Оросын хаант улс Умард Халхыг нэгтгэн авсан нь

Twitter Print
2021 оны 02-р сар 25-нд 16:42 цагт
Мэдээний зураг,

Оросын хаант улсын Сибирийг колоничлох бодлого маш амжилттай хэрэгжиж байсан ид үе буюу 1640 он гэхэд анх Байгаль нуурын хойд нутгаар Доны Казакууд үе үе үзэгдэх болж Байгаль нуурын хойд эргээр нутаглах Монголчуудтай худалдаа хийх, үүний хажуугаар тандалт, тагнуулын үйл ажиллагаа явуулах болсон юм. Байгаль нуурын уснаас Оросууд 1643 онд анх амссан гэж тэмдэглэн үлдээжээ.

Түүхэн үндэс: Догшин Иван хааны үед, Доны Казак , атаман Ермак Тимофеевич өөрийн удирдлага доороо 540 Казак, хүчирхэг Строгановын гэр бүлийнхэн 300 Казак хөлсөлж, нийтдээ 840 цэргийн бүрэлдхүүнтэйгээр Уралын нурууг даван Сибирийг колоничлохоор 1582 онд хөдөлжээ. Строгановынхан тэднийг тухайн үеийн хамгийн шилдэг галт зэвсгээр зэвсэглэсэн бөгөөд мөн бусад хангамжийг нь ч даажээ. Иван хаан эхэндээ Ермакын амжилтанд эргэлзэж байсан тул дэмжлэг үзүүлж гавьсангүй. Гэхдээ хэрэв Ермак газар нутаг эзлэх юм бол тэр нь Догшин Иван хааных буюу Орос улсынх болох ёстой байв. Ермак Тимофеевич хоорондоо зөрчилтэй, нум сумаар зэвсэглэсэн Сибирийн бага ястнуудыг 1-рт сайн галт зэвсгийн хүчээр, 2-рт нэгийг нь нөгөөнх нь эсрэг ашиглаж, 3-рт хүчирхэг Строгановынханы хангамж дэмжлэгийн хүчээр хохирол багатайгаар эзлэн авч Оросуудын зүүн зүг газар нутгаа тэлж асар олон сая тариачдаа суурьшуулах хүслийг хөдөлгөсөн юм. Ермакын эхлүүлсэн колоничлолыг Орос улс цааш нь системтэйгээр зохион байгуулж, 1640 оны үед Ангар мөрөн, түүний эх Умард Халх нутагт тулж иржээ.

Оросууд Сибирийн бүдүүлэг бага ястнуудыг хялбархан эзлэж сурсан дадлаараа Умард Халхуудыг эзлэн авах гэж элдвээр оролдсон боловч дээрээ засаг төртэй, эртний төрийн уламжлалтай, өөрийн бичиг үсэгтэй, цэрэг зэвсэгтэй ард түмнийг эзлэх боломжгүй байлаа. Байгаль нуур, Хэнтийн нуруу орчмын асар баян нутгийг нэгтгэн авахад нь саад болж буй Түшээтхан, Сэцэн хануудыг зэвсгийн хүчээр зайлуулах таатай боломжийг тэвчээртэй хүлээж байв. Энэ завсар зүгээр гараа хумьж суулгүй, цэргийн бэхлэлтүүд Халхын нутаг руу цөмрөн барих, хилийн маргаан бий болгох, бас тариачдаа түрэн суурьшуулах зэрэг хүний нутгаас хумслах бүхий л бохир аргуудыг хэрэгжүүлж байв. Ийм байдлаар 1680-аад онтой золгосон юм. Өөрөөр хэлбэл Байгаль нуурын уснаас Оросууд амссанаас хойш 40 гаруй жилийн нүүр үзжээ. 1680 оноос хилийн мөргөлдөөн байнга гарах болж, Оросууд Байгалийн хойд талаар бэхлэлтээ бариад зогсолгүй бүр өмнө талаар өнгөлзөх болсон тул Түшээт хан Чахундорж 1688 оны зун 6000 цэрэг татан дүү Шидшид тайжид захируулан, Умард хил хязгаарыг илбэн тохинуулах тушаал буулган илгээжээ. Шидшид тайж амжилттай довтолж Байгаль нуурын өмнөд талаар орж ирэн бэхлэлт барьж байсан Казак цэргүүдийг хөөн гаргаж бэхлэлт хүрээг нь эвдэн барав. Тэдний өмнө зүг газар нутгийн тэлэлтэнд нь саад учруулж буй Халх Монголыг эзлэхдээ Ойрадын Галдан Бошигтыг ашиглахаар төлөвлөсөн байжээ. Энэ зуур Халх руу довтлох Орос улс, Зүүнгарын хант улсын гэрээ байгуулагдаж дуусах шат руугаа орсон байв. Тус гэрээгээр, Орос улс умард Халхыг, Галдан Бошигт төв Халхыг тус тус авахаар тохиролцсон юм. Шидшид тайжийн цэргийн үйл дуусах арай болоогүй байв.

