
ГЭГЭЭРЭХЭД ТОХИОХ ХОРИН БЭРХ
Будда гэгээрэх замд тохиох энэ ертөнцийн хорин бэрхийг ийн өгүүлжээ.
1. Үгээгүй ядуусын хувьд өглөг үйлдэх нь бэрх
Бусадтай хуваалцахын тулд эхлээд өөрөө баян болох ёстой. Баян гэдэг нь эд хөрөнгөөр бус өөрийн дотоодыг хайраар бялхааж, хайраар дүүргэхийг хэлжээ. Тэр цагт эргэн тойрондоо хайрыг түгээхэд, өглөг үйлдэхэд бэлэн болсон гэж үздэг.
2. Хүчтэй, баян хүмүүсийн хувьд үнэнийг эрэх нь бэрх
Ихэнх хүн зовж шаналсан, асуудалд орсон үедээ Бурханд хандан залбирдаг. Нэг бол насны эцэст бүх эрч хүчээ алдсан үедээ аврал эрэн Бурханы зүг анхаарал хандуулдаг хүн олон. Уг нь бол эрч хүчтэй, зүрх зоригоор дүүрэн үедээ л Бурханы чанадын зүгт дүүлэх учиртай аж.
3. Амьдралыг огоорох буюу үхлийг ухаарах нь бэрх
Зуун хүн тутмын ерэн ес нь үхэлд бэлтгэгдээгүй буюу амьдралд шунан тачаадсан байдлаар хорвоог орхиж байгаа талаар номд жишээлэн бичжээ. Амьдралд тачаалгүйгээр нөхчихөд агуу их туршлага хэрэгтэй аж. Ингэж чадсан нэгнийг урсгалд орогч (сротапанна) хэмээн нэрлэх бөгөөд бодь мөрд орж, үнэн хийгээд худал хуурмагийг ялгаж таньсан гэж үздэг байна.
4. Дээдийн ном лугаа зохилдох нь ховор
Шимгүй хоосон зүүднээс бүрэн сэрсэн нэгэн л дээдийн ном мэт гэрэлт зам дээр гардаг аж.
5. Буддагийн эрин үед мэндлэх нь ховор
Буддатай учрах нь хэдэн мянган жилд ганц тохиох ховор зүйл. Тэр дундаа багш болж бусдыг хөтлөх Будда ховрын ховор. Хэрэв чи гэгээрлийн оч гэрэлтсэн хэн нэгэнтэй учирсан бол алдаж үл болно. Дараах олон төрөлд чинь учрахгүй байж мэднэ.
6. Тачаал шуналаа ялах нь бэрх
Гималайн оргилд гарах бэрх ч хүсэл шуналаа дарах нь үүнээс бэрх гэсэн утгатай. Өнгөрснийг давтах, ирээдүйг харуулдах шуналгүй, энэ агшиндаа орших.
7. Таатай зүйлээсээ татгалзах нь бэрх
Тааламжтай, тухтай санагдсан бүхэнд тэмүүлж хөөцөлддөг. Яг л салхинд хийсэх хамхуул адил. Таагүй санагдсан ч үнэнийг сонго.
8. Гутаан доромжлохыг хүлцэх нь бэрх
Ухаан сэхээлэг байхын тулд доромжлолд хүлээцтэй тайван байж, дотоод ертөнцөө ажиглах хэрэгтэй. Үүний үрээр ухамсарт түвшин нэг шатаар ахиж буйг мэдрэх болно.
9. Эрх мэдлийг үл урвуулах нь бэрх
Өөрт оногдсон ахархан хугацаат эрх мэдлийн хүрээнд юунд ингэж өвчигнөнө вэ? Энэ мунхаглалд сэрэмж сэхээгээ алдахгүй байх аваас амьдралд шинэ гэрэл гэгээ нэвтэрнэ хэмээжээ.
10. Хар хоргүй цагаан цайлган байх нь бэрх
Цайлган цагаан сэтгэлтэй байж хүнд мэхлэгдэх нь огтхон ч тэнэглэл биш аж. Харин эсрэгээр бусдыг мэхэлснээр дотоод мөн чанараа алдах болно.
