Эцсийн нулимс

Twitter Print
2014 оны 06-р сар 21-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Дал. Маргааш би энэ хорвоо дээр ирснээсээ хойш дал дахь жилээ үзнэ. Идэр залуу байхдаа авсан зүрхний минь гал одоо хүртэл унтраагүй л байна. Эрүү өвдөг маань нийлж удахгүй эндээс явах гэж байгаагаа би мэдэж байна аа. Бугшуулан ханиаж амар тайван унтахаа байлаа. Угийн амар тайван унтана гэдгийг мартаад тавин жил болж дээ. Одоо надад хорогдоод байх зүйл үлдээгүй ээ. Хайрт минь нэгэнт явчихсан. Би одоо явна. Намайг өнхрөөд өгөхөөр дурсах хүн нэг ч байхгүйг би мэднэ. Гэхдээ хэзээ нэгэн цагт таньдаг таньдаггүй хамаагүй нэг нь миний захиаг уншаад бага ч атугай намайг хүндлээсэй л гэж хүсэж байна.

Гээд өвгөн салгалсан гараараа арай хийн хэдэн хуудас юу нь мэдэгдэхгүй зүйл бичиж дугтуйнд хийгээд ширээн дээрээ тавив. Маргааш өглөө нь умгар жаахан гэрд сүү зөөдөг жаалхүү орж ирээд түүнийг амьсгалахгүй хэдий нь өөд болсныг цагдаад мэдэгджээ. Талийгаачийн цогцосыг битүүмжлэн гаргаад залуу офицер түүний гэр бүл ойр дотных нь зураг, холбоо барьчихаар юу ч олж чадсангүй. Сүүлд нь ширээн дээр байх дугтуйг задлан уншив.

“Сайн байна уу? Миний захиаг уншиж байгаа таньд мэнд хүргэе. Миний нэр таньд тийм ч сонин биш байх. Таныг наад захиагаа уншиж байх зуур би аль хэдийн тэнгэрийн оронд заларсан байх болно. Утгагүй юм гэж бүү бодоорой. Зүгээр л би өөрийгөө хэн нэгэнд бага ч атугай сайн хүн байсныг хэлэх гэсэн юм. Үнэнийг хэлэхэд таниас өөр намайг мэдэх хүн энэ хорвоод өөр байхгүй л болов уу. Олон юм нуршаад яахав. Эл захиандаа би зөвхөн өөрийнхөө тэр бяцхан хайрын тухай л бичих гэсэн юм. Өөр миний амьдралд юу ч сонирхолтой байгаагүй, байлгахыг ч хүсээгүй.

Би дажгүй чинээлэг айлын эрх танхил ганц хүү нь байлаа. Надад хэзээ ч асуудал тулгарч байсангүй. Би бүхнийг мөнгөөр шийдчихдэг нэгэн байсан юм. Их сургуульд ороход миний сурлага тийм ч сайнгүй байсан болохоор улсын сургуулийн арын хаалгаар орчихоод түүндээ их л баярлаж байсансан. Их сургуульд орсныхоо дараа би хэзээ ч мартаж бас худалдаж авч болдоггүй тийм л айхтар зүйлтэй учирсан юм. Түүнийг хайр гэдэг. Тэрэнд өрөвдөх сэтгэл гэж байхгүй. Замд нь таарсан бүхнийг тэрээр дайран авч яваад хаа нэгтээ хязгааргүй цөлд аваачаад хаячихдаг тийм л зүйл. Мэдээж хүн бүр л хайртай учирдаг. Хайр бол нэг төрлийн мансуурулах бодис. Хэрвээ тэрийг та мэдэрсэн л бол тэр таны ой ухаан, оюун санаа, зүрх сэтгэл гээд бүгдийг эзэмдэж чаддаг аймшигтай бодис.

Би түүнийг оюутан болсноосоо хойш харж эхэлсэн. Магадгүй миний гунигт хувь тавилан түүн рүү хөтөлсөн байх. Тэр үед би бас чиг сайхан залуу байлаа. Манай ангийн болон бусад ангийн охидууд надад хандардаг байсан ч би зөвхөн түүнд л дурласан.

