Ц.Элбэгдорж: Хувийн хэвшил хөгжлийн тулгуур

Twitter Print
2014 оны 06-р сар 23-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Монголын Бизнесийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ–ийн хэлсэн үг


Та бүхний энэ өглөөний амгаланг айлтгая. Юуны түрүүнд хоёр зүйлд талархал илэрхийлье. Манай улсад сүүлийн 20 гаруй жилд бүтээсэн нийт баялгийн дийлэнх хэсгийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэсэн. Алдаа оноотой энэ замаар явахад хувийн хэвшлийнхэн хөгжлийн хамгийн чухал тулгуур хүч нь байсан юм. Энэ салбарт амжилт бүтээлтэй ажиллаж, улс орныхоо сайн сайханд үргэлж хувь нэмрээ оруулан, хөрөнгө оруулалт хийж ирсэн хувийн хэвшлийнхэндээ гүн талархал илэрхийлье.

Өнөөдөр хувийн хэвшлийнхэн өөрсдийн санаачилгаар анх удаа дээд хэмжээний уулзалтаа хийж байна. Өмнө нь ийм уулзалтыг ихэвчлэн Засгийн газар, төрийн зүгээс санаачилдаг байсан. Хувийн хэвшлийнхэн ийнхүү зохион байгуулалтад орж, санаачилгатай ажиллаж байгааг би хувьдаа дэмжиж байна. Монголын Эдийн засгийн чуулган, Бизнесийн зөвлөл зэрэг олон нийтийн байгууллагууд хамтран энэ чуулганыг зохион байгуулж байгаа нь сайшаалтай хэрэг юм.

          Бид  хувийн хэвшлээ “чөмөгжүүлэх” цаг иржээ


Монголын нийгэм, бидний сонгосон зам хэзээ зөв чиглэл рүү явах вэ? Нэг талаас хуулиа хэрэгжүүлдэг төр, нөгөө талаас төрөөс хариуцлага шаардаж, хариуцлагыг хүлээлгэж чаддаг, зохион байгуулалттай олон нийт бүрэлдэн тогтвол Монголын нийгэм зөв замаар явах юм. Зохион байгуулалттай, хүчирхэг байж болох салбар бол манай хувийн хэвшлийнхэн. Хувийн хэвшил ийнхүү зохион байгуулалтад орж байгааг харахад сэтгэл хангалуун байна.

Хувийн хэвшлийг дэмжих төр засгийн бодлого хомс байна гэж ярьдаг. Бид энэ асуудлыг нөгөө талаас нь харах хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн өөрсдийн дуу хоолойг хүргэх бүтээлч зохион байгуулалтад орох хэрэгтэй байсан. Харин өнөөдөр энэ чиглэлээ зөв сонгоод явж байна. Хувийн хэвшил, хувиараа бизнес эрхэлж буй иргэдээ харахаар сэтгэл өвдөх үе бий. Манай хувийн хэвшил өнчин өссөн хүүхэд шиг өдий хүрснийг бид мэднэ. Бидний өмнө хувийн хэвшлээ дэмжиж, чөмөгжүүлэх цаг иржээ.

Хүүхэд өсөн торниод, хожмын нэг өдөр эцэг эхийнхээ ачийг хариулдагтай  адил хувийн хэвшил өргөжин тэлснийхээ дараа улс орныхоо хөгжилд ач тусаа өгдөг. Үүний адилаар манай хувийн хэвшилд төр засаг болон олон нийтийн дэмжлэг хэрэгтэй байгаа.

Улстөрчид сонгууль болохоор хэвийн хувшил рүү шаагилдаад хүрээд ирдэг, сонгууль дуусахаар яваад өгдөг. Сонгуулийн үеэр улстөрчид хандив мөнгө гуйгаад ирдэг ч сонгуулийн дараа хэлсэн амлалтаа мартаж, татвар дарамт учруулдаг. Энэ байдлыг бид өөрчлөх шаардлагатай. Ингэхийн тулд хувийн хэвшил, иргэдийн төлөөллөөс төр засаг руу хандсан зохион байгуулалт хэрэгтэй байна.

Энэ цаг мөчөөс эхлээд улстөрчдийн ийм увайгүй байдалд хувийн хэвшил цэг тавьж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн үеэр биш дараа нь хувийн хэвшлийг дэмжих санаагаа улстөрчид шийдвэртээ тусгах ёстой.

          Хувийн хэвшил нь улс орны хөгжлийн хөтөч болох ёстой


Хувийн хэвшил яагаад чухал вэ? Би яагаад хувийн хэвшлийг бүх талаар дэмжих тал дээр санал нэгддэг вэ гэхээр хамгийн бага зардлаар хамгийн оновчтой шийдэлд зөвхөн хувийн хэвшил хүрч чаддаг.

Мэдээж хэрэг хувийн хэвшил ашиг орлогын төлөө ажиллах ёстой. Ашгийн цаана дэвшил байна гэж би хардаг. Аливаа ашигтай үйл ажиллагааны цаана дэвшил, сайн зохион байгуулалт, чанд сахилга бат байдаг. Иймээс хувийн хэвшил нь улс орны хөгжлийн хөтөч болох ёстой.

Та бүхэнд нэг зүйлийг сануулъя. Бид тэртээ 1989 оны сүүлчээр хувийн хэвшлийн энэ хүч чадал, боломж, бололцоонд итгэж  зах зээлийг сонгосон юм. Хувийн хэвшлийн энэ бүтээлч боломжийг ашиглах гэж сонгосон шүү дээ. Мөн энэ талаар Үндсэн хуульд тусгасан. Үүнийг манай шийдвэр гаргагчид өдөр тутмынхаа ажилд баримтлах ёстой.

Хувийн хэвшил хэмнэлттэй, хариуцлагатай, хяналттай байдаг. Энэ байдал нь шийдвэр гаргагчдад төдийлөн таалагддаггүй учраас миний яриад байгаа дутагдал байдаг байх. Албан тушаал наймаалдаг, тендер, лиценз, гэрчилгээнээс мөнгө олдог шийдвэр гаргагчид хувийн хэвшилтэй хамтран ажиллавал гэмт үйлдэл нь илрэх учраас зугтдаг байх гэж боддог.

          Ухаалаг төр гэдэг нь хийх ёстой ажлаа хийдэг, байх ёстой байрандаа байдаг төрийг хэлнэ


Хувийн хэвшлийн салбарт сүүлийн жилүүдэд хүндрэл бэрхшээл тулгарсан ч цөөнгүй дэвшил гарсан. Төр, олон нийтийн салбарт хамгийн их доголдол бий. Иймээс би ухаалаг төрийн тухай санаачилгыг дэвшүүлсэн. Ухаалаг төр гэдэг нь хийх ёстой ажлаа хийдэг, байх ёстой байрандаа байдаг төрийг хэлнэ. Үүнийг зөвхөн яриад өнгөрөх биш, энэ ажлыг тууштай, дэс дараалалтай хэрэгжүүлэх болно.

