
Вашингтон Хятадын тагнуул бөмбөлөг хэмээн тодорхойлсон бөмбөлгийг буудан далайд унагаснаас хойш Аляска болон Канадын дээгүүр нисэж байсан 2 жижиг объект, Мичиган мужийн дээгүүр нисэж байсан 1 объектийг тус тус буудан унагажээ.
Уг асуудал Хойд Америкийн аюулгүй байдал, АНУ-Хятадын харилцаа цаашид хэрхэх нь анхаарал татаж эхлээд байна.
Өнгөрсөн 1-р сарын сүүлээр Хятадын аварга том бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нисэж байгаа нь тогтоогдож, Вашингтон уг бөмбөлгийг Хятадын тагнуулын зориулалттай бөмбөлөг хэмээн тодорхойлж, Өмнөд Каролина мужийн дээгүүр нисэж байхад нь F-22 сөнөөгч онгоцны тусламжтай буудан далайд унагасан юм.
Хятадын талаас уг бөмбөлөг нь тагнуулын зориулалттай гэдгийг үгүйсгэж, тус бөмбөлөг нь цаг агаарын нөхцөл байдлыг судлах, судалгаа шинжилгээний зориулалттай хэмээн мэдэгдсэн билээ.
Пентагоны мэдээлснээр бөмбөлгөөс дүүжлэгдсэн суурь нь 1 тонн гаруй жинтэй, антеннууд, тагнуулын мэдээлэл цуглуулагч хэд хэдэн мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангах чадалтай нарны эрчим хүчний үүсгүүрүүдээр тоноглогдсон байжээ.
Өнгөрсөн баасан гарагт Америкийн сөнөөгч онгоцнууд Аляскийн эрэг орчим дээгүүр нисэж байсан объектыг буудан унагасан ба тус объектод хөдөлгөөнийг нь удирдах ямар нэг систем байгаагүй болохыг мэдэгдсэн байна.
Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Америкийн F-22 сөнөөгч онгоц АНУ болон Канад улсын тушаалаар АНУ-ын хилээс 160 км зайд Канадын төв хэсгийн Юкон мужийн дээгүүр нисэж байсан объектыг "иргэний нисэхийн үйд ажиллагаанд аюул заналхийлж байна" гэсэн шалтгаанаар устгасан байна.
Канад тус объект нь цилиндр хэлбэртэй, хэмжээгээрээ АНУ-ын устгасан Хятадын тагнуулын бөмбөлгөөс жижиг байсан хэмээн мэдээлсэн ба Канадын Батлан хамгаалахын сайд Анита Ананд уг объект нь ямар улсаас гаралтайг одоогоор тодорхой хэлэх боломжгүй гэжээ.
Албаны хүмүүс Америкийн устгасан 2 ба 3 дахь объектийг хэмжээгээрээ суудлын жижиг тэрэгтэй адил, хоёулаа 12 200 м өндөрт нисэж байсан хэмээн мэдэгджээ. Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Америкийн Агаарын зэвсэгт хүчний онгоцнуудад Мичиганы Хурон нууран дээгүүр нисэж буй объектийг буудан унагахыг үүрэг болгожээ.
Найман талт хэлбэртэй тус объект нь 6000 м өндөрт нисэж байсан ба батлан хамгаалахын хувьд аюул учруулах хэмжээний биш байсан ч иргэний нисэхийн үйл ажиллагаанд эрсдэл учруулж болохоор байсан аж.
Америкийн зэвсэгт хүчнийхэн нисэх онгоц, завь, жижиг шумбагч онгоцнуудын тусламжтай Өмнөд Каролина мужийн эргийн усыг самнаж, эхний унагасан бөмбөлгийн хэсгүүдийг гаргаж авч байгаа ба гаргаж авсан хэсгүүдийг Холбооны мөрдөх товчоо шалгахаар хураан авчээ.
Хоёр дахь объектийн хэсгүүдийг гаргах ажиллагаа Аляскийн эргийн ойролцоо мөсөн дээр явагдаж байгаа ба цаг агаарын нөхцөл байдал, хүйтэй салхи, цас, өдрийн урт богино байгаа зэргээс болж ажиллахад хүндрэлтэй байгааг албаны хүмүүс онцолж байна.
Канадын CP-140 эргүүлийн онгоцтой мэргэжилтнүүдийн баг Юконд унасан 3 дахь объектын хэсгүүдийг хайх ажиллагаа явуулж байна. Пентагоны мэдээлснээр Америкийн Холбооны мөрдөх товчоо Канадын цагдаагийн газартай хамтран ажиллаж байгаа аж.
Хэт хүйтэн усанд шумбах зориулалт бүхий хувцас хэрэглэлтэй албан хаагчид Мичиган дахь Хурон нуур луу хөдөлсөн ба тэндээс 4 дэх объектын хэсгүүдийг гаргаж авах аж.
Вашингтон Бээжин бөмбөлгүүдийн тусламжтай гадаадын зэвсэгт хүчнийг тагнах ажиллагаа явуулж байна хэмээн үзэж байгаа ба Хятадын бөмбөлгийг илрүүлснээс хойш радарууддаа хяналт шалгалт хийж эхэлсэн гэжээ.
Өнөөдрийн байдлаар Вашингтон АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр Ерөнхийлөгч Д. Трампын үед 3 бөмбөлөг, Ж. Байденийг төрийн тэргүүнээр сонгогдсоны дараахан 1 бөмбөлөг нисэж өнгөрснийг олж тогтоогоод байгаа аж.
Хятадын тагнуулын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нисэж байгаа нь тогтоогдсоны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад хийх айлчлалаа хойшлуулж, Хятадын тагнуулын бөмбөлгийн хөтөлбөрийг дэмжсэн гэх Хятадын 6 аж ахуйн нэгжид хориг арга хэмжээ аваад байна.
Бээжин Вашингтон бөмбөлгийг буудан унагасан явдлыг олон улсын хууль журмыг зөрчсөн явдал хэмээн Хятадад ижил зүйл тохиолдвол Бээжин адил арга хэмжээ авах эрхтэй боллоо хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.