Шууз хийх арга

Twitter Print
2020 оны 08-р сар 05-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Монголчууд махыг дулааны улиралд удаан хадгалахын тулд шууз хийдэг. Энэ нь махыг давсалж, муутгалгүй нойтноор нь хэрэглэхэд зориулагдсан арга бөгөөд зун цагт энэ аргаар махыг сар илүү хугацаагаар хадгалж болдог.

Шуузыг түүхий, хагас болгосон 2 янзаар хийж болно. Хагас болгосон шууз хийе гэвэл махыг шулж, шөлтэй хоолонд хэрэглэхээр жижиглэн хэрчинэ. Бүтэн хонины махаар ийм шууз хийхэд том хумбан шаазангаар нэг давс хийж усгүй, зөвхөн шүүсэнд нь буцалгаж өнгийг нь борлуулна.

Ингээд таглаатай цэвэр сав, хонины гүзээ зэрэгт хийж сайтар нягтруулаад салхи авахгүйгээр таглах юм уу, гүзээг бол амыг нь бооно. Ийм шуузаар хоол хийхдээ түүнд орсон давсыг заавал тооцож бодох хэрэгтэй. Үүнийг эс анхаарвал хоолны давс ихдэх талтай байдгийг сана. Шуузнаас авч хэрэглэх бүрийдээ савыг сайтар таглаж байх хэрэгтэй. Гүзээнд хийсэн шуузыг нойтон чийгтэй газар тавьж болохгүй. Түүхий махны шуузны амт, болгосныг бодоход илүү амттай байдаг. Гэхдээ хадгалах хугацаа богино.

Болгосон шууз бол нэг ёсны консерв юм. Яагаад гэвэл түүнийг дангаар нь хүйтэн мах шиг эсвэл цайнд хийж идэж болдог. Шуузлах нь мах хадгалах химийн арга юм. Учир нь махыг давсалснаар бактерийн үйл ажиллагаанд хлорын ион хүчтэй нөлөөлөхөөс гадна үйлдэхүүний осмосын даралтыг ихэс­гэж, усыг ямар нэгэн хэмжээгээр шингээдэг. Үүгээрээ бактери, ялангуяа ялзруулагч бактерийн амьдрах нөхц­лийг саатуулна.

Гэхдээ мах шуузлах нь төдийлөн сайн арга биш. Юу гэвэл хоолны давс зарим хорт бактерийг устгаж чаддаггүй, харин ч давслаг орчинд амьдрагч бактери болох бололцоо, нөхцөл бүрдүүлдэг. Нөгөө талаар хоолны давсны уусмалд уураг, хандлаг бодис ба эрдсийн давснууд уусан хүний биед сайн нөлөөлөх ачтай чанараа алддаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.