"Хаадын хаан" морин паркад тухлан саатсан минь

Twitter Print
2014 оны 06-р сар 23-нд 09:51 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гарагт Тэрэлжийн гүүрнээс 5км, замаасаа баруун эргээд 500 метр газар яваад хүрэх “Үүрийн-Од” компанийн “Хаадын хаан” морин парк нэртэй амралтын шинэ баазад хүрлээ. Гаднаасаа л зочдын тав тухтай байдлыг хангасан тус газрыг зорин 500 гаруй зочид ирсэн харагдав. Учир нь тус паркын нээлтийн ажиллагаа Спорт, соёл, аялал жуулчлалын яамны жуулчны улирлын нээлтийн ажиллагаа давхар болсон юм. 

Нээлтийн ажиллагаанд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Аялал жуулчлалын газрын дарга Б.Маргад тэргүүтэй албаны хүмүүсээс гадна БНАСАУ-ын 10 гаруй компанийн төлөөлөл жуулчид, сонирхон ирсэн монгол жуулчид харагдлаа. Монголчуудын хувьд морин парк гэгчид анх удаа ирж байгаа нь энэ юм. Учир нь манайханд жуулчдыг татах мэргэжлийн төвшинд үзүүлж чадах үзвэртэй, амралтын бааз байдаггүй.

Нээлтийн үйл ажиллагааг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нээж "Аялал жуулчлалаар ирэх зочдын 99 хувь нь Улаанбаатарт ирдэг. Тиймээс өдрийн аялалын хөтөлбөртэй "Үүрийн-Од компанийн" тус морины үзүүлбэр гаднаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулна гэж бодож байна" гэлээ. 

Үүний дараа “Түмэн эх” чуулгын уран бүтээлчид морин хуурын эгшгээр олныг уярааж, хөөмийн гайхамшиг, уртын дуугаараа мэндчилгээ дэвшүүлэв. Үүнийг харсан нэгэн настай Герман эмэгтэй жуулчин баярлаж дууны хэмнэлд нь толгойгоо хөдөлгөн, хөгжиж байсныг нуух юун. Ингээд нээлтийн хөтөлбөр цааш морин үзүүлбэрийн багийн уран бүтээлчдийн жүжигчилсэн тоглолтоор үргэлжлэв.

Тэд Монголынхоо түүхийг залуучууддаа таниулахаар орчин үеийн “Чингис хаан” тоглолтыг драмчилсан байдлаар үзэгчдэд хүргэсэн нь олны таашаалд нийцсэн юм. Байгалийн сайхан бүрдсэн амралтын цогцолбор, морины үзүүлбэр явуулахад тохиромжтой талбай бүхий тайзан дээр уг үзүүлбэр тоглогдсон нь хурсан олныг дуу алдан уухайлхад хүргэж, Монголоороо бахархах сэтгэлийг эрхгүй төрүүлсэн.

Гадны зочид төлөөлөгч, жуулчдын хувьд ч гэсэн монгол морины гайхамшгийг харж, монгол морь жүжигчидтэйгээ хэрхэн харилцаж жүжигчлэн тоглож байгаа нь тун сонирхолтой санагдсан бололтой ажиглаж байсан. Түүгээр ч барахгүй дайн байлдаантай жүжгийн хэсэг дээр морьтойгоо унасан хүүхэд морио хэрхэн удирдаж байгаа нь олныг гайхшруулав. Учир нь газарт унасан хүү мориныхоо амыг татсан чигтээ хамтдаа бараг 10 гаруй минут хэвтсэн юм. Хаадын хаан морин паркын хамт олны үзүүлсэн тус тоглолтод нийтдээ 30 гаруй уран бүтээлч, 70 гаруй морь оролцож байсан. Морь давхиж байх үед эмээлэн дээр нь хэдэн хүн зогсч болдогийг харуулсан үзүүлбэр хамгийн сонирхолтой нь байлаа. Ингээд олон зүйл нуршилгүй гэрэл зургуудыг хүргэж байна.

Энэ үеэр Морин спорт уяачдын холбооны алдарт уяач О.Батгайтай уулзаж сэтгэгдлийг нь сонирхлоо.

-Миний хүү энэ тоглолтод оролцож байгаа. Сэтгэгдэл өндөр байна. Монгол хүүхдүүд монгол морийг ингэж сургаад үзүүлбэр бэлтгэж байгаа нь бахархмаар зүйлийн нэг болж байна.

Бидний залуу байхад ийм хэмжээнд хүртлээ арай хөгжөөгүй байж. Одоо цаг үе өөр болсон болохоор сайхан санагдаж байна.

Хүмүүс ч их ам сайтай байх шиг харагдсан. Цаашдаа ч улам хөгжиж сайхан болох байх гэдэгт итгэж байна.

