УИХ-ын дарга З.Энхболд Орхон аймагт ажиллаа

Twitter Print
2014 оны 06-р сар 22-нд 15:14 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Орхон аймагт ажиллав. Тэрээр Орхон аймагт хийх томилолтынхоо эхэнд Орхон аймгийн удирдлагуудтай уулзаж, бүтээн байгуулалтын ажлын талаар санал бодлоо солилцлоо.

Аймгийн удирдлагууд уулзалтын үеэр,  Хангайн бүсийн тулгуур төв болгон 2020 он хүртэл хөгжүүлэх Эрдэнэт хотын хөгжлийн шинэчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2005 оны есдүгээр сарын 26-ны өдөр Засгийн газрын 204 тоот тогтоолоор баталсан хэмээгээд тэрхүү төлөвлөлтөөр нийт хүн амын тоо 123 мянгад хүрч, 14 орон сууцны цогцолбор хороололтой болон хөгжинө гэлээ.

“Эрдэнэт хивс”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК өөрсдийн ажиллагсдад зориулж 800 орчим  айлын амины орон сууц барихаар төлөвлөж байгаа аж. Орхон аймагт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг бол Франц улсын Засгийн газрын 9.5 сая еврогийн  хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа хоногт 24000 шоо метр бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажил хэмээн УИХ-ын даргад танилцууллаа.

Мөн уулзалтын үеэр 2014 оны 6 сарын байдлаар Орхон аймагт анх удаа гэмт хэргийн гаралт 23 хувиар буурсан, гэмт хэргийн илрүүлэлт 34 хувиар өссөн болохыг танилцуулав. Энэ нь хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагаа сайжирч байгаагийн илрэл.  Мөн Эрдэнэт хотод иргэд амьдрах  орчин сайжирч байгаа болохыг танилцуулав. Гэмт хэргийн гаралтыг бууруулах нэг үзүүлэлт бол харанхуй гудамжийг гэрэлтүүлэх, камерьжуулалт хийх ажил эрчимтэй явагдаж байна хэмээн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуульзүйн хэлтсийн дарга Б.Батхуяг мэдэгдлээ.

2014 онд орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны санхүүжилтээр орон сууцны хорооллуудын инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлууд эхэлжээ. Гэр хорооллын гэрэлтүүлгийн ажил мөн эхэлж, Шанд багийн гэрэлтүүлгийн ажил 60 хувьтай яваа аж. Аймгийн удирдлага орон сууцны хороолол болон гэр хорооллын авто замын шинэчлэл, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийн 80 хувийг шалгаруулж, тэдгээрийн 50 орчим хувь нь ажлаа эхэлсэн болохыг хэллээ. Эрдэнэт хотод 2012-2016 онд 11276 айлын орон сууцыг барих ажил явагдаж байна. Түүнчлэн 240 айлыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг концессын гэрээгээр гүйцэтгүүлж байгаа бөгөөд тун удахгүй жишиг гэр хороолол бий болно гэдгийг онцоллоо.  

УИХ-ын дарга З.Энхболд Орхон аймгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр хэлэхдээ, тус аймагт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа нь сайшаалтай. Орон сууцжуулах ажил хурдацтай байгаа нь хэдий ч  хэрэглэгчдийн эрэлтэнд тулгуурлахын чухлыг онцолсон. Тэрбээр өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн талаар аймгийн удирдлагуудаас лавласан. Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Батжаргал, Статистик судалгаанаас харахад Орхон аймгийн Баян-Өндөр суманд мах, сүүний үнэ буурсан хэмээн тайлбарлалаа. УИХ-ын дарга орон сууцны зээлд тус аймгийн иргэд хэр зэрэг хамрагдаж байгаа, зээл олголтын үйлчилгээ ямар түвшинд байгааг тодруулан ярилцлаа.

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 21-22-ны өдрүүдэд Орхон аймагт ажиллах хугацаандаа “Эрдэнэт” үйлдвэр, цахилгааны зэс утас үйлдвэрлэх “Эрдмин” ХХК, өдөртөө 8000-10000 ширхэг маск үйлдвэрлэх хүчин чадалтай “Мөнхийн цагаан жим” ХХК, “Эрдэнэт Эко” жишиг хорооллын үйл ажиллагаатай танилцаж байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.