ЭМХ ЦЭГЦ гэж юу вэ?

Twitter Print
2020 оны 08-р сар 12-нд 16:09 цагт
Мэдээний зураг,

Гэр орон, хот сууринд өрөө тасалгаа, гудамж талбай, саад цэцэрлэг эмх цэгцтэй байвал сайхан. Гэтэл хүний бодол санаа, сэтгэн бодох үйл явцад эмх цэгц гэж бас байдаг. Миний бодол зөв үү, яагаад юунд үндэслэж би ингэж бодох болов, өнөөдөр энэ тухай бодох нь зөв үү, хэрэгтэй юү, ой ухаанд маань эргэлдэж байгаа олон бодол санаагаа яаж ач холбогдлоор нь дараалуулах вэ, яг одоо юуг эхлээд амжуулах нь чухал вэ гэх мэт асуудалтай бид цаг мөч бүр тулгарна. Ухаан бодлоо эмхэлж цэгцэлж чаддаггүй хүн уур уцаартай, ажил амьдрал нь бүтэмж муутай байдаг.

Улс орон, нийгэм нийтэд бас эмх цэгц хэрэгтэй. Өнөөдөр Монголд эмх цэгц үгүйлэгдэж байна. Улс орны хэмжээнд энэхүү эмх цэгцийг төр засаг хариуцна. Цахим мэдээлэлгүй үед эмх цэгцгүй байдлыг хараад ард иргэд дотроо л бухимддаг байлаа. Өнөөдөр нүүрном, жиргээгээр нийгэм нийтийн эмх цэгцгүй байдлын талаар ярьж бичиж, уур уцаараа тайлж байна. Төр засгийн хувьд ард иргэдийн санаа зовоож буй, анхаарал татаж буй асуудлаар шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тодорхой албан хаагч, тодорхой цаг өдрүүдэд, товч тодорхой мэдээлж баймаар байна, яг энэ коронатай холбоотой мэдээлэл шиг. Тэгвэл бухимдал бага, буух эзэн буцах хаягтай байх юм даа. Олон улсад ч ийм жишигтэй. Энэ бол бас нэг чухал ЭМХ ЦЭГЦ шүү.

Гэтэл манайд мэдээллийг өгөх хүн байхгүй, хоцорч, хагас дутуу мэдээлэл өгдөг, эсвэл, хэзээ хойно нэг төрийн албан хаагч уртаас урт ярилцлага өгдөг. Тэгж тэгж байж нэг дарга гарч ирээд "намайг байхгүй хойгуур ийм яриа гарчээ, ёстой гоё юм хийх гэж байхад, ойлгохгүй бол аятайхан байгаарай" гэх маягийн юм яриад л эмх цэгцийг бүр алдагдуулна.

Анхаарал татаж, бухимдуулаад байгаа тодорхой асуудлаар Засгийн газрын тодорхой хариуцлагатан, эсвэл хэвлэл мэдээллийн тодорхой ажилтан, тогтмол цагт, ойлгомжтойгоор, баримтад тулгуурлан хэлж ярьж заншвал бас нэг ЭХМ ЦЭГЦ тогтох юм даа. Ийм эмх цэгц бий болвол иргэд тэр мэдээллийг хүлээх болно, элдэв худал ярианд итгэх нь багасах болов уу гэж өчүүхэн би мунхаглах юм даа. Мэргэн дүү нар ЭМХ ЦЭГЦтэй бодол санаандаа тунгаана уу.

Япон судлаач Д.Төмөрбаатар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.