 

Сүүлийн үед нэг дэвшил гарсан нь хувийн хэвшлийг дэмжих талаар төр засаг бодлогын түвшинд ярилцдаг болжээ. Эдийн засгийн хямралаас гарахын тулд хувийн хэвшлийг дэмжиж, энэ салбарт тулгуурлах ёстой юм байна гэж ярих болсон. Хувийн хэвшлийг дэмжих сайн бодлого, үр дүнтэй механизм санаачлах, төрийн бизнест оролцох оролцоог хязгаарлах талаар ярилцдаг болсон нь үнэхээр сайшаалтай.

Ерөнхий сайдаас эхлээд аймаг, сумдын Засаг дарга нарын түвшинд бүх ажлыг хэмжих хэмжүүртэй болгоно. Тухайн аймаг, сумдын нутагт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орсон, ямар үйлчилгээ, хэдэн үйлдвэр шинээр бий болсон, хэчнээн ажлын байр бий болсноор тэдний ажлыг хэмждэг болно. Үүнийг бодлогодоо тусгаж, төрийн албан хаагчдын ажлыг дүгнэхдээ авч үздэг хэмжүүр болгох юм.

          Төр оролцох бол өөрийн хөрөнгөө оруулсан байх ёстой


Төрийн оролцооны тал дээр маш тодорхой бодлого гарсан. Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон миний бие Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр маш тодорхой бодлого гаргаж, чиглэл өгсөн.

Зарим нь энэ тухай ойлгоогүй, хувийн компаниудыг шахаж, дарамтлаад явж байгаа. УИХ ч энэ тал дээр нэгдсэн байр суурьт хүрсэн. Энэ бол том дэвшил юм. Төр оролцох бол өөрийн хөрөнгөө оруулсан байх ёстой. Зээлээр юм уу, эсвэл төрийн нүүрээр төдөн хувь авна гэж түрэмгийлж болохгүй.

Хувийн хэвшилд мөнгө босгоход төрийн оролцоо тодорхой хэмжээгээр хэрэгтэй. Тэгэхээр аливаа санаачилга гаргах эрхийг төрд бус, хувийн хэвшилд өгье гэж хуульд тусгах гэж байгаа. Хувийн хэвшил өөрөө санал гаргаж, тодорхой хувьд хөрөнгө оруулахыг төрөөс хүсэх эрхтэй байхаар шийдье. Тэгээд тодорхой хугацаа зааж өгснөөр төр хөрөнгөө оруулахгүй бол өөр эх үүсвэр хайх ийм тогтолцоотой болгоё. Ингэснээр төр оролцох бол мөнгөө төлөх ёстой болж байна.

 

Хувийн хэвшил зөвхөн хувийн хэвшилтэйгээ бизнес ярилцдаг байг. Төрийн зүгээс томоохон уурхайнуудыг эргэлтэд оруулах гэхээр хүндрэл бэрхшээл олонтаа тулгардаг. Төрийн төлөөлөл яваад очихоор улс төр ярьдаг. Харин бизнесийн төлөөлөл очихоор бизнес ярьдаг. Хэн ч бизнесийн төлөөллөөс сайдаас шаарддаг тэр зүйлийг шаарддаггүй. Ёс зүй муутай сайд очиход хээл хахууль ярьдаг. Иймээс хувь нь хувийн хэвшилтэйгээ ярилц, харин хувийн хэвшил нь төрөөр шийдүүлэх тусламж, татварын хөнгөлөлт зэргийг ярих хэрэгтэй. 

          Монголын нэрийг унагахыг хүлээн зөвшөөрч чадахгүй


Оюутолгойг жишээ татъя. Төр 34 хувийг эзэмших нь буруу байсан гэж би боддог. Өмнө нь ч ийм байр суурьтай байсан. Рио Тинто,  Монголын Засгийн газар хоёр дундаасаа хүүхэдтэй болчихсон хосууд шиг болоод байна. Одоо дундаасаа гарсан хүүхдийнхээ ирээдүйн тухай ярилцахаас өөр аргагүй. Тэдний хэлэлцэх асуудал олширсоор гуч дөч хүрдэг байсан. Одоо хумигдсаар нэг гарын хуруунд багтахаар болсон байна. Монгол Улсын нэр хүндийг унагах, бодит байдлыг буруугаар тайлбарлахыг, энэ байдлаар бусад хөрөнгө оруулагчдыг үргээхийг би лав хүлээн зөвшөөрч чадахгүй.

          Хямралын сургамжаас бид үйлдвэрлэгч орон болох ёстойг ойлгоё


Монголд хөрөнгө оруулахаар ирсэн л бол шийдэх асуудлаа шийдээд, хамтраад ажиллах ёстой. Тавантолгойн уурхайг олон янзаар эргэлтэд оруулах гэж оролдож байна. Төрийн, нүүрс зөөх компани хүртэл байгуулаад ажиллаж байна. Олигтой үр дүнд хүрэхгүй л байна.

Энэ ажлыг хувийн хэвшилд өгөх нь зүйтэй гэсэн чиглэлийг би идэвхтэй дэмжиж байгаа. Төрийн хийж чадахгүй байгаа гэрээ хэлэлцээрийг гадны хөрөнгө оруулагчидтай хувийн хэвшил хийг. Үүнд чухам ямар дэмжлэг төрөөс хэрэгтэй байгаа тал дээр ярилцах хэрэгтэй.

2014-06-20business_big

Эдийн засаг хямарсан хямраагүй гээд маргалдаж байна. Ямар ч байсан биднээс өөрчлөлт хийхийг, ухаарахыг шаардаж байна гэж ойлго. Төр ажил хийсэн ч зардал ихтэй, бизнес хийсэн ч ашиггүй, зээл авсан ч нулимс дагуулж байна гэдгийг бид энэ хямралаас ойлгох хэрэгтэй.

          Монголын төр авсан зээлээ эргэж төлнө гэдэгт итгэлтэй байж болно


Чингис бонд гаргасан эхний өдрөөс л бид хариуцлагын тухай ярилцсан. Манай нийгмийн нэг давуу тал нь энэ юм л даа. Асуудлыг нээлттэй ярьж, шүүмжилж чаддаг. Монголд хөрөнгө оруулсан хүмүүс унтаж чадахгүй, компьютерээ хараад, даралт нь ихсээд биднийг хараад сууж байгаа. Монголын төр авсан зээлээ эргэж төлнө гэдэгт итгэлтэй байж болно. Харин яаж төлөх вэ? Хувийн хэвшлээсээ авсан татвараар, хийж бүтээсэн зүйлээсээ төлөх л болно.

Энэ хямралаас бид бүтцээ зөв болгох, ажлаа сайн хийх, үйлдвэрлэгчид болох ёстойг ойлгох учиртай. Монгол түүхий эд ханган нийлүүлэгч учраас бид үүнтэй холбоотой хямралд бүрэн өртдөг. Дутуу боловсруулаад гаргавал хямралд өртөх нь арай бага. Харин бид бүрэн боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн гаргавал хямрал хаалганы цаагуур өнгөрдөг. Төмрийн хүдрийг түүхийгээр нь биш тодорхой хэмжээнд баяжуулаад, боловсруулаад гаргавал үнэ нь нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр бид хямралд бага өртөнө.

