
Өнгөрсөн баасан гарагт болсон зарим хүмүүст генерал цол хүртээх ёслолын хамгийн сэтгэл хөдөлгөм мөч нь ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч асан, хошууч генерал Чимэддоржийн Амарболдын цолыг сэргээн олгосон явдал байлаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж 2018 оны дөрөвдүгээр сард цолыг нь хасахаар шийдвэрлээд байсан юм. Тодруулбал, 2018 оны 4-р сарын 24-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хассугай” хэмээн зарлиг гаргаж байжээ.
Ч.Амарболд нь долдугаар сарын 1-ний үймээний үед ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар “Захирагч эрх мэдэл, албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр 6.6 жилийн ял сонсож, батлан даалтаар хугацаанаасаа өмнө суллагдаж байсан юм.
Харин сэнтийгээсээ буухын өмнө Ерөнхийлөгч маань шийдвэрээ эргэн харж, 2008 оны долдугаар сарын 1-ний гэх хэрэгт ял шийтгүүлсний дараа дахин цолыг нь хураах шийтгэл оноосон нь буруу гэж үзсэн байна.
Ч.Амарболдод 1996 оны наймдугаар сард хошууч генерал цол олгосон билээ.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ "Монголын төр тусгай алба хаагчдаа үүрэг, даалгавар өгчихөөд дараа нь түүнийг биелүүлснийх нь төлөө буруутгаж, цолыг нь хураадаг явдлыг ахин гаргахгүй байх нь зүйтэй юм. Дээд албан тушаалтнуудынхаа өгсөн тушаалыг гүйцэтгэснийнхээ төлөө хариуцлага, шийтгэл хүлээсэн дээр нь генерал цолыг хурааж давхар шийтгэсэн нь зохимжгүй шийдвэр байсан гэж үзэж байна. Зүй нь тушаал өгсөн дээд албан тушаалтан зохих хариуцлагаа хүлээх ёстой.
Төрийн тусгай даалгавар, онцгой үүргийг үг дуугүй биелүүлэх тангарагтай тусгай алба хаагчдыг хамгаалах, ажиллах нөхцөл боломжоор хангах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зэрэг нь төрийн хэнтэй ч хуваалцашгүй үүрэг юм.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн алдар бадартугай" гэсэн юм.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.