Нэрийг нь Тамир гэдэг юм. Тэр охин хэтэрхий үзэсгэлэнтэй нэгэн. Бурхан түүнд гоо үзэсгэлэн, эелдэг зан, саруул ухааныг харамгүй хайрлажээ. Яг л газар буусан сахиусан тэнгэр гэлтэй. Аль эсвэл би тэгж хардаг байсан ч байж болох. Би түүнийг зүгээр хараад суусангүй. Омголон зандаа захирагдаж хажууд нь сууж яриа өдөх боллоо. Тэр ч надаас зай барьсангүй. Ангийн маань зарим хүүхдүүд түүнтэй минь сээтгэнэдэг байсан ч тэр хэнтэй ч ойр дотно харилцаанд хүрсэнгүй. Надтай ч гэсэн. Би баян айлын хүү түүнийг ч гэсэн худалдаад авчихвал яасан юм бэ? гэсэн бодол нэг удаа төрсөн ч, би тэнэг хүн биш. Хүнийг, хайрыг мөнгөөр авж болдоггүйг мэддэг байсан.

Анхны цас лав биш хоёр юм уу гурав дахь удаагаа цас орж бүхнийг цагаанаар будахад би түүнийг гэрт нь хүргэж өгсөн юм. Урт улаан ороолт нь түүнд гайхалтай гэмээр зохисон байсан. Зүгээр л түүнийг гэрт нь оруулахыг хүссэнгүй. Түүнээс цуг хоолонд орохыг гуйсанд тэр минь татгалзсангүй.

Энэ нь бид хоёрын хамгийн анхны сургуулиас гадуурх уулзалт болсон юм. Миний хувьд бол болзоо. Түүнийг хоргоодог залуусаас түрүүлж түүнтэй болзоонд явсандаа өөрийгөө магтаж байлаа. Бид хоёр буланд байх жижигхэн ширээнд сууж хоол ирэхээс өмнө түүний гунигтай царайг үргээх хөгжилтэй яриа ярьж амжсан юм. Ярьж байхдаа би аль болох түүний харцнаас бултаж байлаа. Хэрвээ харчихвал энэ хорвоо дээрх бүх зүйлийг мэдрэхээ больж, түүний гал халуун харцанд хайлах биз. Түүний дуу хоолой, ааш зан, хөдөлгөөн нь намайг галзууруулах дөхөж байлаа. Тэр бяцхан кафен болзооноос хойш бид хоёр дэндүү гэмээр ойр дотно болчихсон. Хөвгүүд надаас яаж түүнийг өөртөө татваа гэх утгатай асуултуудаар байнга булдаг байсан ч би тойруулаад л өнгөрөөчихдөг байсан юм. Хоёулахнаа үзвэр үзэж, цана чаргаар гулгаж, гадуур зугаалдаг боллоо. Яг энэ үед миний зүрх сэтгэл хэзээ ч унтрахааргүй ассан юм. Тэгэж шатаж байхдаа би түүнтэй хамт байдгаас биш, хосууд шиг биш байгаагаа ойлгосон юм. Хосууд шиг тэврэлдэж, хөтлөлцөж, үнсэлцсэнгүй.

Багахан гуниг дагуулсан тэр өдрийг би сайн санаж байна. Дулаан орж, цас хайлж газраар нэг шавхай болсон байсан. Түүнтэй уулзахдаа би сэмээрхэн гараа явуулж түүний зөөлхөн бас цагаахан гарнаас нь бариад автал тэр минь тогонд цохиулсан юм шиг хурдхан гэгч нь гараа татаад авчихсан. Тэр “Намайг уучлаарай. Би… би… би” гэж үгээ дуусгахгүй гэрийн зүг гүйгээд л алга болсон. Долоо хоног Тамир хичээлдээ ирсэнгүй. Ямар ч сураг чимээ байхгүй. Би орой болгон цонхных нь гадаа эргэлдэж, эргэлдэж хий дэмий гэрийн зүг гэлдэрдэг байлаа.