Зэсийн баяжмалаа эргүүлээд кабель зэрэг эцсийн бүтээгдэхүүн болговол хямралаас нэлээд хол байх боломжтой. Ямааны ноолуур дээр энэ нь маш тодорхой харагддаг. Түүхийгээр нь гаргавал нэг кг нь 80 мянган төгрөг. Самнаад угаагаад гаргавал 160 мянган төгрөг. Утас хийвэл илүү үнэ хүрнэ мянган төгрөг, цамц хийвэл бүр илүү ашиг өгнө.  Ингэж л бололцоот баялгаараа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийх хэрэгтэйг энэ хямралт байдал үнэхээр хатуугаар хэлж өгч байна. Эндээс бид авах ёстой сургамжаа авах хэрэгтэй.

          Чадвартай хувийн хэвшил, чадвартай хувь хүн, ухаалаг төр Монголын ирээдүй


Хямралаас гарах Монголын хөгжлийн зам бол миний хувьд бодит сектор юм. Бодит сектор гэдэг бол хувийн хэвшил. Яг энэ хямралын үед хувийн хэвшил тулалдааны талбарт чардайгаад л үлдэж байна.

Нөгөө их юм амлаад л, улстөржиж давхиад, цуглаад байсан улсууд өнөөдөр байхгүй болсон. Хувийн хэвшлийнхэн л татвараа төлдгөөрөө төлөөд, бизнесээ хийхийн тулд “хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд”, илүү зардлаа хасаад, бүр болохгүй бол орон тоогоо цомхотгоод, өр зээлээ тавиад л зүтгэж байгаа.

Ямар учраас хувийн хэвшлийг дэмжээд байна вэ гэвэл хувийн хэвшил хэцүү үед бодитой үлддэг юм байна. Цээжээ балбасан улсууд алга болчихдог. Хэд балбаад л, зорилгодоо хүрээд л алга болдог юм байна. Тийм учраас хувийн хэвшил бол бидний хөгжлийн зам юм. Ер нь чадвартай хувийн хэвшил, чадвартай хувь хүн, ухаалаг төр. Ийм гурван зүйлийг бид сонгож, зөв хийж чадах юм бол Монголын хөгжил ирээдүйтэй харагдаж байгаа юм.

Одоо бид төрийн дэмжлэг гэж ярихаасаа илүү үлддэгээр нь, байдгаар нь, хийж чадаж байгаагаар нь хувийн хэвшлийн дэмжлэгийн тухай яримаар байгаа юм. Төрийн дэмжлэг гэж ярихаа болих хэрэгтэй. Хувийн хэвшлийн дэмжлэгийг оруулъя. Энэ салбар яагаад унаад байна вэ? Хувийн хэвшлийн оролцоогүй болоод унаад байгаа юм байна гэж нөгөө талаас нь ярих нь зөв.

Энд хэдэн зарчим хэлье. Нэгд, Хувийн хэвшлийн оролцоо боломжтой салбарт 60 хувиас багагүй байя. Төрийн оролцоо 40 хувиас ихгүй байя. Өнөөдөр 100 хувь төрийн хэвшилд байгаа салбаруудыг ийм хэлбэрт шилжүүлж болно гэж бодож байна. Хувийн хэвшил хөрөнгө оруулбал энэ боломжийг нээж өгье.

Давхар хөрөнгө оруулангуут нь менежментийг нь хувийн хэвшилд шилжүүлье. Өмч хувьчлалын асуудлыг УИХ дээр ярихдаа, цаашид хуулиа батлахдаа энэ хоёр зарчмыг дэвшүүлэх хэрэгтэй.

          Төрийн маш их өмч өнөөдөр бизнесийн эргэлтэд орж чадаагүй байна.


Одоо компанийн засаглал руу оръё. Та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсад гайхамшигтай хөрөнгө, нөөц, боломж байна. Эрүүл мэнд, боловсролын салбар байна. Соёл, спортын салбар байна. Ямар их байшин барилга, ямар их үндсэн хөрөнгө байна вэ. Үүнийг эргэлтэд оруулахад Монгол Улсад хэчнээн их эдийн засгийн боломж байна вэ. Эзэмшиж байгаа төрийн хүмүүс нь манаач хийгээд, хэдэн төгрөг аваад л байж байгаа.  Хувийн хэвшлийн оролцоо, хувийн хэвшлийн менежментэд өгвөл бараг гэрээрээ дотор нь ирж хонож байгаад л өөд татна. Түүн дээр нь төрийн зүгээс үйлчилгээ, чиглэлийг нь өөрчлөхгүй байх зэргийг нь  маш тодорхой зааж өгөх хэрэгтэй.

Хүмүүс нэг юмыг ойлгох хэрэгтэй, андуураад байдаг юм. Төрийн өмчийг төр нь  их сайхан харж хамгаалж байгаа гэж. Тэр чинь аль дээр “хувьчлагдчихсан” байгаа. Тэнд байгаа захирал, дарга, төрөөс тавигдсан этгээдүүдийн хувийн өмч болчихсон байгаа шүү дээ. Гэхдээ тэднийг буруутгах хэрэггүй. Хүмүүс бас учраа олчихсон байгаа юм. Та нар улсын эмнэлгүүд, улсын их, дээд сургуулиудаар яваад үзээрэй. Хэнд түрээслэх вэ, хаана гуанзаа нээх вэ гээд бүгд учраа олчихсон. Одоо тэднийг шийтгэх биш, хүлээн зөвшөөрөх л үлдсэн. 

Тэнд удирдлагыг нь зөв болгож, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж өгөх хэрэгтэй. Дүрэм, журмыг нь, стандартыг нь  тодорхой болгож өгөх хэрэгтэй. Энд асар их нөөц боломж бий. Орон сууцны хувьчиллаас илүү , хэд дахин их боломж, их өмч өнөөдөр бизнесийн эргэлтэд орж чадаагүй байна.

          Бага зардалтай шийдэл олохгүй бол өндөр чанартай бүтээгдэхүүн гаргаж чадахгүй


Миний хэлэх гэсэн хоёр дахь зүйл бол бид бизнес моргейж гэдэг зүйл рүү орох хэрэгтэй. Өнөөдөр жижиг, дунд бизнесийнхэн, том нь ч ялгаагүй, байгаа мөнгөөрөө үндсэн хөрөнгө худалдаж аваад л эргэлтийн хөрөнгөгүй болчихоод байна. 200 мянган ам.доллартай хүн бол 50 м.кв байшин худалдаж аваад л дуусна. Гэтэл бизнесийн моргейжийн системийг оруулах юм бол  200 мянган ам.доллартай хүн түүнийхээ 30 хувиар нь, 60 мянган ам.доллараар байшин худалдаж аваад, 140 мянган ам.долларыг эргэлтэд оруулах боломжтой.  Тийм биз?

