
“National Geography” сувгаар хүний хоёр өөр төрөл Неандартал болон Хомосапиенс хүмүүс Европ тивд их мөстөлтийн үеэр зэрэгцэн оршиж байсан тухай үзлээ. Неандартал хүн нь Хомосапиенсийг бодвол хүйтэн агаарыг бүлээсгэх зориулалттай хамар томтой, хөл богинотой тул дулаан бага алддаг, бат бөх, том ястай, булчинлаг зэрэг хүйтэн уур амьсгалтай мөстлөгийн үед хомосапиенс буюу орчин үеийн хүнээс бие бялдарын хувьд байгаль орчиндоо илүү дасан зохицсон атлаа яагаад мөхөж орчин үеийн хүн үлдсэн юм бэ? гэсэн судалгааг эрдэмтэд хийжээ.
Судалгаагаар орчин үеийн хүний оршин сууж байсан бууцнаас хэдэн зуун км-ийн алсаас ирсэн элдэв далайн зүүлт, багаж хэрэгслүүд гарсан байна. Харин неандарталуудын булшнаас хүн хүнээ барьж идэж байсны ул мөр хүний ясыг мөлжиж байсны илрэл болох хурц мэсүүдээр зүсэгдэж хэрчигдсэн нь илэрхий хүний ясны үлдэгдлүүд олджээ. Тэдгээр ясанд хийсэн судалгаагаар тэд өлсгөлөн, хангалттай хоол тэжээлгүй байсан нь илэрч.
Ингээд эртэмтэд хомосапиенсүүд хоорондоо харилцаа холбоотой байж, бараа солилцдог, нэгнийхээ хийж чаддаггүй, хийх бололцоогүй зүйлсийг нөгөөх нь хийж улмаар хоорондоо солилцоо хийн нийгэмшилийн эх үүсвэрүүдийг тавьсан байсан учир их мөстлөг, араас нь нөмөрсөн өлсгөлөнг даван туулж, хөдөлмөрийн багаж хэрэгсэлээ хөгжүүлж, амьдрах чадвараа сайжруулж ирсэн байна гэж дүгнэлт хийсэн байна. Гэтэл неандарталууд хоорондын эв түнжин муугаас болж хүнс тэжээлийн дутагдалд орж өлсгөлөнд автан мөхөх, нэгнээ барьж идэх явдал газар авснаас устаж алга болсон гэж тэдгээр эрдэмтэд үзжээ.
Үүнийг үзээд нэгэн зүйл бодогдож байна. Монголчууд бид өөрсдийгөө “тамын тогооны онигоо” хэмээн егөөддөг. Багийн спортоор амжилт гаргах аргагүй, хамтарч ажиллаж чаддаггүй гэх мэт нийгэмшилд нийцдэггүй олон сул талууд байх аж.
Магадгүй Монголчууд бид хувь хүнийхээ хувьд зарим суурин иргэншилтэй хүмүүсээс хүчирхэг байж магадгүй. Энэ нь бидний олон зуун жил уламжилж ирсэн нүүдэлчин ахуйгаас улбаатай. Хэсэг бүлгээрээ, заримдаа ганц гэрээр нүүдэллэж явсан хүмүүс ийм байхаас өөр яалтай билээ. Улмаар энэ ахуй байдал маань зан төлөв, дадал заншилд маань олон зуун жилд бэхжин шингэж, зарим тохиолдолд удамшлаар дамжин хэвшсэн байж болох талтай.
Тухайлбал, олон зууны соёл иргэншилтэй гэгддэг дундаж Хятад хүнээс Монгол дундаж хүн бие бялдарын хөгжил, аливаа хүнд хүчир орчин нөхцөлд дасан зохиоцож амьдрах чадвараар илүү байсан мэт. Монголчууд дайн тулааны үед биеэ хамгаалах зөн билгийнхээ дагуу нэгдэн нийлж, жаахан зохион байгуулалт хийгээд өгөхөд л давуу тоотой дайснаа хиар цохидог байжээ. Гэвч хүн төрөлхтний түүхэнд их тэмдэглэгдсэн дайн тулаан харьцангуйгаар өчүүхэн цаг хугацаа эзэлдэг бол хүний амьдралын ихэнх хэсэг энх цагт өрнөдөг. Тиймээс Монголчууд ихэнх цагт мөр мөрөө хөөн нүүдэллэж тус тусын амьдралыг хөөдөг байсан.
