Япон улсын бага сургуульд шалгалт авдаггүй

Twitter Print
2020 оны 06-р сар 14-нд 09:13 цагт
Мэдээний зураг,

Манай гэр бүл Япон улсад амьдраад багагүй хугацаа өнгөрчээ. Тус улсад амьдарч байхад улс орондоо нэвтрүүлэх юмсан гэсэн санаа, оноо зарим үед төрөх бөгөөд тэдгээрийн талаар бичиж, хуваалцъя гэж бодлоо. Охид маань бага сургууль, цэцэрлэгт явдаг болохоор өдөр тутам өөрт анзаарагдсан боловсрол, сургалтын тогтолцооны сайн талуудын талаар дурдая.

1. Би-ийг биш багийг хөгжүүлэх зарчим

Япон улсын бага боловсролын тогтолцоо нь би буюу хувь хүнийг хөгжүүлэх биш харин баг хамт олныг хөгжүүлэх, сурагчдийг багаар ажиллах чадварт сургахад чиглэсэн мэт санагдсан. Спортын тэмцээн болсон ч багуудад хуваагдаж, дуу дуулсан ч хоороор дуулж, хөгжим дарсан ч олуулаа багаар дарж, бүх л уралдаан тэмцээнд сурагчид нь баг, хамт олон болж хуваагдаж оролцдог байна. Өөрөөр хэлбэл энд нэг юм уу цөөн хэдэн хүүхдийг бусдаас дөвийлгөн онцлох биш, бусад үлдсэн хүүхдүүдийг үзэгч байдлаар суулгах биш бүх л хүүхдийг аливаа зүйлд оролцуулж, нэг ч хүүхдийг арга хэмжээний гадна орхигдуулалгүй, хүүхэд бүр чадна, багтаа хувь нэмэр оруулж, багаар амжилт гаргана гэдэг урам, итгэлийг өгч улмаар хүүхдийг багаас нь багаар ажиллах чадварт суралцуулдаг байна.

Нэг жишээ дурдахад, манай том охины сургуульд жил бүр спортын нэгдсэн арга хэмжээ болдог. Түүнд очиж ажиглаж байхад сурагч бүр цэнхэр, улаан гэсэн хоёр багт хуваагдаж, хүүхэд бүр спортын арга хэмжээнд оролцож байх жишээтэй. Мөн бага охины цэцэрлэг дээр спортын арга хэмжээ болоход охин маань гүйлтийн тэмцээнд орж олон хүүхдээс сүүлээсээ 3т орсон шиг санагдаж байна. Тэгсэн оролцсон хүүхэд бүрд медаль өгөөд охин маань бөөн хөөр одоо гадуур явахдаа ааваа хоёулаа уралдах уу л гээд байдаг болсон. Эндээс харахад хүүхэд бүрт чадна гэсэн итгэл, урмыг өгдөг юм шиг байгаа юм.

Харин манай улсад би бусдаас илүү, мундаг гэсэн нэг хэсэг би-нүүдийг, нөгөө талдаа би бусдаас муу, угаасаа л юу ч чадахгүй, бусад мундагууд нь тэмцээн, уралдаанд орно биз гэсэн өөртөө итгэлгүй бас нэг хэсэг би-нүүдийг буюу ялгаатай би-нүүдийг бэлдээд байх шиг байгаа юм.

2. Амьдралын ухаанд сургах зарчим.

Япон улсын бага сургуульд шалгалт авдаггүй гэж сонссон л байх. Бага ангийн хүүхдүүдэд гэрийн даалгавар их өгч, элдвийн шалгалт, шүүлгээр дардаггүй. Харин хэрхэн ээж, аав, найз нөхдөдөө туслах, амьдралд хэрэгтэй ойр зуурын зүйлсийг хамтран болон бие дааж хийж сургахад анхаардаг юм шиг санагдсан. Нэг жишээ дурдахад хүүхдүүдэд цэцэг хэрхэн тарихыг зааж, цэцэг тарих үр, хөрс, хэрэгслийг сургуулиас нь өгч, хүүхэд бүр цэцэг тарьж ургуулж түүнийгээ гэртээ авчирдаг. Саяхан сургуулиас нь улаан лоолийг ээж, аавтайгаа цуг тариарай гээд үр, хөрс, бордоо, сав, тарих аргачлалтай нь өгч явуулсан байсан. /Харин манайд сургуулиас нь хүүхэд бүрийг цэцэг авчир гэж лүндэн буулгадаг. Хүүхдүүд зах, дэлгүүрээс цэцэг худалдаж аваад аваачиж өгч байгаа харагддаг/.

Манай улсад хүүхдийг багаас нь элдвийн шалгалтаар дарж, сурч чадах, чадахгүйгээр нь ялгаж дүн, үнэлгээ өгдөг. Дийлэнх хүүхдүүд багаасаа би сурч чадахгүй юм байна гэсэн ойлголтыг авдаг юм шиг байгаа юм. Бага насны ангид шалгалт авах, гэрийн даалгавраар шахах, улмаар хүүхдийг шантраах, урмыг нь хугалах энэ тогтолцоогоо өөрчилмөөр байгаа юм.

