Олимпийн гэрэлт бамбар Монгол орныг тойрон аялна

Twitter Print
2014 оны 06-р сар 23-нд 13:47 цагт
Мэдээний зураг,

Олон улсын Олимпийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг угтаж Монголын үндэсний Олимпийн хороо Олимпийн медальт тамирчдад хүндэтгэл үзүүллээ. Мөн “Олимпийн бамбар”-ыг Монгол орны дархан хилээр аялуулахаар болсон. Уг ажлын хүрээнд 1800 гаруй км орчим хилийн нутгаар бамбар хоёр жилийн хугацаатай аялна. Өөрөөр хэлбэл 2014 оны зургаадугаар сарын 23-наас 2016 оны зургаадугаар сарын 23-ны өдөр гэрэлт бамбар Монгол орныг тойрно.

Өнөөдөр ёслолын арга хэмжээнд “Бээжин 2008” зуны Олимпийн XXIX наадмын аварга Э.Бадар-Ууган, “Монрель 1976” зуны Олимпийн мөнгөн медальт З.Ойдов, “Москва 1980” зуны Олимпийн мөнгөн медальт Ц.Дамдин, “Бээжин 2008” зуны Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, “Бээжин 2008” зуны Олимпийн мөнгөн медальт П.Сардамба, “Лондон 2012” зуны Олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт, “Мехико 1968” зуны Олимпийн хүрэл медальт Д.Сэрээтэр, “Москва 1980” зуны Олимпийн хүрэл медальт Р.Даваадалай, “Сөүл 1988” зуны Олимпийн хүрэл медаль Н.Энхбат, “Барселона 1992” зуны Олимпийн хүрэл медальт Н.Баярсайхан, “Лондон 2012” зуны Олимпийн хүрэл медальт С.Батцэцэг нар оролцсон.

“Монреаль 1976” зуны Олимпийн наадмын мөнгөн медальт, Дэлхийн аваргын хошой алт, хүрэл медальт, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, зууны манлай чөлөөт бөхийн тамирчин З.Ойдов: Монголоос Олимпийн хошой, дэлхийн таван удаагийн аварга төрөх боломжтой

-Олимпийн баярын өдрийн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Спортын хамгийн том баяр нь Олимпийн наадам байдаг. Дэлхий даяар өнөөдөр энэ өдрийг тэмдэглэж байна. Манай Үндэсний Олимпийн хороо мөн адил Олимп, дэлхийн медальт тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаад баяртай байна.

-1976 оны Монреалийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн тэр түүхээс товчхон хуваалцахгүй юу?

-Тэр үед Монгол, Өмнөд Солонгос хоёул Олимпийн алтан медаль хүртээгүй байсан. Би аваргын төлөө Солонгосын Ян Жи Вонтой барилдаж цэвэр ялж чадаагүй. Тухайн үед би цэвэр ялахаас өөр аргагүйд хүрсэн. Харин Ян Жи Вон араваас дээш оноо алдахгүй, эсвэл цэвэр ялагдахгүй л бол аварга авах байсан. Тэгээд би оноогоор ялсан ч цэвэр ялж чадаагүй.

-Социалист системийн тамирчид гэдэг маш хатуу чанга дэглэмтэй байсан уу?

-Миний үед Социалист, Каптлист гэсэн үзэл суртлын хоёр системээр ихэнх оронд явж байсан. Тийм болхоор Социалист орны тамирчин Каплист орны тамирчинд ялагдаж болохгүй гэдэг байсан. Тэр утгаараа өндөр шаардлагатай, эх орныхоо төлөө амиа өгөх нь юу ч биш гэж дэвжээн дээр гардаг байлаа.

-Таны хамгийн хүчтэй өрсөлдөгчид ямар тамирчин байсан бэ. Ялж үзээгүй бөх гэж байсан уу?

-Ялж үзээгүй бөх байсан. Дэлхийн аварга дээр Харачура гэдэг бөхтэй нэг тараад ялагдчихсан. Дахиад барилдах боломж гараагүй. Ер нь хамгийн их өрсөлддөг тамирчид нь Турк, Болгар, ОХУ-ын бөхчүүдтэй байсан.

-Та “Монголд Олимпийн хошой, дэлхийн таван удаагийн аварга хэрэггүй юм уу” гэж хэлж байсан. Энэ түүхийг ярихгүй юу?