Харин энх цаг үед, түүхэн дайн тэмцэлд голдуу ялагдаж байсан урд хөрш суурин амьдралынхаа хэв шинжээр илүү нийгэмшиж багаар, хамтаар амьдрах зарчимтай тул илүү ихийг бүтээж хүн төрөлхтний соёл иргэншилд том хувь нэмэр оруулсан юм.
Монголчууд хүний түүхэнд агуу гүрнийг ирт мэсний хүчээр байгуулсан ч үлдэж хоцорсон нь асар бага. Учир нь Монгол хувь хүн бусад улс үндэстний хувь хүмүүсээс илүү ихийг бүтээж чадна гэхээ больё гэхэд тэднээс дутахгүй байтлаа 10 юм уу 100 ч юм уу, бүр 1000 Монгол хүний хамтын бүтээмж ижил тоотой бусад улс үндэстнээс ихсэх тусмаа урвуу хамаарлаар улам дорддог. Бодвоос бид багаар ажиллах чадвар муутай байгаа нь манай Монголын хоцрогдлын гол үндэс, суурь юм биш үү гэж хэлж болмоор.
Ингээд л Монгол үндэстэн, улс орон, нийгэмлэг, хамтлаг, багууд маань ямагт хоцрогдон өрсөлдөх чадвар муутай болжээ. Бидний хоцрогдлын гол шалтгаан нь бид багаар ажиллаж чаддаггүй цаашилбал, нийгэмшиж чаддаггүйтэй холбоотойг батлах хангалттай жишээ, баримт макро түвшингээс микро түвшин, эртний түүхээс өнөөгийн үе хүртэл олон бий.
Жишээ нь, манай улсын түүх өөр хоорондоо тэмцэлдсээр ирсэн замнал бөгөөд энэ түүхэнд тархай бутархай Монголчуудыг жинхэнэ ёсоор нэгтгэж чадсан ганц Чингис хаан маань насныхаа ихэнхийг Монголчуудтайгаа дайтаж явсаар үрсэн. 1162 онд төрсөн Их эзэн хаан 1206 он хүртэл нас бие гүйцсэн амьдралынхаа, физиологийн хувьд идэрхэг хүчирхэг явсан 30 гаруй жилээ Монголчуудтайгаа дайтаж хүн амынхаа бараг талын устгаж байж шинэ нэгдмэл улс гүрэн байгуулсан түүхтэй. Дагаар ордоггүй татааруудыг хүртэл тэргэний дугуйн тэнгээр тэгшлэн хядаж байв. Урваж босоод байдаг авга нарынхаа бараг бүгдийнх нь “учрыг олоод” зогсохгүй Мэргэдийг мөхөл мөшгөлгүй болгосон, Найман, Хэрэйдийг даран сөнөөсөн, Жүрхэнийг тарааж цацсан, садан төрлийн Тайчуудыг нухчин дарсан, тангаргаасаа няцсан анд нөхдөө дээдсийн ёсоор цус гаргалгүй егүүтгэсэн гээд тоочвол барагдахгүй.
Хуучны тэдгээр их овог аймгаас хожим нь бараг юу ч үлдээгүй нь энэ бүхний үнэнг гэрчилнэ. Гэтэл энэ их хүн Ази, Европийн их гүрнүүдийг эзлэхдээ 1206 оноос 1227 он хүртэл 21–хэн жилийг эрч хүч нь байгалийн жамаар доройтож эхлэсэн өвгөн буурал өтөл болсон хойноо хийжээ. Хэрвээ Чингис харьцангуй залуудаа улс гүрнээ нэгтгэж, Монголчууд хоорондоо бага цус урсгасан бол тэр үеийн дэлхийг бараг бүгдийн эзлэх ч хүч бололцоо байсан ч юм билүү?