Ангар мөрний эх,нуурын хойд талаар буй дайсны бэхлэлт, түшиц газруудыг буцаан авч дайснуудыг умард хилээсээ холдуулан хөөн, хязгаар нутгийн иргэдэд тайван, амгалан амьдрах нөхцөл боломжийг авчрах хариуцлагатай үүрэг Шидшид тайжид үлдээд байв. Энэ чухал довтолгоонд бэлдэж буй тэр үед Ойрадын Галдан Бошигт үлэмжхэн их хүчээр Халхын баруун талаас довтлов. Оросууд бүх зүйлийг тодорхой мэдэж байсан тул, Шидшид тайжийн 6000 цэрэг төврүүгээ буцаан татагдах нь ойлгомжтой учир энэ мөчийг хүлээн Галдантай байгуулсан гэрээгээ зөрчиж зэрэг довтлолгүй цэргээ бэлдэн байв. Үнэхээр ч Оросуудын таамгаар болж Шидшид тайж яаран буцав. Яаран явахдаа цэргийн насны бүх эрчүүдийг Умард Халхаас татан явсныг мэдэж Орос цэргүүд парад гишгэн орж нэг ч цэргийн амь гарздалгүй Буриад буюу Умард Халхыг нэгтгэн авсан түүх энэ буюу. 1689 он гэхэд Оросын засаг захиргаа өнөөгийн Манжуур хүртэлх нутагт тогтсон юм. Оросууд аллага хядлага, дээрэм тонуул огт үйлдэхгүй байсан ба байгалийн баялаг, татвар хоёрт л гол анхаарлаа хандуулж байв. Эсрэгээр нь тэдний холбоотон болох Галдан Бошигт зугтаж чадалгүй олзлогдсон Халх эр хүйстнүүдийг өлгийтэй хүүхдээс өвгөн хүртэл бүгдийг хороосон бөгөөд лам хүний амийг дэлхийн хамгийн харгис, хэрцгий удирдагчид өршөөж байсан атал, тэднийг элдвээр яргалан, тамлан хөнөөж байсан нь түүхэнд бичигдэн үлджээ. Буриад буюу Умард Халхыг Оросууд нэгтгэн авснаас хойш 3 жилийн дараа буюу 1691 онд, харийн нутагт дүрвэсэн Халхууд Манж чин улсын тулгаснаар дагаар орж ийнхүү 2 өөр харь үндэстний эзэрхийлэлд орж үүрд хагацжээ. Манжаас Халхуудад тулгасан зүйл нь Чин улсад дагаар орохгүй бол цэргийн хувьд тусламж үзүүлж Галдангаас нутгийг чинь чөлөөлж өгөхгүй. Зөвхөн өөрийн харъяат нутгаа л бусдаас чөлөөлөх ёстой. Та нарыг нутгаасаа хөөхгүй. Галданг та нар өөрсдөө хөөсөн цагтаа л нүцгээ гэсэн байдаг. Цэрэг, эдийн засгийн хувьд чадал хүчгүй болсон Халхууд нутгаа чөлөөлөх чадамжгүй байсан бөгөөд тэдний оролдлогууд бүтэлгүйтэл, ялагдлаар төгсч байсан тул нутаг руугаа нүүх олон түмний хүсэл эрмэлзлийг үндэслэж Халхууд Манжид дагаар орсон юм. Хамаг мал, гэр орноо үлдээн, дүрвэж ирсэн Халхуудын дотор өлсгөлөн, халдварт өвчин хэд хэдэн удаа гарсан бөгөөд өлсгөлөн, өвчин болон Галдангийн сэлэм 2-ын аль нэгийг сонгох харгис хувь заяа нүүрлэж байв.