Найман хувийн хүүтэй орон сууцны зээл дээр бид харлаа шүү дээ. Бид бүгдээрээ мэдэж байгаа. Хэдэн төгрөгөөрөө  нэг байшин юм уу, нэг заал худалдаж аваад л дуусдаг. 

Тэгэхээр эргэлтийн хөрөнгийг нь суллаж өгөх хэрэгтэй. Найман хувийн хүү рүү оруулж өгөх хэрэгтэй. “Home equity loan” гэж нэг үг байдаг шүү дээ. Би үүнийг “Хуучин байшингийн зээл” гэж ойлгож байгаа. Үүнийг зах зээл хөгжсөн орнуудад маш их хэрэглэдэг. Одоо байгаа  сургууль, эмнэлэг зэрэг олон үл хөдлөх хөрөнгийг  ийм хэлбэр рүү оруулж чадвал маш их боломж бий.

Бид бага зардалтай шийдэл олохгүй бол өндөр чанартай бүтээгдэхүүн гаргаж чадахгүй. Өнөөдөр бага зардалтай шийдлүүдийг олохгүй бол Монголын эдийн засгийн хөгжлийг цаашид урт хугацаанд, тогтвортой авч явж чадахгүй. Моргейжид хамрагдаад явж байгаа, түүнийгээ төлөөд явж байгаа хүмүүс бол  Монголын дундаж анги. Тэд нар л баталгаатай байх юм бол, тэдний бизнесийг л дэмжээд өгөх юм бол Монголын аюулгүй байдал, Монголын хөгжил дэвшил тогтвортой, баталгаатай байна. Энэ хэлбэр өнөөдөр шийдлээ нэхээд байж байна.

Хүмүүсээс цэцэрлэг, сургууль хүрэлцэхгүй байна гэдэг. Алтан гахай жилийн 25 хувийн илүү төрөлт өнөөдөр нийгэмд ачаалал болж орж ирж байгаа. Алтан гахай жилийнхээ асуудлыг ийм байдлаар шийдье л дээ. Танд мөнгө байна. Боломж байна. Үүнийг моргейжид оруулъя. Та цэцэрлэг байгуулчих. 30 хувиа төлчих. 70 хувиа моргейж болгочих. Хэчнээн олон цэцэрлэгийг манай хувийн хэвшлийнхэн, эцэг, эхчүүд байгуулж чадах вэ. Хэчнээн их ачаалал төрөөс холдож чадах вэ. Ийм маягаар хармаар байгаа юм.

Түүнээс биш улс төрд орчихсон, өнөөдөр байгаа боломжоо ашиглах гэж хувийн хэвшлээр, суудлаараа наймаа хийж мөнгө нэхдэг, түүнийг олохын төлөө явдаг, бүх анхаарлаа түүнд чиглүүлдэг байдлаа болоих хэрэгтэй.

          Хөрөнгийн биржийг хувьчлах цаг болсон


Гуравдугаарт, манай санхүүгийн тогтолцоо арилжааны банкинд тулгуурласан ганцхан хөлтэй, ганц далавчтай байгаад байгаа юм. Үүнийг хоёр далавчтай болгомоор байна. Хөрөнгийн биржээ ажилд оруулмаар байна.

Монголын хөрөнгийн бирж гэж нэг “онигооны эзэн” хорин хэдэн жил явлаа. Олон янзаар өөрчлөх гээд чадсангүй. Нэг хүн аваачиж тавьдаг. Төрөөс томилогдсон хүн бол суух байр, унах машиныхаа л тухай боддог. Явах хугацааныхаа тухай л  боддог.

Хөрөнгийн биржийг хувьчлах цаг болсон. Брокерийн пүүсүүдэд нь л хувьчлаад өгчих хэрэгтэй. Ямар учраас Монголын хөрөнгийн бирж амьдрахгүй байна вэ. Авч байгаа шимтгэл нь хоёр хувь. Та бүхэн телевизийнхээ доогуур гүйж байгаа мэдээг хараарай. Тэнд 0,87, 0,10, 0,09 хувийн хувьцааны үнийн хэлбэлзлийн тухай ярьж байгаа шүү дээ.

2014-06-20business_big

Гэтэл хоёр хувийн шимтгэл төлдөг. Тиймээс хэн ч очихгүй. Та бүхэн ч хөрөнгөө, компаниа олон нийтийн хэлбэр рүү шилжүүлээч гээд очихгүй байгаа биз дээ. Хөрөнгийн бирж хэдийд хүнд хэрэгтэй байдаг вэ гэхээр ороход хялбар, гарахад хялбар л байх хэрэгтэй. Би өнөөдөр хувьцаа авлаа. Магадгүй буруу шийдвэр гаргаад худалдаад авчихсан бол машиндаа явж байгаад гар утаснаасаа эргүүлээд зарчихдаг, ийм л боломж надад байх ёстой.

Олонх хувьцаа  эзэмшигчдэд мэдээллийн нэг хэсэг нь далд байж байдаг, цөөн хэсэг нь ил байдаг, иргэдийг  хохироодог байж болохгүй. Мэдээлэл нь  ил байх ёстой. Мэдээллээсээ болоод,шимтгэлээсээ болоод, удирдлагаасаа болоод Хөрөнгийн биржийн асуудал цаашаа явж өгөхгүй байгаа юм. Эрх зүйн орчинг нь  жаахан сайжруулахад Монголын гэр бүлсэг баялагт тулгуурласан хувийн хэвшлийн баялаг олон нийтийн болж болно. Энэ чиглэл рүү бид явах ёстой.

          Хөрөнгө оруулалтанд хамгийн чухал нь баталгаа


Дээрээс нь Засгийн газрын баталгаа чухал. Бонд, болж буй үйл явцаас нэг юмыг харлаа. Нэлээд хэсгийг нь тоосго болгоод овоолчихлоо. Зам болгоод тавьчихлаа. Хэзээ өртгөө нөхөхийг нь мэдэхгүй байна. Хамгийн гол нь замынхаа арчилгааг шийдээгүй. Жилийн өмнө замаа тавьдаг. Хойтон жил нь эвдэрчихсэн байдаг. Замын арчилгааны менежментийг давхар шийдээгүй учраас энэ хөрөнгийн баталгаа, эргэн төлөгдөх баталгаа маш эргэлзээтэй болж байгаа.

Аль ч Засгийн газар нэрээрээ мөнгө олж болно. Хэр үнэтэй олох вэ  гэдэгт л асуудлын гол нь байна. Хамгийн чухал нь баталгаа. Тэрбум ам.доллар олоод ирлээ. Түүнийгээ баталгаа болгоод тавих ёстой шүү дээ. Та бүхнийг тавин сая ам.долларын төсөл хэрэгжүүлэх гээд зүтгэж явахад өөрт чинь 20 сая нь байгаа бол, хамтрагчаасаа нэмж 10-20 саяыг босгож болно. Засаг 10 саяын баталгаа өгвөл миний төсөл ажил хэрэгболох гээд байна гээд ирвэл засаг шууд баталгааг нь өгдөг байх хэрэгтэй.