Харамсалтай нь хожим Монголчуудаа нэгтгэх гэж тэмцэж байсан их хааны үр сад маань л хоорондоо тэмцэлдсээр харийн гүрний боол болсныг түүх гэрчилдэг.
За ийм түүхтэй байдаг юм байж. Харин одоо энэ цаг үеэ бид харвал 1990 оны ганзагын наймааны үеэр хилийн чанадад зорчиж явсан Монгол хүнийг гадныхан дээрэмдэж байхад бие биенээ хамгаалахын оронд харин өөрсдийн амиа хоохойлон зугтах, надад хамаагүй хэмээн үл тоож анзаараагүй дүр үзүүлэх бол жирийн үзэгдэл байлаа. Бүр зарим нь харийн дээрэмчидтэй үгсэн Монголчуудаа дээрэмдэх байтугай алж хяддаг байсан гээд бодоход.
Тэр үеэр ч, одоо ч гэсэн ямар нэгэн зүйлийг хүлээж тэвчилгүй хаалга байвал цөөхүүлээ ч байсан хамаагүй заавал дайран, чихцэлдэн орохыг харвал бие биеэндээ найр тавин хүлээцтэй хандан, зохион байгуулалттай байх зэрэг ойлголт байдаггүйг гэрчилнэ. Энэ нь Улаанбаатарын гудамжаар машин барьж явахад бас илрэх бөгөөд заримдаа замын бөглөрөлийг энэхүү замбараагүй байдлаараа өөрсдөө үүсгэдэг.
Мөн багаар ажиллаж чаддагүйн сонгомол жишээ багийн спортоос гадна “мест местэн” дээрээ бие биедээ томроод бараг л гуйлтаар ажлаа явуулах бөгөөд эндээс улбаалаад танилгүй, арын хаалгагүй, хамаатан садангүй бол ажил бүтдэггүй байх явдал ердийнх. Иймээс Монгол хүн ажил хөөцөлдөхдөө хууль дүрмийг харахаас илүүгээр эхлээд тэнд байж болох танил талыгаа судалж ажил үйлсээ явуулдаг онцлогтой!
Гадаадад байгаа орчин үеийн Монголчуудыг авч үзье. Учир нь гадаад дахь Монголчуудыг Монгол нийгмийн жижигхээн хуулбар гэж үзэж болно. Тиймээс Монголын нийгэм, хүмүүсийн зан, орчинг судлая гэвэл гадаад дахь Монголын нийгмийн жижигхэн загваруудыг харвал тун сонирхолтой.
Учир нь харийн ертөнцөд Монголчуудын зан төлөв онцгой тод ялгаран харагддаг. Тэд дотроо нийлдэг нийлдэгээрээ толгой холбогдох бөгөөтөл үнэн хэрэгтээ архины хамсаатнууд нэгдсэн бүлэг болно. Монголчуудын төвлөрсөн үйл ажиллагаа явуулдаг ямар нэгэн байгуулага хэрвээ бий болбол зөвхөн түүнийг эсэргүүцэх зорилгоор л эсрэг бүлэглэл заавал бий болж садаа болдог. Тэдгээр хэсэг бүлгүүдийн цорын ганц зорилго нь яаж нөгөө хэсгийнхээ үйл ажиллагааг унагаах вэ гэсэн үйл ажиллагаа эрхлэх бөгөөд ингэхдээ хов жив, гүтгэлэг, мушгин гуйвуулга зэрэг хэл амаар хийж болох бүх нүглийг үйлдэнэ.