Тэр долоо хоног миний хажууд Тамир байгаагүй болохоор яг л долоон жил шиг өнгөрсөн. Би санасандаа болоод байж суухаа больж байсан ч чамайг хараад жаахан ч гэсэн тайвширсан. Хичээл дээр би түүний хажууд биш тэр миний хажууд суугаад “Өнгөрсөн явдалд намайг уучлаарай. Тэгэхэд би бэлэн биш байсан юм” гээд юу юугүй гарнаас минь бариад авах нь тэр. Ёстой л тог цохих шиг болсон доо. Хамаг бие минь ирвэгнэсэн ч би гараа авахыг хүсээгүй улам чанга атгасан юм. Тэр атгалтыг үүрдийн гэж бодож байсан ч эндүүрэл байсныг би амьдралаараа баталж байна.

Аз жаргал гэж түүнийг л хэлэх байх. Тэр өдөр бид хоёр хөтлөлцсөн, тэврэлдсэн, тэгээд үнсэлцсэн. Борооны зөөлөн дуслууд, жаргаж буй нарны туяа түүнийг маань хичнээн үзэсгэлэнтэй болгож байсан гээч. Би түүнд эргэж буцалтгүйгээр хайртай болсон. Эхний бөгөөд эцсийн хайр минь ганцхан Тамираа минь л байсан. Хүн хайртайгаа ганцхан учирдаг гэх үг хатуу, үнэн болохыг би зүрх сэтгэл, яс махандаа шингэтэл ойлгосон. Миний мөрөөдөл бол зөвхөн түүнтэй байх, зөвхөн түүнтэйгээ гэрлэх л байсан.

Эргээд намар болох хугацаанд бид хоёр зүйрлэшгүй их аз жаргалд умбасаан. Гоо үзэсгэлэнд нь би өдөр болгон согтож байлаа. Тэр нэг оройг би маш тодоор санаж байна. Яг л өчигдөрхөн юм шиг. Гэр бүлийнхэн маань зугаалгаар явахад нь би зөрүүдэлсээр байгаад ганцаараа үлдсэн юм. Мэдээж би орой нь түүнийг гэртээ урилаа. Тамираа арван цагт гэртээ байх ёстойгоо надад хэлж сануулсан юм. Бид хоёрд ердөө хоёрхон цаг л байлаа.

Кинон дээр гардаг шиг романтик үдшийг зөвхөн түүнтэй өнгөрүүлэхийг хүссэн юм. Хүсэл маань ч талаар болоогүй шүү. Хайрын тухай намуухан дуу уянгалуулж, зөвхөн бид хоёр ханатлаа бүжиглэсэн юм. Тэр үед би эргэлт буцалтгүйгээр Тамирт хайртаа болсоон. Хэзээ нэгэн цагт дахиж өөр бүсгүйг хайрлаж чадахаа нэгэнт больсон байсан юм. Толгой нь миний мөрийг дэрлээд, цээжээ биенд минь наагаад намуухан аялгуунд бүжиглэж байгаа нь миний зүрх сэтгэлийг нэг мөсөн халуунаар төөнөж, хайлуулж орхисон. Гэрт нь хүргэж өгөөд, харьж байхдаа би түүний зөөлөн инээмсэглэл, халуухан үнсэлтийг дурссаар явсан юм. Зуны амралт Тамираатайгаар үлгэрийн юм шиг л байлаа. Миний энэ захиаг уншиж байгаад дахин талархая. Таньд хандаж хэлэхэд гал халуунаар дүрэлзэсэн хайр тийм ч удаан үргэлжилдэггүй юм шиг. Гэхдээ бас миний хэлснийг тэгтлээ өөртөө тусгасны хэрэггүй шүү. Магадгүй зөвхөн миний азгүй учрал байх л даа.

