Төсвийн зарчмуудын нарийн хуульчлагдаагүй байдлыг ашиглан хулгай хийдэг газар нь төсөв болоод удаж байна...

Twitter Print
2020 оны 05-р сар 11-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

ТӨСВИЙН ЗАРЧМУУДЫГ АЖИЛЛАДАГ БОЛГОХ ЁСТОЙ

“Төрийн мөнгө” гэх ойлголт байхгүй, харин “олон нийтийн мөнгө”, “татвар төлөгчдийн мөнгө” л гэж байдаг. Энэ мөнгө улсын болон орон нутгийн төсөвт төвлөрдөг. Тиймээс төсвийг батлах, хэрэгжүүлэх, тайлагнахдаа тодорхой зарчмуудыг баримтлах ёстойг төсвийн тухай хуульд тусгасан байдаг. Гэтэл өнөөдөр төсвийн зарчмууд огт хэрэгжихгүй байна. Яагаад гэвэл эдгээр зарчим холбогдох хуульд зөвхөн уриа хэлбэрээр бичигджээ. Бид төсвийн зарчмуудыг нарийн хуульчилсан процессын хуулиудтай болох шаардлагатай байна.

Төсвийн тогтвортой байдлыг 2010 онд хуульчилсан боловч түүнээс хойш маш олон удаа нэмэлт өөрчлөлт хийсэн учир үндсэндээ хуулийн дархлаагүй болчихлоо. Төсвийн ил тод байдлыг Шилэн дансны хуулиар хуульчилсан боловч хуулийн хэрэгжилт хангалтгүй, бас тус хуулинд шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болчхоод байна. Төсвийн хуультай холбоотой хариуцлагын асуудал өнөөдөр хуульчлагдаагүй байна.

Төсвийн зарчмуудын нарийн хуульчлагдаагүй байдлыг хувьдаа овжин ашигладаг, мөн “төрийн мөнгө” хэмээх байдаггүй ойлголтыг байдаг мэт ярьдаг хүмүүсийн хулгай хийдэг газар төсөв болоод удаж байна. Олон нийтийн мөнгийг дураараа төсөвлөдөг, дураараа зарцуулдаг, бас хулгайлдаг байдал манайд газар авсан. Бид ЖДҮ, концес, тендер гэх мэт маш их үнийн дүнтэй хулгайнуудыг хангалттай сонссон. Өнөөдөр дэлхий даяараа цар тахалтай нүүр тулж байх энэ үед “зуд болоход нохой зоолдог, зовлон болоход ноёд баяждаг” гэх хэлцийг олон нийт ярьж, эрх баригчдыг эгдүүцэж байна. Төсвөө тодотгохгүй байгаагаа, төсвийн тухай хуулийг зөрчсөнөө нууж цар тахлын үеийн нэг удаагийн хууль гаргаж өөрсдөө төсвийг дураараа, ямар ч хяналтгүй зарцуулахаар тэд зүтгэж байна.

Дэлхийн улс орон бүр цар тахлын эсрэг эдийн засгийн арга хэмжээг 1-2 жилээр харж төлөвлөж төсөвлөж байна. Улс орон бүр иргэн бүрийг хоол хүнсний, эм тарианы болон бусад хэрэглээний зардлаа төлж чадахуйц байх мөнгөний нөөцтэй байхад анхаарч байна. Харин манай эрх баригчид өөрсдийнхөө сонгуулийн санхүүжилтэнд л анхаарч олон нийтийн мөнгийг өөрийн мэт зарцуулж байна. Манай эрх баригчид төсвөө тодотгохгүйгээр, тэвчиж болох зардлуудаа танахгүйгээр энэ оны 10-р сарыг хүртэл авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээгээ танилцуулсан, гэхдээ нэмж 1.4 тэрбум ам.долларын гадаад зээл авахаар ажиллаж байна.

Хэрэв энэ цар тахал 2021, 2022 оныг дуустал үргэлжилнэ гэвэл бид хэдий хэмжээний гадаад өр зээл нэмж авах бол. Маш олон багийн төвийн, засаг даргын тамгын газрын контор, хөшөө дурсгал, сумын соёлын төвийн барилгууд энэ онд эхлэнэ. Олон нийт, татвар төлөгчид бүгд эдгээр зардлыг тэвчиж болох зардал гэж үзэж байгаа. Төсвийн зарчмууд нарийн хуульчлагдаагүй байдлаас үүдсэн төсвийн хулгай, үр ашиг нь тодорхойгүй хөрөнгө оруулалтууд маш их байна.

Өөрөөр хэлбэл өнөөдөр манай улсад төсвийн зарчмууд огт ажиллахгүй байна. Төсвийн зарчмуудыг ажилладаг болгох, төсөвт нүүрлэсэн хулгайг таслан зогсоох хууль эрх зүйн орчинг бий болгох ажил 2020 оны сонгуулийн дүнгээр бүрдэх УИХ-д сорилт болон үлдлээ.

Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.