Маш олноор өлсгөлөн, өвчин 2-р амь үрэгдсэн юм. Дагаар орсны дараа, Халх болон Манжийн цэрэг Халх нутгийг Галдангаас чөлөөлөх довтолгоонд орж Оросын холбоотон болж хядаар ирсэн Галданг бут цохиж эх орондоо буцан нүүх боломжтой болсон боловч Умардад үлдсэн ах дүү нартайгаа өмнөх шигээ хамт амьдрах боломжоо үүрд алдсанаа хараахан мэдээгүй байжээ. Оронд нь, Галдантай ирсэн Ойрад ахан дүүстэйгээ хамт зэрэгцэн амьдрах хэрэгтэй болсон бөгөөд тэднийг Зүүнгар луу нь хөөлгүй, өширхөн хядалгүй Ховдод суурьшуулав. Ховдын Өөлдүүдийн өвөг дээдэс тэд болов. Үүнээс хойш 50 гаран жилийн дараа Халхад, Зүүнгараас Баяд, Дөрвөд, Урианхай, Захчид зугтан ирэв. Тэднийг Увс, Ховдод газар таслан өгч тархаан суурьшуулсан бөгөөд өнөөг хүртэл эвтэй найртай мөр зэрэгцэн амьдарцгааж байна. Халхын удирдлага нутагтаа нүүн ирмэгц умард Халхаа буцаан авах үйл хэрэгт ханцуй шамлан орсон боловч, Чин улстай Орос улс шууд харьцан, Халх Монгол бусад улстай харилцах ямар ч эрхгүй болсон юм. Буурын хэмээгдэх 1727 гэрээгээр Умард Халхыг Оросын нутаг болохыг Манжууд батлан өгсөн байдаг. Энэ гэрээнд гарын үсэг зуралцсан Цэрэн хэмээх жанжин бүр цэрэг зэвсэг дээрээ тулан эсэргүүцэж Манжийн хаанаас шийтгэл хүртэж дэв зэрэг буурч байсан байдаг. Манжийн хааны хүргэн байсан атал Манж эздийнхээ эсрэг зогсож эх орныхоо газар шорооны төлөө Орос улстай байлдах дээрээ тулж байсан аж. Халхчуудын талаас хичнээн эсэргүүцэл үзүүлж, бүр Оростой дахин тулалдах дээрээ тулж байсан боловч Манжуудын шахалтаар өөрийн эрх мэдэлгүй болсон Халхууд ажиглагчийн байр суурьнаас л оролцсон нь эмгэнэлтэй байв.

Байгаль нуур, Ангар мөрөн, Баргужин төхөм, Алунгуа эхийн төрсөн Ариг ус, Хялгын гол, Есүнгэ Мэргэний төрөлх нутаг Нэрчүү(Чингисийн чулууны бичиг олдсон газар), Хэнтийн нурууны 60 орчим хувь,Тэмүжин, Жамуха 2-ын мөсөн дээр нь тоглож өссөн Онон голын зарим хэсэг зэрэг эртний Монголчуудын түүхт нутаг Оросын хаант улсын нутаг болсон юм. Дээрх газруудын эргэн тойрны газруудын нэр хэдийгээр Буриад аялгуугаар ч гэсэн бүгд Монгол нэр байдаг бөгөөд энэ нь манай газар нутаг байсан гэдгийг баталж байдаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.