Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

Twitter Print
2013 оны 11-р сар 07-нд 14:51 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа.

Дараа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль зүйн байнгын хороо төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй, биечлэн оролцох тохиолдолд төлөөлж байгаа этгээдээс татгалзахтай холбогдсон хэсгийг хасах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нийцүүлэн найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй болон холбогдох бусад саналуудыг гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Ингээд Байнгын хороогоор хэлэлцсэн дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Түүнчлэн Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нийцүүлэн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын шинжтэй санал гаргасныг тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг мөн өдрийн хуралдаанаар хийж баталлаа. Хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Энэ оны дөрөвдүгээр сард МАН-ын бүлгээс Монголбанкинд очиж алтны нөөцийг хэрхэн байршуулдаг талаар шалгахаар очиход энэ талаар танилцуулаагүй хэмээгээд энэ хуульд алтны нөөц зэрэг нууцын зэрэглэлтэй зүйлд шалгалт хийх талаар хэрхэн тусгасан талаар тодруулсан.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар, өмнө нь аудит шалгалтын тайланг Аудитын газар боловсруулааад эргэн танилцуулаад явдаг байсан хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын Байнгын хорооноос шалгалт явуулах саналаа явуулаад, тайланг нь УИХ дээр сонсох саналыг оруулж байгаа аж. Яг тодорхой чиглэлээр, тухайлбал, алтны нөөцийн асуудлаар гэх мэт нууцын зэрэглэлтэй асуудлаар аудит хийлгэнэ гэвэл Байнгыни хороо Үндэсний аувитын газарт саналаа явуулаад Байнгын хороон дээр хаалттай горимоор сонсохоор тусгасан байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.