Хэдүүлээ юм болохоороо бие биенийх нь амьдрал, айл гэр, авгай хүүхэд нь бараг ил харагдах тул харийн нутагт хийх ажилгүй, харьцах нийгэмгүй шахуу авгайчуудын хов живний сэдэв болж Монголд байдгаас илүү хурц асуудал үүсгэх аж. Монголд яахав олуулаа бужигнаад нэг нэгнийхээ хувийн амьдралыг харах сөхөөгүй шахам тул ажил дээр ярьдаг хов живнээсээ цааш хэтрэхгүй тул бас ч гайгүй. Иймэрхүү нөхцөл гадаадад байдаг бүх Монголчуудад тархсан үзэгдэл байдгийг гадаадад байсан хэнбугай ч үгүйсгэхгүй дээ.
Иймэрхүү нийгэмшиж чадаагүй байдал маань хүн хоорондын соёлын харьцаанд түгээмэл ажиглагдан баярлалаа, уучлаарай гэх мэт найрсаг, хүндлэлийн харьцааны үг хэлсэн хүнээ сул доройд тооцох шинжтэй байдаг. Иймээс хүмүүс хоорондоо найрсаг харьцахаа болж аль болох догшин түрэмгий харагдаж явбал ажил үйлс нь ахихаар болжээ. Бас Монгол хэлэнд англи хэлний “please” гэдэг үгийн утгыг орлуулах үг байхгүй нь нэгийг хэлнэ.
Эдгээрээс үүдэлтэйгээр Монгол хүний бүтээлч сэтгэхүй (lateral thinking) тааруу байдаг. Ихэнхдээ бүтээлч сэтгэхүй нь оргүй хоосноос юм бүтээдэггүй. Заавал бусдаас санаа сэдэл авч бүтээдэг. Монголчууд юм мэддэг бол бусаддаа зааж хэлэх дургүй. Туршлагаа солилцвол өрсөлдөгчөө бэлдэнэ гэх явцуу санаатай. Дээр нь социализмаас авч үлдсэн бүтээлч, шинэлэг, өөр өнцөгөөс харж санаачилсан зүйлсийг хүлээж авахдаа хойрго. Юм хийсэн нь хэрэгт ордог. Хүн алдаж онож юм бүтээж, хийх гэж зүтгэж байж амжилтанд хүрдэгийг огт ойлгохгүй учраас аливаад хааж боон алдаа талаас нь дүгнэдэгээс Монголчуудын бүтээлч санаа унтардаг.
Нэг нэгнээ хүндэлж хүлээн зөвшөөрдөггүй, багаар ажиллах битгий хэл, харилцан дайсагнах хандлагатайгаас Монгол хүн өөрсдөдөө итгэл алдах тэр байтугай хувь хүн өөрөө өөртөө итгэх итгэл муутай байдгаас гадаад хүнийг илүүд үзэх хүндлэх нь Монголд их түгээмэл байдаг гэдгийг бид өөрсдөө хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх байлгүй. Энэ нь цаад утгаараа Монголчууд бие биенээ жигших сэтгэхүйнээс улбаатай.
Дүгнэлт:
Гаргалгаанууд:
Бидний хоцрогдол бидний зан араншинтай маань холбоотой юм байна. Зан араншин маань нүүдэлчин ахуйгаас үүдэлтэй. Монголчууд нүүдэлчин болсон нь байгаль, цаг уур, газар зүйн учир шалтгаантай. Нүүдэлчин болсноор өвөрмөц соёл (culture) бий болгосон ч соёл иргэншил(civilization) бий болгож Монголчууд нийгэмшиж чадаагүй. Улмаар энэ нь бидний зан араншин, сэтгэлгээ, түүх соёлд цаашилбал генд нөлөөлсөн.
