Өлсгөлөнд нэрвэгдсэн иргэдийн тоо 150 саяаар нэмэгджээ

Twitter Print
2022 оны 07-р сар 07-нд 11:34 цагт
Мэдээний зураг,

НҮБ-аас мэдээлснээр коронавирусын цар тахал эхэлснээс хойш өлсгөлөнд нэрвэгдсэн иргэдийн тоо дэлхий даяар 150 саяаар нэмэгджээ. ОХУ Украинд цэргээ оруулсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, хүнсний хомстолтой тулгарсан улс орнуудыг өлсгөлөнд нэрвэгдэхэд хүргээд байна.

Дэлхий даяар хоол тэжээлийн байнгын дутагдалд орсон иргэдийн тоо 2021 онд 828 сая хүрсэн нь 2020 оныхоос 46 саяаар өссөн үзүүлэлт бөгөөд цар тахал эхэлснээс хойш дээрх үзүүлэлт нь 3 дахин нэмэгджээ.

НҮБ-ын Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бизлигийн мэдэгдсэнээр ОХУ Украин руу довтолсонтой холбоотойгоор шатахуун, хүнс болон бордооны үнэ нэмэгдсэнээр хоол тэжээлийн дутагдалд орсон иргэдийн тоо ирэх саруудад дахин өсөх хандлагатай байгаа ба иргэд хоол тэжээлийн дутагдлын хурц хэлбэр болох өлсгөлөнд нэрвэгдэхэд хүрэх эрсдэлтэй байгаа аж.

Коронавирусын уар тахалтай холбоотойгоор НҮБ 2021 онд хоол тэжээлийн архаг дутагдалд орсон иргэдийн тоог нарийвчлан гаргаж чадаагүй ч мэргэжилтнүүдийн тооцооллоор уг үзүүлэлт нь 702 саяаас 828 сая орчим байх аж. Ингэснээр хоол тэжээлийн байнгын дутагдалд орсон иргэдийн тоо дэлхийн нийт хүн амын 10.5 хувийг эзэлж байна.

Дэлхий даяар хоол тэжээлийн архаг дутагдлын хурц хэлбэр болох тураалд орсон 5-аас доош насны хүүхдүүдийн тоо 45 саяд хүрсэн байна. Тураал нь хүүхдийн нас барах эрсдлийг 12 дахин нэмэгдүүлдэг аж.

Түүнчлэн дэлхий даяар нэн шаардлагатай шим тэжээлийн архаг дутагдлаас болж 5-аас доош насны 149 сая орчим хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжил зогссон байна 2030 онд хоол тэжээлийн архаг дутагдалд 670 сая орчим хүн өртөх тооцоололтой байгаа аж.

2015 онд НҮБ Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд 2030 он гэхэд дэлхийг өлсгөлөнгөөс ангижруулах зорилт тавьсан ч ОХУ-Украины дайнтай холбоотойгоор үүссэн асуудлууд саад бэрхшээл учруулсаар байна.

Хамгийн сүүлд 2017 онд Өмнөд Суданы зарим бүс нутагт өлсгөлөн бүртгэгдсэн бол 2010-2012 оны хооронд Сомалид өлсгөлөнгийн улмаас 260 мянга орчим хүн амь насаа алдсан билээ.

Өмнөд Судан, Сомали хоёр улс хоёулаа одоог хүртэл хоол хүнсний хомстолтой тэмцэж байгаа ба хүмүүнлэгийн тусламж үзүүлэх арга хэмжээ зохион байгуулснаар зарим бүс нутгуудыг нь өлсгөлөнд нэрвэгдэхээс сэргийлж чадна хэмээн НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн хэвлэлийн төлөөлөгч онцолжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.