11. Нягт хичээнгүй суралцах нь бэрх
Мэдлэг гэж үзээд байгаа зүйлүүд маань ихэвчлэн ухаарал бус бусдаас хуулсан хуулбар төдий. Жинхэнэ мэдлэгийг өөрийн дотоод гүнээс хүртэх боломжтой.
12. Өөрийгөө үл дөвийлгөх нь бэрх
Бардамнал ихэмсэглэл нь нүгэлд тооцогддог. Оршихуйн эх сурвалжаас ирсэн болохоор хүн бүр адил. Тиймээс өөрийгөө юу гэж бодно, бусдыг мөн тэгж бод. Бусдыг юу гэж бодно, өөрийгөө тэгж бод.
13. Өчүүхэн нэгнийг дорд эс үзэх нь бэрх
Атаархал, басамжлал хоёр нь харьцуулах сэтгэлээс үүдэлтэй. Бусдыг харьцуулах нь сохор байгаагаас өөрцгүй. Нүдээ нээж бодит үнэнийг олж харахсан.
14. Мэдлэг, үйлдэл хоёрыг нийцүүлэх нь бэрх
Хүн өөрийн мэдлэгийн хүрээнд л үйлдэл хийдэг аж. Үйлдэл хийдлээ өөрчилье гэвэл өрөөлөөс хуулсан мэдлэгт найдах хэрэггүй. Өөрийн үйлдлийг танихын тулд алхам бүртээ ажиглан бясалгах учиртай. Үнэний сэхээрэл чамайг өөрчлөх болно.
15. Бусдын тухай санааны зоргоор эс өгүүлэх нь бэрх
Хүний амьдрал баялаг. Тухайн нөхцөлд илэрч буй дүр төрх мөсөн уулын дөнгөж орой мэт. Товчхондоо өөрийгөө ч мэдэхгүй хүн өрөөлийг яаж мэдэх юм бэ?
16. Оюун санааны жинхэнэ багшаар хөтлүүлэх нь ховор.
Үнэнд суралцахын тулд гүн бясалгал хэрэгтэй. Амьсгалаараа, зүрхний цохилтоороо нэгдэж, нэгэн хэмнэлд орсноор багшаас шавьд үгээр илэрхийлэх боломжгүй зүйл өгөгддөг.
17. Мөн чанараа харах хийгээд мөрийг дадуулах нь бэрх
Нэгэнт сэрсэн хүн бодь мөрийг бусдад дадуулах зорилгоор бясалгалаа үргэлжлүүлж үлгэрлэдэг аж. Гүн бясалгалын ачаар хоосон чанарыг ухаарах сэхээ чухаг нандин.
18. Ялж төгс нөгчсөнийг дагах нь бэрх
Ялгуусан багшид ойртож замхран одоход бэлэн болсон нэгэнд шавь болох хувь тохионо.
19. Өөрөө өөртөө эзэн болох нь бэрх
Хэн нэгэн таньд доромж үг хэлэхэд л тэр хүний аясаар уурлах та хэн бэ? Бусдын гарт удирдлагаа атгуулсан төхөөрөмж аятай байхыг бүү зөвшөөр. Тохиол бүрт өөртөө эзэн болохыг хичээ.
20. Буддагийн зам мөрийг сайтар ойлгох нь бэрх
Шантрахгүйгээр чин үнэнчээр хичээснээр дотоод ертөнцөд чинь төв үүсч, тэр төв бүгдийг хувиргаж эхэлнэ.
Хүлцэл бол хамгийн агуу хүч чадал. Бясалгал бол гэрэлтэхүй. Би-гээс ангижирч хүлцэл, бясалгалд хичээх аваас шүтэн барилдлага тодорно.
Өөрөө өөрийгөө гэрчилж, өөрөө өөрийгөө цэгнэж яв. Өөрийгөө шинжих ухамсартай хүн үргэлж гэгээн сайхныг хүртэнэ. Хожмын хувь заяагаа та одоо бие, хэл, сэтгэлээрээ урлан бүтээж байна. Өөрийн сэтгэлээс бэлгэ билиг үүсэх тул бурханы хутгийг бусдаас бүү хай! Бидний оюун санаанд гэгээрлийн мөн чанар угаас заяамал гэсэн үг.
Зүрхэндээ оршиж нэгэн үзүүрт сэтгэлийг бариваас гэтлэх замыг ухаарна хэмээжээ.
Доржийн Сүхбаатар