
АНУ-ын Төрийн департамент болон Их Британи улс ОХУ-ыг сансрын тойрог замд байгаа хиймэл дагуулуудыг устгах зориулалттай зэвсэг туршиж байна хэмээн буруутгаад байна. Үүний хариуд Оросын Батлан хамгаалахын яамны зүгээс дэлхийн тойрог замд байгаа Оросын сансрын станцуудын техникийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах зориулалт бүхий шинэ технологи ашиглаж байгаа гэж мэдэгджээ.
Вашингтон өмнө нь хэд хэдэн удаа ОХУ-ын сансарт явуулж буй ажиллагаануудыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байжээ. Олон Улсын аюулгүй байдал, зэвсэг үл дэлгэрүүлэх явдлыг хариуцсан Америкийн Төрийн нарийн бичгийн даргын туслах Кристофер Форд Москваг зэр зэвсгийн хүчээ сансарт нэмэгдүүлж байна хэмээн буруутгаад байна. Түүний хэлж байгаагаар ОХУ АНУ-ын зэр зэвсгийн хүчин чадлыг хязгаарлах тухай ярьдаг хэрнээ улсынхаа сансрын зэвсгийн хөтөлбөрөө зогсоох ямар ч төлөвлөгөө байхгүй байгаа нь ОХУ-ын хоёр нүүртэй гэдгийг харуулж байна гэжээ.
ОХУ сансарт зэр зэвсгийн зориулалт бүхий станц хөөргөсөн нь сансарт аюулгүй үйл ажиллагаа явуулах нөхцлийг үгүй хийж, тойрог замд байгаа хиймэл дагуулуудыг гэмтээж болзошгүй учраас ОХУ "хариуцлагатай байж", "дахин туршилт явуулахаас зайлсхийхийг" Америкийн талаас анхааруулжээ. ОХУ нь Их Британи, АНУ болон БНХАУ зэрэг дэлхийн 100 гаруй улс оронтой сансрыг зөвхөн энх тайвны зорилгоор судлана гэсэн олон улсын гэрээнд гарын үсэг зурсан ба тус гэрээнд сансарт ямар ч төрлийн зэр зэвсэг байрлуулахгүй тухай тусгасан байдаг байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.