Амралт бараг дуусахын зэрэгцээ халуунаар төөнөх нарны илч ч багассаар. Хаанахыг нь мэдэхгүй бид хоёр нэгэн сандал дээр гар гараасаа барилцаад сууж бйлаа. Сэвшээ салхи биднийг зөөлнөөр илбэж хажуугаар давхих машины гэрэлд түүний минь царай гэрэлтэнэ. Сэтгэл зүрх маань догдолж “Би чамд хайртай” гээд чангаар хашгирав. Тэгэхэд би Тамираагаас хариу хүлээж байсан ч нүүрний хувирал нь гунигтай талруугаа өөрчлөгдөөд таг дуугүй болчихов. “Чи надад хайртай юу?” гэж хариу нэхэн асуувал хэсэг дуугүй байснаа “Уучлаарай. Би...би бэлэн биш байна. Би чамайг болон өөрийгөө хуурч чадахгүй нь. Намайг гэрт минь хүргээд өгөөч” гэсэн юм. Түүнийг гэрт нь хүргэж өгөөд тэр шөнө би бараг унтаагүй юмдаг. Юуны тулд надаас уучлалт хүснэ вэ? Ямар учраас бэлэн биш байна гэсэн юм бол? Яагаад намайг хуурна гэж? Түүнд өөр залуу байдаг хэрэг үү? гэх асуултад толгойд минь эргэлдэж хариултыг нь олохын тулд шөнөжин бодсон ч эцсийн эцэст “Тамираагийн надаа хайртай байх нь хамаагүй. Гагцхүү би Тамираад хайртай байх нь л чухал” гэсэн ганцхан хариултыг олсон юм.

Тэр оройноос хойш бид хоёрын уулзах цаг эрс багассан, бараг байхгүй болсон ч гэж болно. Уулзах гэхээр завгүй байна, гарч чадахгүй нь гэх мэт олон шалтгаан тоочдог болсон. Хааяа гарч ирэхдээ бид хоёрын харилцаа нэг л тохиромжгүй хүйтэн , хөндий явж өнгөрдөг боллоо. Амралтын эрх чөлөөтэй цаг өнгөрч хичээл орсон ч тэр ирээгүй.

Түүнийг сургуулиасаа гарч өөр сургууль руу орсон гэж багш хэлсэн ч чухам аль сургуульд орсныг нь мэдэхгүй гэсэн. Би хоёр сарын турш уйтгар гунигт автаж, ганцаардалд умбав. Шөнө болгон түүнийг зүүдэлж, хоолонд муу болж бодол санаанд минь зөвхөн Тамираагийн минь инээх нь л харагдсаар. Мэдээж би бууж өгсөнгүй. Утас руу нь залгаж, гэрт нь очсон ч аль хэдийн өөр тийшээ нүүчихсэн гэсэн юм. Арга ядахдаа гудамжаар хий дэмий Тамирааг олоод харчих болов уу? гэсэн нүдээр хайсаар. Бас нэг гунигт өдөр өнгөрч гэртээ очиход миний нэр дээр захиа ирсэн байлаа. Захиаг би дугтуйнд цуг хийсэн байгаа. Энд дурьдахад илүүц биз.

Захиаг уншсанаас хойш амьдрал минь дахиж эрчээ авахааргүй таг зогссон юм. Дахиж урагшлахгүйгээр нэг мөсөн зогссон. Өдөр хоногийг архиар өнгөрөөдөг болсон. Аав ээж минь нас барж, найз нөхөд маань ч намайг тэвчихээ больж надаас дөлсөн юм. Захиа ирснээс хойш дөрвөн жилийн дараа би Тамирааг олж харсаан. Гэхдээ ганцааранг нь биш. Түүний үхээд сэрсэн нөхөр нь болон хөл дээрээ тогтож ядан, арай гэж алхаж буй хүүхдийнх нь хамт. Би тэгэхэд үс сахландаа баригдаж эрс турсан тул намайг таниагүй. Хажуугаар минь гарахдаа Тамираа хичнээн жаргалтай байсан гээч. Яг л надтай байсан шигээ. Тамирааг нөхөртэй бас хүүхэдтэйгээ хичнээн их аз жаргалтай явж байхыг хараад сэтгэл минь бага ч атугай дээрдсэн. Тэгэхэд л миний толгойд дөрвөн жилийн өмнөх хариулт маань дахин орж ирсэн юм. “Тамираагийн надаа хайртай байх нь хамаагүй. Гагцхүү би Тамираад хайртай байх нь л чухал” гэсэн амлалтанд би өдий хүртэл үнэнч байсан юм шүү. Тэр өдөр тэднийг даган явж гэрийг нь олж мэдээд өдөр болгон гэрийнх нь гадаа очиж Тамирааг хичнээн жаргалтай байгааг нь хардаг болсон.