3. Аюулгүй орчинд суралцах зарчим.

Япон улс дахь ерөнхий боловсролын сургуулиудын барилгын ойр орчимд өндөр барилга огт байдаггүй /гэхдээ миний анзаарснаар/ бөгөөд хэрэв газар хөдөллөө гэхэд сургууль дээрээс өндөр барилга нурж унах эрсдэл байхгүй. Түүнчлэн нэг давхарт байрлах анги тус бүр гадагшаа гардаг хаалгатай, хэрэв ямар нэгэн эрсдэл бий боллоо гэхэд тухайн хаалгаараа гараад гүйх боломжтой. Мөн бага насны буюу 1-2 дугаар ангийн хүүхдүүд, өөрөөр хэлбэл хурдан гүйж чадахгүй, биеэ аврах чадвар багатай хүүхдүүд нэг давхарт байрладаг юм шиг санагдсан.

Манай улсад сургууль, цэцэрлэгийн зай талбайд өндөр барилга барих тохиолдол элбэг байдаг. ОБЕГ-аас газар хөдлөлтийн давтамж, идэвхжил нэмэгдэж байгааг байнга сануулж байгаа хэдий ч тэрхүү эрсдэлийг хөрөнгө оруулалтын бодлогодоо огт тусгадаггүй. Миний бодлоор жил бүрийн улсын төсвийн төсөлд Боловсролын яамнаас ирүүлдэг шинээр барих сургууль, цэцэрлэгийн барилгын жагсаалтыг эрэмбэлж, жагсаалтын эхний хэсэгт нурж унахад бэлэн байгаа сургууль, цэцэрлэгийн барилгуудыг шинээр барих, хоёр дахь хэсэгт огт сургуульгүй, цэцэрлэггүй баг, хороодод барих, сүүлийн хэсэгт бусад сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг тусгаж, хэрэв Сангийн яам танах хэрэгтэй болвол жагсаалтын хамгийн доод хэсгээс хасах байдлаар зохицуулалт хийх хэрэгтэй байх.

4. Эрүүл хүнс, цэвэр орчин.

Япон улсын сургууль, цэцэрлэгийн хоолны чанарыг яриад ч бараг илүүц биздээ. Нэг авууштай санаа нь зарим цэцэрлэгүүд тухайн өдөрт хүүхдэд өгсөн хоол, цайны жишээ sample-ийг үүдэндээ байрлуулж, эцэг эхэд үзүүлдэг. Мөн тухайн сард өдөрт ямар ямар хоол өгөх талаар мэдээллийг сарын эхэнд эцэг эхэд өгдөг. Өгөх хоолоо хүртэл төлөвлөсөн байдаг.

Манай улсын бага сургуулиуд үдийн хоолны жишээ sample-ээ үүдэндээ тавьж эцэг эхэд үзүүлдэг байх нь зөв байх. Учир нь зарим сургуулийг хар цай, ганц боорцог өгдөг гэж шүүмжлээд байдаг. Хоолны мөнгө, төсөв нэмэгдсэн тул арай чанартай хоол өгч чадаж байгааг эцэг, эхчүүд харж, хянадаг байх хэрэгтэй. Ер нь сургууль бүрт эцэг эхийн хяналтын зөвлөлийг байгуулж тус зөвлөл нь сурагчдын сурах орчин, аюулгүй байдал, сургуулийн ариун цэврийн нөхцөл байдал, хоолны чанар зэрэгт хяналт тавьдаг байх, өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтын ажлыг иргэд, эцэг эхийн оролцоотой хийвэл илүү үр дүнтэй байх болов уу.

Япон улсын сургууль, цэцэрлэгт хүүхэд, эцэг эхчүүд гутлаа тайлж, шаахай, таавчиг өмсөж ордог. Цэцэрлэг рүү дотогшоогоо хөл нүцгэн орох дүрэмтэй байдаг. Иймд сургууль, цэцэрлэгүүд маш цэвэрхэн байдаг. Манайд бас үүнийг нэвтрүүлэх, гутлаа тайлж орох нөхцөлийг бүрдүүлж том үүд, коридортой байхаар анхнаас нь төлөвлөж сургууль, цэцэрлэгийг барих хэрэгтэй байх. Гутландаа угалдаг уутыг жилд хэдэн мянга бараг саяаар нь хэрэглэж, байгальд хаядаг, хятад руу мөнгө урсгадаг байдлыг болимоор байгаа юм.

За тэгээд миний анзаараагүй, гаднаас нь анзаарагдахгүй олон сайн бодлого, санаанууд байгаа байх. Цаашид төр засаг маань боловсролын шинэчлэлийг хийж, бүх хүүхдэд сурч чадах итгэлийг өгдөг, багаас нь амьдрах ухаанд сургадаг, аюулгүй, эрүүл сурах орчинг бий болгоосой гэж хүсэж байна даа.

З.Баярхүү

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.