Үйлдвэрлэлийн чиглэлтэй, мөнгө нь эргэж төлөгдөх боломжтой, банк нь үзээд зөвшөөрчихсөн бол босоод л ирнэ. Засаг одоо хөрөнгө оруулалт, төсвийн мөнгө,  зээлийг баталгаа руу оруулах ёстой л гэж бодож байна.                                                                                                                                 

Ойлгомжтой ярьцгаая л даа. Чи 30 хувиа босгочих. Хөрөнгө оруулагч 30 хувиа босгочих. Монголын Засгийн газар ард чинь 30 хувиа барьж байя. “Манай Засгийн газар 30 хувийг өгнө гэж байгаа юм” гэвэл яриа  хэлэлцээ илүү бүтэмжтэй болно. Иймэрхүү байдлаар “Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хууль баталчихсан байгаа. Энэ сангаа  амьдруулъя. Ингэх юм бол бид энэ хөрөнгийн зовлонгоос тодорхой хэмжээгээр ангижирч чадна гэж бодож байна.

          Тэтгэврийн сан нь хямралаас хамгаалах гол механизм юм


Миний дөрөв дэх хэлэх зүйл бол өнөөдөр бид мөнгө хайсан л хүмүүс байгаа. Нийгмийн даатгалын сан, тэтгэвэрийн сан гэж байдаг. Аливаа оронд тэтгэврийн сан гэдэг зүйл бол тухайн орны санхүүгийн баталгаа, боломж, хямрал, донсолгооноос хамгаалдаг хамгийн гол механизм болж хувирсан.

Монгол өнөөдөр Нийгмийн даатгалын сандаа ойролцоогоор гурваас таван их наяд төгрөгийн өртэй байна. Тухайлбал, би улс, олон нийтэд 25 жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Дахиад 10 жил төлнө. Миний төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл бол маргааш нь би аваад хэрэглэх мөнгө биш. Би 30 жилийн дараа тэтгэвэртээ гарахад тэр мөнгө надад эргэж төлөгдөх ёстой.

Миний хэлэх зүйл бол одоо өртэй, хоосон байгаа нийгмийн даатгалын сангаа лмөнгөжүүлчих. Тэгээд дээр нь эзэнжүүлчих. Элбэгдорж гэдэг хүн 23 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол миний төлсөн 10 сая төгрөгийг л миний нэрийн дансанд хийчих. Би түүнийг одоо авахгүй. Намайг тэтгэвэрт гарахад миний тэтгэврийг тэр данснаас эргэж өгөх ёстой.

Магадгүй тэр 10 сая төгрөгийг тодорхой хэмжээний, жишээлбэл, дөрвөн хувийн хүүтэйгээр эргүүлээд бизнесээ дэмжихэд ашиглах ёстой. Жилдээ нэг их наяд төгрөг, дараа жил нь дахиад нэг их наяд, түүний дараа жил дахиад нэг их наяд төгрөг гэх мэтээр мөнгөжүүлээд, эзэнжүүлээд, зээлүүлээд, удирдлагыг нь зөв болгоод, олон улсын стандартад нийцүүлээд, хөндлөнгийн удирдлагатай болгоод явах юм бол ямар их боломж энд байна вэ.

Ийм боломжийг бүгдээрээ харъя л даа. Ингэж л чадах юм бол та бүхний бизнес, энд орж ирэх гээд байгаа хөрөнгө оруулалт, энэ бүхэн зөв байх болно. Хамгийн гол нь хяналттай болно.

Энэ засаг, төрийн нэрээр мөнгө гуйгаад давхиад байгаа нөхөд бол хяналтгүй зарцуулдагтаа л аюул нь  байгаа юм. Засгийн газрын зээл хяналтгүй зарцуулагдаад байна. Үүнд л түгшиж байна. Хяналттай болгоод, олон улсын стантартад нийцүүлээд, удирдлагыг  компанийн удирдлага руу оруулаад ирэх юм бол миний яриад байгаа энэ зүйл зөв явах боломжтой юм.

          Төр нь хаячихсан капитализм гэж байхгүй


Тавд нь миний хэлэх гэсэн зүйл бол бид капитализм, зах зээл гээд яриад байдаг. Төр нь хаячихсан капитализм гэж байхгүй. Төр нь буруу оролцоод л байгаа болохоос. Та бүхэн бодоорой. Энэ гаднын, барууны том том брэндүүдийг. Цэргийн салбар, хүнсний салбар бүгдээрээ төрийн худалдан авалт дээр лбосч ирсэн байдаг. Эхлээд компани үүсээд ундаа хийгээд эхлэхэд л арми нь худалдаад авсан юм гэнэ лээ.

Тавин жил худалдаад авахад л тавин жилийн дотор тэр компани хэдэн тэрбум ам.долларын хуримтлалтай, хэдэн улс орон дамжсан том компани болж хувирсан байсан. Төр нь нэг гараараа мөнгөө цуглуулаад, нөгөө гараараа хийж бүтээж байгаа хүнээсээ худалдан авч байгаа юм.

Жишээлбэл, чи төрд сандал нийлүүлэхээр 10 жилийн гэрээг төртэй байгуулчихсан бол банк тэр гэрээг  үндэслээд чамд зээлийг нь шууд олгоно. Чи 10 жил сандал нийлүүлэх юм байна. Эхний жил чанар муутай сандал нийлүүлсэн ч жил жилээр чанар нь сайжирна.

Арван жил төр худалдан авалт хийж тэр компани нь хөл дээрээ зогсоод, дараа нь төр өөр байгууллагаас худалдан авалт хийх жишээтэй. Ер нь энэ худалдан авалтын систем нь зах зээл, бизнес, харилцааны амин сүнс нь юм. Монголдоо хийж бүтээсэн зүйлээ худалдаж авдаг болмоор байна. Энэ соёлыг л бий болгоё. Одоо ийм зүйл заалттай хуулийг гаргамаар байгаа юм. Бүгдээрээ ийм соёлтой болчихмоор байна. Монголдоо хийсэн хөрөнгө,  түүнийг ашигладаг байх нь том соёл, мөн үндэсний үзэл юм. Үүний төлөө үндэсний үзэл үндсэрхэг үзэл, эх оронч сэтгэлээ гарга л даа.

Тэгээд нэг гараараа татвар авч, нөгөө гараараа худалдан авалтаа хий.  Түүнд нь бүх төрлийн үйлчилгээ орж таарна. Төрийн аж, ахуйн нэгжүүд, жишээлбэл, машин нийлүүлж байгаа компани 15 жил нийлүүлээд, сүүлдээ Монголд автобус үйлдвэрлэж, угсарч  байгаа шиг өөрсдөө хийж нийлүүлдэг болно. Таван  жилийн дараа Монгол Улсад үйлдвэрлэсэн автомашин унана гэхэд тэр шаардлагыг хангаад ирэх болно. Энэ бол агуу боломж, энэ боломжийг бид ашиглах хэрэгтэй.  Дээрээс нь төрийн авилгыг зогсоох нэг арга байна. Энэ нь худалдан авалт хийхдээ түүнээс гүйцэтгэгч аж ахуйн нэгжид очих ашгийг ил тодоор зарлах хэрэгтэй байгаа юм.