Ц.Оюунгэрэл: Энэ жил 500 мянган жуулчин хүлээн авна

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Жуулчдыг Монголд авчрахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Манай улсад ямар нэгэн жуулчны компаниар дамжуулахгүй хувиараа ирдэг жуулчдын хувьд Улаанбаатарт ирчихээд үзэж харах, хийх юмаа төдийлөн сайн мэддэгүй. Харин тэднийг хөгжөөх гайхалтай аялал нь өнөөдрийн морин спортын үзүүлбэр шиг өдрийн хөтөлбөрийг санал болгох хэрэгтэй. Учир нь Монголд хөдөөгийн сайхан байгальд өдөрт нь буцаадаг ийм үзүүлбэртэй мэргэжлийн төвшний бааз байхгүй гэхэд хэлж болно. Гадныханд эх орноо сурталчлах “Үүрийн-Од” компани шиг хөрөнгө оруулагч нар Монголд хэрэгтэй.

Бидний сонирхож үзсэн өнөөдрийн үзүүлбэр бол монголд жуулчдын тоог нэмэгдүүлж, аялал жуулчлалаас жуулчны салбарт оруулах орлогын хэмжээ нэмэгдүүлэхэд үнэхээр тохирсон хөрөнгө оруулалт болсон гэж дүгнэж байна. Бид энэхүү үйл ажиллагаатай уялдуулан аялал жуулчлалын салбарынхаа  улирлын нээлтийг хийж буй юм.

-Жуулчдын улирал хэдийнээ эхэлчихээд байна. Танай яамны зүгээс аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд ямар дорвитой ажил хийсэн бэ?

-Энэ жилийн хувьд хамгийн том арга асуудал бол Монгол Улсад визгүй ирдэг зочдын тоог нэмэгдүүлэх байсан. Харин аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө энэ асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Тодруулбал, урьд нь манайд 17 орны жуулчид визгүй зорчдог байсан бол үүн дээр 42 орныг визгүй ирдэг болгосон. Тэгэхээр нийтдээ 61 орноос жуулчид визгүй зорчих боломжтой болж байгаа нь Монголыг сонирхогч гадаад иргэдийн ирэх урсгалыг улам нэмэгдүүлнэ гэж тооцоолж байна. Мэдээж визгүй зорчдог зорчигчдын тоо нэмэгдэнэ гэдэг нь аялал жуулчлалын компаниар дамжин ирдэг жуулчдаас гадна хувиараа ирдэг жуулчдын тоо ч өснө гэсэн үг.

-Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ жилийн төсөв хөрөнгө хэр байсан бэ. Юунд зарцуулж байгаа вэ?

-Энэ жил манай яам тус бүрийнх нь зах зээлүүдэд зориулсан сурталчилгаанд нь хөрөнгө төсөвлөсөн. Тухайлбал, Японыг сонирхож байсан байгууллага тус улсад нь очиж үзэсгэлэн яармагт оролцох гэх мэтийн соинрхсон чиглэлийнх нь дагуу улс орнуудад нь хуваарилан өгч хэрхэн холбогдоход нь тусалж байна. Франц аялагчдыг сонирхож байгаа аялал жуулчлалын компаниуд нь Парист аялал жуулчлалын яармагт оролцоорой, зах зээлүүдэд нь тодорхой хэмжээний мөнгө гаргаж өгөөд сурталчилгаагаа явуулахад нь тусалж байгаа. Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг олон зах зээлд сурталчлахад бид мөнгөө гаргаж байна гэсэн үг.

-Монголыг зорин ирэх жуулчдын худвьд монголын тухай мэдээлэл тааруу байдаг?

-Тийм шүү. Бид энэ асуудлыг шийдэж өгсөн. Ер нь Монголыг зорин ирэгсдийн хамгийн их анхаарал хандуулдаг зүйл нь Монголын талаар баталгаатай мэдээлэлгүй, үүнийг шийдэж өгөхийг хүсдэг. Бид энэ ажлынхаа хүрээнд Mongolia.travel гэсэн сайт ажиллуулж эхэлсэн. Энэ сайтдаа бүх компаниудынхаа онцлогийг сурталчилж өгнө. Монголд ирээд үзэх үзүүлбэрүүдийн сонирхолтой хөтөлбөрүүдийг ч байрлуулна.

-Аялал жуулчлалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай яригдаж байсан. Тухайлбал, монголдоо мөрийтэй тоглоомын газар байгуулснаар гаднаас ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ гэдэг?

-Энэ тухай хоёр ч хуулийн төсөл боловсруулсан. Үүнд Төлбөрт таавар казиногийн тухай хууль, Бооцоот морин уралдааны тухай хууль гэсэн төслүүд одоо олон нийтээс санал авах ажиллагаа нь явагдаж байна. Одоохондоо хараахан УИХ-д өргөн барьж амжаагүй. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдлаа гэхэд дараа жилээс л хэрэгжиж эхлэнэ гэсэн үг. 

-Аялал жуулчлалын гэх тодотголтой компаниуд олноор нэмэгдэж байна. Тэднийг чанаржуулах асуудал дээр яаж ажиллаж байгаа вэ?