Түүний нөхөр нь надаас хэд дахин илүү нэгэн. Өдөр болгон хайртыг минь жаргалтай байлгадаг. Би тэнд нь ч баярладаг байсан юм шүү. Би өдөр болгон Тамирааг гэрээсээ гарахад нь хардаг байлаа. Тамираа намайг бүр мөсөн мартсан байх. Намайг ч гэсэн өөрийг нь мартсан гэж бодож байгаа байх. Гэвч миний зүрх хэзээ ч унтрахааргүй ассанаас хойш үргэлж түүний дэргэд мэдэгдэхгүйгээр цуг байдаг байсаан. Тэд хоёр охин, хоёр хүүтэй болж аз жаргалаар дүүрэн амьдарсан юм. Та энэ захиаг уншиж байгаа бол би аль хэдийн үхсэн гэсэн үг. Учир нь энэ захиаг бичдэг өдрийн өглөө хайрт минь хорвоог орхисон юм. Тиймээс надад энд хорогдоод байх зүйл байхгүй учир би явахаар шийдсэн юм. Эцэст нь хэлэхэд надад эхнэр хүүхэд, найз нөхөд, ажил мэргэжил, хамаатан садан аль нь ч байгаагүй ээ. Гэхдээ надад байсан ганцхан өмч нь хайр байсан юм шүү.”

Залуу офицер цаасны доод талд хэсэгхээн газар нороод тэгээд хатсан байхыг нь харлаа. Тэр нь яг л өвгөний эцсийн нулимс гэлтэй. Офицер захиаг тавиад нөгөө захиаг нь дэлгэв.

“Намайг уучлаарай. Сайн найз минь. Надад хэцүү байсан бүх хугацаанд зөвхөн чи л дэргэд минь байж ганцаардлыг минь үргээж байсан юм шүү. Чамтай байхдаа би хэзээ ч гуниг гутралд автаагүй.

Дахиад намайг уучлаарай. Би чамд хайртай болохыг хүссэн ч чадаагүй юм шүү. Миний хувьд гэвэл би өөр хүнд хайртай байсан. Зүгээр л мартаж чадаагүй юм. Тэр бид хоёр хар багаасаа л тоглож өсцгөөсөн том болоод үерхэж бие биедээ хайртай болсон юм. Тэр минь надаас гурав ах тул түрүүлж сургуулиа төгсөөд гадаадад сурч, илүү сайн боловсрол эзэмшихээр намайг хаяад явсан. Төд удалгүй түүнийг машины ослоор нас барсан гэсэн юм. Би итгэхийг хүсээгүй ч цаг хугацааны эрхэнд түүнийг үхсэн гэдэгт итгэчихсэн их сургуульд орж чамтай танилцсан юм. Гэвч сэтгэлдээ би зөвхөн түүнийг л хайрлаж байсан. Мартахын тулд би чамтай хэтэрхий гэмээр дотно харьцаатай байсан ч, эцэст нь миний хайрт үхээгүйгээр барахгүй эв эрүүл над дээрээ ирсэн юм. Осолд орж нуруундаа гэмтэл аван алхаж чадахгүйдээ тулсан тул надад өөрийгөө үхсэн гэж хэлүүлэхийг хүсчээ. Хайрт минь бууж өгөлгүй хагалгаанд орж өдөр шөнөгүй алхсаар эрүүлжиж над дээрээ ирсэн минь энэ.

Дахин намайг уучлаарай. Чиний үг бүхэн үнэн байсаан. Хайртай гэдэг чинь нүднээс чинь л илт байсан. Гэхдээ би чадахгүй нь ээ. Намайг мартаж өөр надаас илүү бүсгүйтэй учирч сайхан амьдрахыг ерөөе. Тамираагаас” гэжээ.    

Б.Ууганбаяр                                                                                                                                                                                                            

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Санал болгох

              
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.