Жишээлбэл, сургуулийн барилга бариулах гэж байгаа бол бүх ажил дууссаны дараа арван хувийн ашиг нь танайх шүү гээд зарлах хэрэгтэй байна. Манайд ашгийг нь зарладаггүй учраас тэр ашиг болох арван хувийг төрийн албан хаагч аваад халаасалчихаад байна. Ашгийг ил зарлаад ирэхээр энэ байдал өөрчлөгдөнө.

Найман тэрбум төгрөгийн төсөвтэй сургууль барина. Түүний ашиг арван хувь нь найман зуун сая төгрөг болно. Оролцох аж ахуй нэгж байна уу гээд зарлах хэрэгтэй. Бүр хурдан бариулах шаардлагатай гэж үзвэл ашгийг нь нэмээд 15 хувь  болгоод зарлах, бүр маш яаралтай гэвэл 20 хувийн ашиг зарла. Бид зуны гурван сарын хугацаанд энэ барилга, эсвэл үйлдвэрийг босгох хэрэгтэй байна гээд зарла. Ашгийг нэмээд зарлахад  яг тэр хугацаандаа ажил амжина.

Ямар учраас манайхны хийж байгаа ажил хугацаандаа амжихгүй, чанаргүй болоод байна гэхээр ашиг нь нууц. Тэр нууц ашиг нь албан тушаалтны халаасанд орчихдог учраас бизнес хийж байгаа аж ахуйн нэгжүүд ашиг гаргаж авахын тулд дахин арван хувийн хэмнэлт хийдэг. Тэр нь арван хувь нь чанаргүй байдал руу шилждэг болоод байна.

Тийм учраас авилгатай тэмцдэг байдал нь албан тушаалтан, худалдан авагч, төрийг хяналтад оруулах хамгийн сайн арга юм гэж харж байгаа юм. Иймээс үүнийг Худалдан авалтын хуульд оруулах шаардлагатай. Үүнийг оруулахын төлөө ажиллана гэж бодож байгаа. Эдгээр таван санааг та бүхэнд хэллээ.

Нэгэнт Ерөнхийлөгч нь хэлж байгаа учир Засгийн газар энэ чиглэлд ажиллах ёстой. Шийдвэр гаргадаг хүмүүс нь энэ чиглэлд ажиллах ёстой. Ерөнхийлөгчийн хувьд би энэ чиглэлд зүтгүүлнэ. Энэ арга хэмжээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч олон хүмүүс оролцож байна.

          Хөрөнгө оруулалтын орчин гэдэг бол хүн ажиллаж амьдрах орчин юм


Ер нь бид нар нэг зүйлийг тодорхой ойлгох хэрэгтэй байгаа юм. Хөрөнгө оруулалтын орчинг зөвхөн Хөрөнгө оруулалтын хууль гэж ойлгоод байгаа юм. Тэгвэл хөрөнгө оруулалтын орчин гэдэг бол хүн ажиллаж амьдрах орчин юм. Тийм учраас би дотоодын сэдвүүдийг нэлээд ярьж байгаа юм.

Жишээлбэл, агаарын, усны, хүнсний, орчны гээд аюулгүй байдал, хүүхдүүдийн цэцэрлэг, сургуульд хамрагдах боломж, эрүүл мэндийн үйлчилгээг чанар стандартын өндөр түвшиндхүртэх боломж зэрэг нь хөрөнгө оруулалтын орчин юм. Монгол Улсад эдгээр асуудлууд сайжраад, бүгдийг нь хийж чадвал гадны хөрөнгө оруулалт орж ирэх, ирэхгүй нь асуудал биш. Хөрөнгө оруулалтын орчинг энэ хоёр хуулиар битгий хязгаарлаж хараарай.

Хөрөнгө оруулалтын орчин гэдгийг хүн ажиллаж амьдрах орчин гэдэг утгаар нь хараарай л гэж хэлэх гэсэн юм. Тэгээд энэ орчин тогтвортой, боломжтой байх юм бол энэ цаашаа явна.

           Биднийг ойлгож чадвал итгэлтэй түнш байж чадна


Бидний нэг онцлог бол ОХУ, БНХАУ гэсэн энэ хоёр их гүрний дунд бүхлээрээ оршдог цорын ганц орон.Тийм учраас энэ хоёр улсын Засгийн газар, төрийн байгууллагуудтай харилцан ойлголцож ажиллахын төлөө явж байна. Ер нь дэвшил гарч байгаа. БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй би нэлээн удаан ярьсан. Энэ жил айлчлал болно гэж итгэж байгаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монголд ирнэ гэж итгэж байгаа.Хоёр талаараа ярих шаардлагатай зүйлсийг ярина, шийдэх шаардлагатай асуудлуудыг шийднэ. Манай хоёр хөршийн удирдлагууд ч тийм ойлголттой байгаа гэж ойлгож байгаа. Магадгүй Улаанбаатарт гурван талын дээд хэмжээний уулзалт хийгээд ярих шаардлагатай зүйлүүд ч бий.

Би хувьдаа энэ саналыг дэвшүүлсэн. Манай хоёр хөршийн зүгээс ч дэмжиж байгаа.Тийм учраас бид асуудлуудаа ярилцаж шийдвэрлээд энэ нь эргээд Монголд бизнес, хөрөнгө оруулалт хийх, аль аль талдаа ашигтайгаар хөгжиж дэвжих боломж бүрдэх юм.

Дээрээс нь манай хөрөнгө оруулагчид биднээс юу шаарддаг вэ гэдгийг бид сайн мэднэ.Бид тэр шаардлагыг биелүүлээд явна. Одоо тэр хүмүүс Монголыг ойлгох хэрэгтэй.Монгол өөрийн онцлог тал, түүх уламжлал, хууль дүрэм, эрх ашигтай. Ер нь Монголын зочин монголчуудыгойлгож чадах юм бол монголчууд итгэлтэй түнш байж чаддаг. Тийм байж ирсэн, тийм байж ч чадна. Та бүхний зүгээс тавьж байгаа, харж байгаа зүйлүүдийг шийдвэрлэхийн төлөө ажиллах боломжтой.

          Нийтийн өмч рүү шилжих хэрэгтэй


Хувийн хэвшлийнхэндээ хандаж хоёр зүйлийн хүсэлт хэлье.Нэгдүгээрт, одоо төлөвлөгөөгөө гаргаад Хөрөнгийн бирж, зах зээлийг Монголд хөгжүүлэх хэрэгтэй. Нийтийн өмч, олон нийтийн өмч рүү шилжих хэрэгтэй. Төрийн өмч гэхээр дарга нар мэддэг юм шиг, хувийн өмч гэхээр гэр бүлийн хүрээнийхэн ярьдаг юм шиг болгочихсон. Энэ нийтийн өмч болгохын хамгийн гол ач холбогдол нь юунд байдаг вэ?