-Монголд ийм боломж байсан. Би 68 кг-д барилдсан бол Олимпийн хошой аварга болох байсан. Тамирчин хүн жин хасах нь бас муу. Бага зэрэг жин хасах нь хэвийн боловч 12 кг жин хасна гэдэг хүний биед маш муу. Тухайн үед энэ талаар ярьж байсан хүмүүс одоо ч амьд сэрүүн байна. Тийм болохоор бас тэд энэ тухай сонсоосой гэж бодоод би хэвлэлээр ярилцлага өгөхдөө хэлж байсан. Өөрийн номондоо ч оруулсан байгаа. Одоо ч манайд ийм боломж байгаа. Хамгийн гол нь тамирчид маань зөв дасгал сургууль хийж, хөдөлмөрлөх хэрэгтэй.

-Монголын чөлөөт бөхийн тамирчид Олимпоос хамгийн их медаль хүртсэн. Харин 1980 оны Москвагийн наадмаас хойш 2012 он хүртэл чөлөөт бөхийн тамирчид ганзага хоосон ирсэн. Та энэ үеийг юу бодож явдаг вэ. Би тэр үед тамирчин байсан бол ядаж нэг хүрэл медаль хүртэх байсан шүү гэж бодогддог уу?

-Энэ нь олон зүйлээс шалтгаалсан. Яг тэр үед улс орны эдийн засаг болон улс төрийн байдал хүнд байсан. Төр засгаас урлаг, спортод анхаарал бага хандуулсан. Мөн сургалтын систем алдагдсан. Сайн дасгалжуулагчид үндсэн ажлаа хийгээгүйгээс амжилт гаргах нь багассан. Хамгийн гол нь эдийн засгаар дэмжиж чадаагүй болхоор медаль хүртэж чадаагүй гэж боддог. Харин "Лондон 2012" зуны Олимпийн наадмаас дэлхийн аварга С.Батцэцэг хүрэл медаль хүртсэнд их баярлаж явдаг.

1988 оны Сөүлийн Олимпийн хүрэлт медальт, Ази тивийн аварга, Монгол улсын гавьяат тамирчин Н.Энхбат: Ямар ч тэмцээнд оролцсон алтан медаль авна гэж боддог байлаа

-Олимпийн өдрийн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баяртай байна. Энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг. Олимпийн медальт тамирчдын хийморь сэргэдэг гэж боддог. Ялангуяа хилчид Олимпийн бамбарыг буухиалж Монгол орноо тойрч байгаад их баярлаж байна.

-Монголын боксчдоос хамгийн анхны Олимпийн хүрэл медалийг та хүртэж байсан. Тэр үеийг эргээд дусахгүй юу?

-Бидний үеийн тамирчид нийгмийн байдлаас болоод амжилтаараа хохирсон тал байгаа. 1984 онд АНУ-д Олимпийн наадам болоход ЗХУ бойкотлосон. Ид амжилт гаргах нас минь тэр үед тохиосон. Дараа нь 1988 онд БНСУ-ын Сөүл хотод Олимпийн наадам болоход оролцож хүрэл медаль авсан. Тэр үед мөнгөн медалийн төлөө Шведийн тамирчинтай тоглож хожигдсон. Дараа нь Азийн аварга болоод зодог тайлсан.

-1986 оны Дэлхийн аваргад оролцож чадаагүй гэсэн. Ямар шалтгаан байсан бэ?

-Ямар ч тэмцээнд оролцохдоо түрүүлнэ гэж л боддог байлаа. Харамсалтай нь тухайн үеийн нийгмийн байдал ид хөдөлгөөнтэй үзэл суртал давамгайлсан байсан болохоор Олимп, Дэлхийн аваргад оролцож чадаагүй.

-Боксын спортоор хэдэн жил хичээллэсэн бэ?

-10 жил энэ сайхан спортоор хичээллэж Олимпийн медаль хүртлээ. Азийн аварга боллоо. Мөн төр засгаас дэмжиж Олимп, дэлхийн медальт тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал өгч байна. Хүүхэд залуучуудад хандаж хэлэхэд ямар нэгэн спортоор хичээллээрэй гэж захиж хэлье. Тухайн хүн амжилт гаргахаас гадна хүмүүжил, бие организмд спорт маш их ач холбогдолтой.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.9) 2014-06-23 19:31
      • 0
      • 0

      бамбар гэрэлтэй байдаг унтарсан бамбарыг ингэж ёслохгүй

      Хариулах