-Аялал жуулчлалаар үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа хувь хүн, албан байгууллага яамнаас ямар ч тусгай зөвшөөрөл авдаггүй. Дэлгүүр, ресторан яаж нээдэг вэ, түүнтэй адил аж ахуйн нэгжийнхээ хуулиараа бүртгүүлээд үйл ажиллагаагаа явуулж болно. Тэгэхээр аялал жуулчлалын компаниудын хувьд лицензгүй чөлөөтэй гэсэн үг. Тухайлбал аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд үйлчилгээгээрээ л өрсөлдөх хэрэгтэй болно. Үйлчилгээ сайтай, ариун цэвэр, стандартын төвшнөөрөө хоорондоо өрсөлдөж, хэн шалгарсан нь аялал жуулчлалын зах зээл дээр үлддэг. Монголд ирсэн жуулчид үйлчилгээ сайтай компаниар үйлчлүүлээд буцсан бол дахин заавал үйлчлүүлдэг нь мэдээж хэрэг. 

-Эдийн засгийн хямралтай холбоотойгоор Монголд ирэх жуулчдын тоо бага байх вий гэдэг хардлага байгаа?

-Эдийн засгийн хямрал Монголоос шалтгаалахгүй дэлхийн эдийн засгийн хямралтай холбогдож өөрчлөгддөг. Дэлхийн эдийн засгийн хямрал гараад эхлэнгүүт Монгол шиг хол оршдог, онгоцоор олон цаг явдаг, өртөг өндөртэй орнууд руу ирэх жуулчдын тоо багасдаг. 2013 онд 10 мянга гаруй хүнээр багассан байгаа. Хэдийгээр дэлхийн эдийн засаг өнгөрсөн жил хямарсан ч бид энэ жил 500 мянга гаруй жуулчин авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

М.Энхбат: БНСУ-ын Чежү арал дээр үзүүлж байхдаа Монголдоо ийм парктай болно гэсэн мөрөөдөлтэй ирсэн

 “Үүрийн-Од” компанийн менежер М.Энхбаттай уулзлаа.

-Монголдоо ийм парк нээх санаа хэзээ төрсөн бэ?

-2008 онд Солонгосоос ирээд л гадаад биш монголдоо тоглох ёстой гэдэг санааг анх гаргасан. Монголын хүүхдүүд үзэж их түүхээ мэдэж, их соёл орон гэдгээрээ бахархах ёстой гэдэг үзэл дээр л үүнийг байгуулах санаачлага төрсөн. Ингээд “Хаадын хаан” морин парк байгууллаа.

-“Хаадын хаан” морин паркт хэчнээн морьд байдаг вэ?

-Манайх 70 гаруй адуу, 30 гаран  жүжигчинтэй ажиллаж байна.

-Хэдэн жилийн өмнөөс энэ үзүүлбэрийг үзэгчдэд хүргэх болсон бэ?

-Анх 2008 оноос Солонгосын Чэжү арал дээр 60 морьтой тоглуулж байсан. Монголдоо ирээд 3 жил болж байна.

-Тэгэхээр одоо БНСУ-д морины үзүүлбэр байхгүй гэсэн үг үү?

-Үгүй ээ. Солонгост манай тоглолтын баг биш харин өөр морин үзүүлбэрийн баг ажиллаж байгаа. Гэхдээ Монголынхоо биш Солонгос баатруудын тухай сэдэвтэйгээр монгол хүүхдүүд тоглож байгаа.

-Гадаадын жуулчдыг монголдоо, монголынхоо түүхээр татахын тулд хийж буй энэхүү тоглолтын үнэ ханш, тоглогдох хөтөлбөр нь ямар байх вэ. Өдрийн хэдэн тоглолттой юм бэ?

-Манайх өдрийн 2 тоглолт үзүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Жуулчдын тооноос хамаараад дээрээс нь нэмэлтээр хөтөлбөр өөрчлөгдөж болно. Бид ийм төрлийн тоглолт ямар үнэ ханштай байж болох вэ гэдэг талаар судалсан. Ингээд гадны жуулчид 30 мянга, монголчууд 20 мянга, хүүхдийг 7500 төгрөгийн үнэтэйгээр үзүүлж байхаар болсон. Манайх 400 хүний тохилог суудал бүхий үзвэрийн асартай.

-Хэдэн насны жүжигчид байна вэ. Харахад нас бага хүүхдүүд цөөнгүй байна?

-12-25 насны 30 гаруй залуус багш нарынхаа удирдлагаар морьдоо сургаад ажиллаж байна. Бага насны жүжигчдийн хувьд багш нар нь байнгын хараа хяналттай байдаг. Тиймээс тоглолтын явцад алдаа гарах нь харьцангуй бага. Алдаа гарсан ч аюулгүй ажиллагааг цаг тухайд нь таслан зогсоох аюулгүй ажиллагааг хийгээд явж байна.

Х.Эрдэнэсолонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.