Иймээс Монголчууд багаар ажиллах чадвар султай. Энэ нь хүн хоорондын харьцаанаас улбаатай. Нүүдэлчин амьдралын шаардлагаар хувь хүн хүчирхэг бие даасан байх хэрэгтэй. Гэтэл энэ нь суурин соёл иргэншилд орохдоо бусдынхаа эрх ашгийг тоодоггүй, бие биенээ хүндэлдэггүй, хэт амин ч үзэл маягтай болчихжээ. Эдгээр хэт аминч үзэл санаа манай үндэстний бүтээлч сэтгэлгээнд бас нөлөөлж байна. Аливаа бүтээл гол төлөв хамтынх байдаг. Эсвэл өнгөрсөн, одоо үеийнхний мэдлэг туршлага дээр үндэслэгдэж ирдэг. Мэдээлэл туршлага солилцох хамгийн гол арга зам бол хүн хоорондын харьцаа байх нь мэдээж. Ганц нэг бүтээлч уран дархан ч юм уу, нэг хэсэг хүмүүс мэддэг чаддагаа хадгалаад бусаддаа дамжуулахгүй өнгөрвөл мэдлэг туршлага дээр үндэслэгддэг техник, технологи яахин хөгжих билээ.
Эндээс ургуулаад дараахь үндэслэл гаргаж болно. Нүүдлийн амьдрал нь цөөн тооны хүн хүч шаарддаг. Гэтэл олон хүнтэй байснаар нийгмийн харилцаа улам нарийсч хүний сэтгэн бодох чадварт сайнаар нөлөөлдөг. Тиймээс хот суурин газар өссөн хүүхэд хөдөөний хүүхдээс илүү сэтгэн бодох чадвартай байх магадлал өндөр. Учир нь дурьдсан шалтгаанаар хүүхэд олон хүнтэй харьцах тусмаа илүү сэтгэлгээ нь хөгждөг. Мэдээж бас олон хүнтэй байх нь өрсөлдөөнийг нэмэгдүүлж мэргэжлийн ур чадварыг сайжруулах, илүү туршлага солилцох бололцоог өгдөг. Мөн Монголчууд мал аж ахуй, ан агнуурыг голлон эрхэлж байсан нь “өвсөн тэжээлт” суурин хүмүүсээс илүү түрэмгий харьцаатай байх үндэслэл бий болгодог. Энэ нь ч хүн хоорондын харьцаанд нь нөлөөлж Монгол Монголдоо дургүй, мод хударгандаа дургүй гэсэн хэллэг бий болгосноор харуулдаг.
Гарах арга, замууд:
Гадны дэвшилтэт боловсролын стандартыг хэрэгжүүлэхээс гадна тэр боловсролын систем маань сайн мэргэжилтэн бэлдэнэ гэхээсээ илүү нийгэмд хувь хүнийг бэлдэж байна гэдэгт түлхүү анхаарах. Хүүхдүүдийг багаас нь багаар ажиллаж сургахын тулд даалгавар өгөхдөө хамтарч багаар хийх бяцхан бүтээлч төслийг хийлгэх маягаар өгч байвал зүгээр болов уу?
Хүн хүнээ дээдэлсэн нийгмийг амаар биш ажил хэргээр байгуулж бүх зүйлд тухайлбал хуулиас эхлээд албан журмаа хүндээ зориулж зохиодог байх хэрэгтэй. Хамгийн наад захын жишээ гэхэд л Монголын жолооны дүрэм хүнд юм сургахаасаа илүүгээр хүнийг яаж будилуулж шалгалтанд унагаах вэ? гэсэн зарчмаар зохиогдсон байдгийг Америк, Австрали, Монгол жолооны туршлага, үнэмлэхтэй миний бие мэдэрсэн билээ. Би унаган Монгол хэлтэй мөртлөө Америк, Австралийн жолооны дүрмийг хялбархан уншиж ойлгож байсан атал Монгол жолооны дүрэм уншихад маш ойлгомж муутай зориуд хүнийг будилуулж, мангартуулахаар бичсэн мэт сэтгэгдэл төрж байсныг нуух юун.
Эцэст нь хэлэхэд нэгэн ухаант ах хүүгийн маань хэлсэнчлэн тамын тогооны үлгэрийг давж гарсан шинэ үеийнхэн ирж байгаа гэдэгт би итгэдэг. Тэр үед л Монгол орон маань жинхэнэ ёсоор хөгжиж тэргүүний улс гүрнүүдтэй мөр зэрэгцэн хөгжлийн замдаа алхах байхдаа.
Ё.Гантулга
Австрали улс
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.