Ж. Байден: Бучагийн дүр зураг В. Путинг дайны гэмт хэрэгтэн болохыг баталлаа

Twitter Print
2022 оны 04-р сар 05-нд 11:22 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины Буча хотод энгийн иргэдийг хомроглон хөнөөсөн явдалд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин буруутай хэмээн, түүнийг дайны гэмт хэргээр шүүх ёстой хэмээн мэдэгджээ. Тэрээр, "Та нар бүгд Бучад болсон зүйлсийг харсан.

Эдгээр нь В. Путинг дайны гэмт хэрэгтэн болохыг баталж байна. Бид баримт нотолгоо цуглуулж, Украиныг зэр зэвсгээр хангаж, цаашид тэмцэхэд нь тусалж, В. Путинг дайны гэмт хэргээр шүүх ёстой." хэмээн мэдэгджээ.

Украины нийслэл Киевээс холгүй байрлах Буча хотод энгийн иргэдийн олон тооны цогцосууд олдсон явдал нь дэлхий нийтийг цочирдуулж, АНУ, Европын холбоо ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна.

Кремлийн зүгээс ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн энгийн иргэдийн үхэлтэй ямар ч холбоогүй, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр харуулж буй Буча хотын дүр зургийг украинчууд ОХУ-ын нэр хүндийг унагах гэж санаатайгаар зохион байгуулсан хэмээн мэдэгдээд байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан АНУ ОХУ-ын дайны гэмт хэргийг нотлох баримтыг хэд хэдэн эх үүсвэрээс цуглуулна хэмээн мэдэгдсэн ба тэдгээрт АНУ-ын түнш орнууд, тэдгээрийн тагнуулын алба, Украины тал, НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд, бие даасан хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүд багтах аж.

Цуглуулсан баримт нотолгоонуудынхаа тусламжтайгаар Вашингтон ОХУ-ыг Олон Улсын Эрүүгийн Шүүхэд өгөхөөр төлөвлөж байгаа ч НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүнийхээ хувиар Москва үүнд хориг тавих боломжтой гэжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.