салхи шуурга исгэрэн хүйтэн жавар тасхийж түмпэнтэй шөлийг нь тас хөлдөөжээ. Ядуу Иван уурлан,

- Аах, жартгар улаан жавар! Чиний тоглоом миний хүүхдүүдэд шоглоом боллоо. Чамайг би олж дэггүйтсэний чинь хариуг заавал төлүүлнэ дээ! гэв.

Тэгээд ядуу Иван жаврын эрэлд явав. Аглаг хөндийгөөр жавар давхив, араас нь Иван дагав. Ойн гүн рүү орчихов, огт алдахгүй мөрдөв. Жавар хүнхэр том хунгарын доогуур ороод хэвтэхэд Иван ч дагаад орлоо. Жавар гайхан,

- Хэрэг зориг юу вэ? гэж асуув.

- Түмпэнтэй шөл аваад явж байтал түүнийг минь чи хөлдөөчихлөө. Одоо би гэртээ яаж гар хоосон харих вэ? Шидэт бүтээлэг,  алтан сүүт ямааг минь ах минь хуураад авчихсан, чи миний шөлийг хөлдөөчихлөө.

- Өө, ердөө л энэ үү! Энэ туст уутыг ав. "Хоёулаа уутнаас гар!" гэхээр л хоёр хүн гараад ирнэ. "Хоёулаа уутандаа ор!" гэхлээр л эргээд орчихно гэж гэнэ. Иван доор гэгч бөхийн талархаад гэр лүүгээ явжээ. Гэртээ ирээд уутаа гарган,

- Хоёул уутнаас гар! гэжээ. Энэ үгийг хэлмэгц уутнаас хоёр нарсан бороохой үсрэн гарч ирээд Иваныг нүдэн,

- Баян хүнд бүү итгэ! Баян ахдаа бүү итгэ! Бодолтой, ухаантай бай! гээд л байх юм гэнэ. Иван арайхийн "Хоёулаа уутанд ор!" гэж амжиж хашгирав.

Хоёр бороохой уутанд орон чимээгүй боллоо. Орой болмогц баян ах нь гүйн ирж,

- Хаагуур яваад ирэв, юу олж ирэв? гэж гэнэ.

- Жаврынд очоод ирлээ. Туст уут бэлэглэж байна. Хоёулаа уутнаас гар!" гэхээр л уутнаас хоёр хүн гарч ирээд юу хүссэнийг чинь хийж өгнө! гэж ядуу Иван хэлэв.

- Хөөрхий ганц дүү минь, тэр уутаа надад нэг өдөр өгөөч. Байшингийн минь дээвэр нурж хэмхэрсэн, засаж залах хүн олдохгүй байна.

- Баян Иван ах минь, аваа ав! Баян Иван туст уутыг гэртээ авчраад үүдээ дотроосоо түгжиж байгаад ,

- Хоёулаа уутнаас гар! гэж хэлжээ. Тэгтэл уутнаас хоёр нарсан бороохой үсрэн гарч Баян Иваныг балбаж нүдэн,

- Баян Иван, чи ядуу хүнийг бүү гомдоо, бүү хуур! Ядуу Иваны шидэт бүтээлэг, алтан сүүт ямааг одоохон аваачиж өг, өг, өг гээд л зогсоо чөлөөгүй балбаж гэнэ. Баян ядуу дүү рүүгээ гүйхэд хоёр бороохой ч араас нь хөөн нүднэ.

- Дүү минь, авраач, амь насыг минь өршөөгөөч! Шидэт бүтээлэг, алтан сүүт ямааг чинь одоохон өгье гэв.
- Хоёулаа уутанд ор! гэж дүү Иван хашгирлаа. Хоёр бороохой уутандаа орон нуугдав. Үхэхээ шахсан баян Иван ядуу дүүдээ шидэт бүтээлэг, алтан сүүт ямааг нь авчирч өгчээ. Ядуу Иван тэр цагаас хойш үр хүүхдүүдийнхээ хамт энх амар сууж эсэн мэнд жаргажээ. Долоон хүүхэд нь долоон буландаа суугаад тостой амтлаг будаагаа хээтэй өнгөтэй халбагаар тавтай тухтай иддэг гэнэ лээ.  

Орчуулсан Ж.Оюунцэцэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.