
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Финланд болон Шведийн НАТО-д элсэх тухай яриа хэлэлцээрийн үр дүн "хүлээж байсан төвшинд" хүрээгүй, Анкара хэзээ ч "терроризмыг дэмжигч" орнуудыг НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй гэдгээ онцолжээ.
ОХУ Украин руу довтолсонтой холбоотойгоор Швед болон Финланд улс Умард Атлантын гэрээний байгууллагад (НАТО) элсэх хүсэлтээ илэрхийлсэн ч НАТО-гийн гишүүн орнуудын нэг болох Анкара үүнийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Азербайжанд хийсэн айлчлалынхаа дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа , "Режеп Тайип Эрдоган миний бие Бүгд Найрамдах Турк улсын тэргүүн хэвээр байгаа цагт терроризмыг дэмжигч орнуудад НАТО-д элсэхийг нь зөвшөөрч чадахгүй." хэмээн онцолжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр өнгөрсөн лхагва гарагт Финланд болон Шведийн төлөөлөгчдийн Туркийн талтай хийсэн яриа хэлэлцээр үр дүнд хүрээгүй ба талууд цаашид дахин яриа хэлэлцээр хийх эсэх нь тодорхойгүй болж өнгөрсөн байна.
НАТО-д элсэхийн тулд Швед болон Финланд улс НАТО-гийн бүх гишүүн орнуудын зөвшөөрлийг авах ёстой ба Туркийн зүгээс эсэргүүцэлтэй тулсанаар хоёр улсын Умард Атлантын Гэрээний байгууллагад түргэн хугацаанд элсэх хүсэл талаар болж байгаа юм.
Туркийн тал дээрх хоёр улс нь Курдистаны Ажилчдын нам зэвсэгт бүлэглэл болон өөр бусад алан хядах бүлэглэлүүдтэй холбоотой хүмүүсийг орогнуулдаг хэмээн шийдвэрээ тайлбарлаж байгаа билээ.
Нөгөө талаас 2019 онд дээрх хоёр улс Турк руу зэвсэг нийлүүлэхийг хориглосон юм.
Швед болон Финландын тал терроризмыг эрс буруушаадаг гэдгээ онцолж, Анкаратай энэ тал дээр хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр Шведийн Гадаад харилцааны сайд Анн Линдэ, "Талууд дипломат шугамаар харилцаж байгаа. Одоохондоо өөр тайлбар өгөхгүй." хэмээн мэдэгджээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Украин-Оросын аль болох хурдан дайн дуусаасай гэж хүсч байгаа ч нөхцөл байдал өдөр ирэх тусам хурцдаж байгааг онцолжээ. Тэрээр, "Даваа гарагт миний бие ОХУ болон Украины талтай утсаар ярина. Бид талуудыг асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдэхийг уриалсаар байх болно." хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: https://www.reuters.com/world
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.