Өнөөдөр ямар учраас төр буруу байна гээд улс төрчид рүү дайраад байгаа юм бэ?Нийтийн өмч болоогүй, улстөрчдөд нөлөөлөх нөлөөллийн гол түлхүүрийг атгах боломжтой байхад түүнийгээ л атгаад яв. Улстөрчдөд нөлөөлдөг түлхүүр нь ард түмний сэтгэл санаа ямар байна, хүмүүсийн ихэнх нь юу гэж бодож байна, салхи хаашаа байна тийшээ л найгаж явдаг улс. Сөрөөд шийдвэр гаргадаг нь цөөхөн байдаг. Салхийг тодорхойлдог зүйл нь ард түмэн.

          Баялаг хүнд хүрч байж л  жинхэнэ баялаг болдог


Тэгэхээр 3000 хүн биш 30000 хүн тэр компанийн хувьцааг эзэмшдэг болчихвол,  тэр 30000 хүн 10000 төгрөг өгөөд хувьцаа авчихсан бол, хувьцааны үнэ унаад өнөөдөр 1000 төгрөг болчихвол энэ УИХ, Засгийн газрыг зүгээр суулгахгүй. Ингэж байж л  эрүүл болно.

Энэ баялаг чинь хяналттай, зөв, хүн итгэдэг болно. Нийтийн чиглэл рүүгээ явах юм бол хүн өөрт чинь итгэж эхэлнэ. Тэгэхээр ингэж нийтийн болгох талаар төр, хувийн хэвшлээс төлөвлөгөөгөө гаргаад явах шаардлагатай. Аливаа баялаг, аливаа өсөлт хүнд хүрч байж л баялаг, өсөлт болдог. Энэ бол хамгийн чухал.

Улстөрчид “таны өвдөлтийг мэдэрч байна” гэж хэлдэг. Яг үнэндээ энэ нь худлаа байдаг. Ард түмэн тэр өвдөлтийг мэдрээгүй байхад улстөрчид мэдэрнэ гэж байхгүй. Тэр улстөрчийн ард байгаа, мэдрүүлдэг эзэн нь бол ард түмэн юм. Би үгийнхээ эхэнд үүнийг хэлсэн.

          Хувьсгал, өөрчлөлт гэдэг хүний тархинд гарах ёстой


Мөн манай хувийн хэвшлүүд зохион байгуулалтад орох. Ерөөсөө Монголд бизнес хийж байгаа, Монголын хувийн хэвшлийнхэн нэг юмаараа л ялгаръя. Зохион байгуулалтаараа л ялгарч чаддаг байх ёстой. Засгийн газар дээр нэг асуудал буруу шийдэгдэх гэж байна гэвэл зохион байгуулалтад ороод түүнийг зогсоож чаддаг л байх хэрэгтэй. Тийм боломж та бүхэнд байгаа.

Зарим нь бид ганц нэгээрээ, ганц нэг улстөрчидтэй учраа олох гэж явсаар байгаад арчаагаа алдлаа гэдэг. Та нар зүгээр баялгаа л ард түмэнтэй хуваачих. Тэгээд л боллоо. Тэгэхэд та нар төрөөс буруу шийдвэр гарах гэж байгаа бол нэг хуралдаад, нэг шаардлага тавьж босож ирээд л зогсооно.

Үүний цаана таны хувьцааг авсан, тантай хамт баялгаа бүтээсэн ард иргэдийн чинь эрх ашиг явж байгаа. Тэгэхээр та нар хуульд өөрчлөлт оруулахыг бодож байгаа байх. Хуульд өөрчлөлт орно гэдэг бол тархинд өөрчлөлт орохыг хэлнэ. Хуулинд өөрчлөлт орвол нийгэмд өөрчлөлт орно. Нийгэмд өөрчлөлт орвол эргээд хуульд өөрчлөлт орно.

Хувьсгал өөрчлөлт гэдэг хүний тархинд гарах ёстой. Түүнээс биш нэг дарга, сайд энэ өөрчлөлтийг мэдрээд үүнийг ярьснаар гарахгүй.Үүнийг Монголын ард түмэн, шийдвэр гаргахад оролцдог сонгогчдын ихэнх нь ойлгочихсон л байх юм бол тэр хорлогчид хог байх болно.Бүтээж хийж байгаа хүмүүсийг загнадаг зүхдэг, тэдний эсрэг популизм хийж байгаа этгээдүүд тэрний салхинд ч ойр байж чадахгүй болно.Тийм учраас тархинд өөрчлөлт оруулах хэрэгтэй.Тэгэх юм бол нийгэмд өөрчлөлт орно, хуулинд өөрчлөлт орно.

Мөн бизнес хийж байгаа хүмүүс, хувийн хэвшлийнхэн баахан реклам гаргадаг. Олон нийттэй харилцах пиар-ын алба гэж байгаа. Ер нь тэр пиар-ын алба гэдэг таныг магтах, рекламдах алба биш. Таны бизнесийг олон түмэнд ойлгуулах алба. Улстөрчид улс төр, хэвлэл мэдээллийг эзэгнэчихсэн л гээд байна.Та бүхэн улстөрчдөөс өмнө хэвлэл мэдээллийн энэ монополийг, нийгмийн сэтгэл зүйг бүрэлдүүлж буй энэ зүйлийг ав.

Улстөрчид гэрээ байгуулдаг биш, бизнесийнхэн гэрээ байгуулаад яв. Хамтраад энэ Монголыг өөд нь татъя. Энд ганц Ерөнхийлөгч ойлголоо, ярилаа гээд энэ асуудал шийдэгдэхгүй байна. Шийдвэр гаргахад оролцдог сонгогчид, залуу үеийнхэн энэ бүхнийг ойлгож байж Монголын нүүр царай өөрчлөгдөх гээд байна. Тиймээс нийгмийн оюун санааг ойлгуулдаг мэдээллийн хэрэгсэл дээр та бүхэн орж ир л дээ. Тэгээд өөрсдийгөө нийгэмд ойлгуулчих.

Та бүхэн өөрсдийгөө нийгэмд ойлгуулчих юм бол тэнд ганц нэг улстөрч янз бүрийн юм яриад нэмэргүй.Ер нь Монголын нийгэм маш их эрүүл нийгэм болж байгаа.Монгол Улсын давуу тал нь энэ юм.

Бид алдаа гаргасан бол алдаагаа засаж чаддаг, алдаагаа засахын төлөө явдаг. Яагаад улстөрчид алдаагаа засахын төлөө явдаг гэвэл ард түмэн, иргэд тэгж шаарддаг. Бид сүүдрээ нуудаггүй, бидний гаргаж байгаа шийдвэр ил тод байдаг. Бид хэвлэл мэдээлэл, вэб сайтад төрийн монополи тогтоогоод, дарга нарыг нь томилоод, цензур тогтоогоод байгаа юм байхгүй. Үүгээрээ Монголын нийгэм эрүүл.Магадгүй асуудал их байгаа мэт харагдаж болно.

Гэхдээ энэ асуудал ил байдаг, асуудлыг ил хэлэлцдэг, биенээ ил шүүмжилдэг. Асуудлыг яаж шийдэхийг ил хэлэлцэж чаддаг. Үүгээрээ Монголын нийгмийн давуу тал байгаа. Энэ давуу талыг улам баталгаажуулахын төлөө манай хувийн хэвшлийнхэн оролцох хэрэгтэй.

          Монголын төр түүнд үйлчлэх, туслах үүрэгтэй


Төгсгөлд нь хэлэхэд өнөөдрийн энэ хувийн хэвшлийн дээд хэмжээний уулзалт тогтмол болдог болоосой гэж бодож байна. Үүнийг хүмүүс мэддэг, ач холбогдол өгдөг, хамгийн гол нь эргээд тайлагнадаг байгаасай.

Одоо үүгээр баахан зүйл яригдана, тэгээд мартаад л алга болно.Бүх улиралдаа зохицоод л дараагийн улиращлаа мартчихсан явдаг монгол нүүдэлчдийн нэг буруу тал байна. Тийм учраас Ерөнхийлөгч таван юм бидэнд ярьсаны хэд нь хийгдсэн юм бэ гээд дараа жил Ерөнхийлөгч дахин уулзахын өмнө хэлж сануулж, хариулт авдаг байх юм бол бидний энэ ажиллагаа үр дүнтэй болно.

Тийм учраас үр дүнтэй, хариуцлагатай болох хэрэгтэй.Иргэд, хувийн хэвшил зөв санаачилга гаргаад явж байгаа бол Монголын төр түүнд үйлчлэх, туслах ийм л үүрэгтэй.Ийм учраас би энд ажлаа хийгээд явж байгаа.Түүнээс биш би заавал энд нээлтийн үг хэлдэг хуримын генерал шиг ирж, та нар Ерөнхийлөгч ирж үг хэллээ гээд сэтгэл ханаад буцдаг биш.Энэ хэлбэрээр ажиллах юм бол дэвшил гарна.Энэ дэвшлээ бид тооцдог, ярилцдаг байх хэрэгтэй.

Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа

 Монголын Бизнесийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг үг хэлсний дараа уулзалтын төлөөлөгчид зарим асуултад хариулт авлаа

-Улс төрийн энэ хүндрэлтэй асуудал хэзээ дуусгавар болох вэ?

-Төр хувийн хэвшил хооронд гэрээ хийсний дараа хөрөнгө оруулдаг. Энэ бүх гэрээ, урт хугацааны итгэлцэл гэдэг асуудал дээр ямар арга хэмжээ авдаг бол?

 -Чингис бондын хөрөнгөөс хувийн  хэвшлийнхэндээ  өгүүлээч ээ.  Өмнө нь ерөнхий сайдад бас саналаа хэлсэн. Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банкны хооронд 37, Засгийн газраас Улаанбаатар банкны хооронд 108 алхам бий. Удаашралтай байгаа учраас танд энэ саналыг хэлэхэд  хүргэж байна?

          Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ:

Бидэнд өөрчлөх, сайжруулах  зүйл их бий. Улс төр, бизнесийн хүрээнд хийх ажил ч их бий. Цаашид чухам юу хийхээ бүх түвшинд ярилцаж байгаа нь хамгаас зөв. Юу хийх вэ, хэрхэн хийх вэ гэдэг дээр үзэл баримтлалын зөрүү бий.

Гэвч бид бүтээгчдээ дэмжих гэх мэт үнэт зүйлээ барьж асуудлыг шийдвэл зөв болно. Улс төрийн намын санхүүжилт, сангийн тухай, намын санхүүгийн тайлангийн эрхзүйн баримт бичгүүд гарах ёстой. Энэ асуудлууд хэлэлцүүлгийн түвшинд явж байгаа, бид анхаарах болно.

УИХ, Засгийн газрын тэргүүн бид байнга уулзаж ярилцаж тодорхой асуудлуудыг шийдэж байгаа. Энд өнөөдөр яригдсан асуудлуудыг бид ярилцана. Бид энэ бүх асуудлуудыг зөвшилцөх тал руу нь ярина.

Улс төр нь хаанаа зогсох ёстой, хувийн хэвшил нь хаана зогсох ёстой, юуг нь хязгаарлах ёстойг тогтоох эрхзүйн зохицуулалт өнөөдөр хэрэгтэй байна. Өмчийн эрхийн тухай, гэрээ хэлэлцээрийн эрхийг баталгаажуулах тухай хуулиуд чухал хэрэгтэй байна. Энэ мэт хууль журам дээр бид хамтарч ажиллах боломжтой. Манайхан юмыг цаасан дээр буулгаад, төсөл болгохдоо их хойрго. Та бүхэн асуудлынхаа үндэслэлийг гаргаад хууль санаачлагчидтайгаа хамтран ажиллах хэрэгтэй. Надтай уулзах хүсэлт тавь. Бид ирээдүйн эрх ашгийг хамгаалах тэр зангилаан дээр зогсож байна.

Одоо өнөө үед концессийн хойноос хэт хөөцөлдөх аюултай. Энэ бүхэн бүгдээрээ Засгийн газарт татвар төлөгчид дээр өр болж бичигдэж байгаа. Тэгээд мөнгөний 60 хувь нь тийшээ ордог, 30 хувь нь аягүй бол замдаа буруу замаар ордог. Хувийн хэвшилд тийм их  мөнгө байна уу? Тэгэхээр сая миний хэлсэн эдийн засгийн олон хариуцлагатай боломжууд байна . Монгол хөгжиж эхэлж буй улс. Тийм учраас бизнесийн өргөн боломж бий. Дэлхийн ямар ч улсад хийж болох бизнес, сайн санаачлагыг Монголд хийх боломжтой.

Тэгэхээр бид өргөн хүрээнд харах хэрэгтэй. Энэ шаардлагыг та бүхний зүгээс тавиасай гэж бодож байна. Төрийн албаар дамжуулж гэнэт баяжсан нөхдийг, төрийн оролцоог сүүлийн үед хязгаарласан. Төр бол сайныг дэмжиж, мууг хязгаарлах ёстой. Хувиараа бизнесээ эрхлээд явж байгаа иргэдээ бид бүх түвшинд дэмжих ёстой.

Энэ чиглэлийн хууль журмаа бид улам бүр боловсронгуй болгоно. Жилээс жилд хууль журам сайжирч, энэ үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болсоор байгаа. Үүнийг дэмжээд зохион байгуулалтад ороод, санал бодлоо илэрхийлээд явах ёстой.

Хуулиа хэрэгжүүлдэг төр, нөгөө талаас ард түмэн төрөөс хариуцлага шаардаж чаддаг тогтолцоонд шилжвэл Монголын нийгэм зөв замруугаа орно. Харин төр зөвхөн нэг талаас ойлгоод хэрэгжүүлэх гээд явбал төдийлөн амжилтад хүрэхгүй. Иймээс та бүхний ярилцаж буй сэдэв, асуудлууд, нийгэм, олон нийтийн үзэл бодолтой нэгдэж, зөв бөгөөд уялдаа холбоотой байх нь чухал юм.

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.