Вирусын халдвар Хятадаас гадуур хэр хурдацтай тархаж байна вэ

Twitter Print
2020 оны 02-р сар 14-нд 10:01 цагт
Мэдээний зураг,

ДЭГДЭЛТ ХЯТАДААС ГАДУУР ХЭР ХУРДАН ТАРХАЖ БАЙНА ВЭ?
ДЭМБ-ЫН ХУВЬД ШИНЭ КОРОНАВИРУСТАЙ ТЭМЦЭХЭД ЭНЭ БАС ХАМГИЙН ЧУХАЛ АСУУДЛУУДЫН НЭГ БОЛОХ НЬ ЭЭ

■ ХАЛДВАРЫН ЗАМ

Шинэ коронавирус нь халдвар авсан хүний ханиалга, найтаалга, шүлс, нусанд хүрэлцэх замаар дамждаг амьсгалын замын вирус юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар халдвар авсан хүнээс 1 метрийн зайд халдвар авах аюул байгаа гэнэ.

Эрүүл мэндийн яамны зүгээс хамгийн үндсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ бол гараа байнга угаах, ханиалгах эсвэл найтаах үед амаа таглаж ханиахыг зөвлөж буй.

Хэрэв халдварын сэжиглэгдсэн юм уу халдвар авсан бол бусдад халдаахгүйн тулд амны хаалт зүүх нь их чухал байх юм.

New England Journal of Medicine сэтгүүлд Хятад судлаачдын нийтлүүлсэн судалгааны өгүүллэгт 1 халдвар авсан хүнээс дунджаар 2.2 хүнд халдвар тархдаг гэсэн таамаглал тооцоо гарсан.

Халдварлах чадварын хувьд улирлын томуунаас (1.3 орчим) арай хүчтэй, улаанбурхан (12 хүнээс дээш), болон 2002-03 онд Хятадад тархаж байсан амьсгалын замын цочмог хамшинж (SARS, 3 хүн) -ээс арай сул байна.

■ ХЭЗЭЭНЭЭС ЭХЛЭН ХҮНД ХАЛДВАРЛАХ ВЭ

Францын Пастер Институтын Эпидемиологийн хэлтсийн захирал Арнауд Фонтанетын хэлснээр эрдэмтэд эхэн үедээ шинэ коронавирусыг SARS шиг шинж тэмдэг илэрч эхэлснээс хэд хоногийн дотор бусдад халдварлах юм байна гэж бодож байсан гэнэ. Гэвч Фонтанет хэлэхдээ "Одоогийн байдлаар, шинж тэмдэг гарч эхэлмэгц халдварлаж байна гэдэгтэй бүгд санал нийлж байна" гэжээ. Тэрбээр шинж тэмдэггүй хүмүүсээс халдвар авсан хэд хэдэн тохиолдол байгаа нь халдвар авсан хүмүүсийг танихад хүндрэл учруулж, шинэ коронавирусыг тогтоон барих буюу сontainment хийхэд бэрхшээлтэй болгож байна гэж тэмдэглэжээ.

Сингапурт шинэ коронавирусээр Их Британийн иргэн халдварласан тухай мэдээлэлд ДЭМБ-ын ЕНБДаргын зүгээс Хятадаас гадуур халдвар тархаж эхэлж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн. Британийн иргэн Сингапурт хуралд суух явцдаа халдвар авч, дараа нь Францын Альпийн нуруунд амарч байх үеэрээ Британийн хэд хэдэн хүмүүст вирус халдааж, эцэст нь нутаг руугаа буцаж ирсний дараа шинэ вирусын халдвартай болох нь тогтоогдсон байдаг. Тэр үед 11 хүн, түүний дотор 9 настай хүүхэд халдвар авсан байж (Мань super spreader эрийн бие нь сайжраад эмнэлгээс гарсан тухай мэдээ олж харлаа). Эмнэлгийн мэргэжилтнүүд халдвар авсан 1 хүнийг баталгаажуулж тодруулах бүрт халдварын тархалтыг зогсоох үүднээс тэр хүнтэй хавьтал болж халдвар авсан байх магадлалтай хүн бүрийг мөшгөж хянах шаардлагатай болж байна.

■ ЭМНЭЛГИЙН ДОТООД ХАЛДВАР

Хятад судлаачид 2 сарын 7-ны байдлаар халдвар тархсан Хятадын Ухань хотын эмнэлэгт шинэ коронавирус өвчтэй 138 өвчтөнд хийсэн судалгааны үр дүнг Jouranl of the American Medical Association (JAMA) буюу Америкийн Анагаах Ухааны Нийгэмлэгийн сэтгүүлд нийтэлсэн. Уг судалгаагаар 138 өвчтөний 40 гаруй хувь буюу 57 тохиолдол эмнэлэгийн дотоод халдвар авсан байжээ. Үүний 17 нь өөр өвчний шалтгаанаар эмнэлэгт хэвтэж байсан өвчтөн, 40 нь эмнэлгийн мэргэжилтэн байсан байна. Үүнээс болж халдвар аваагүй байга өвчтөнүүдий эмчилгээний асуудал илүү төвөгтэй болж байна гэсэн үг.

■ ХАЛДВАРЫН НУУЦ ХУГАЦАА

Хятад судлаачдын 2 сарын 10-нд гаргасан өөр нэг мэдээллээр Хятадад халдвар нь батлагдсан 1100 тохиолдлын халдварын мэдээлэлд үндэслэн халдварын нууц хугацааны голч утгыг 3 хоног гэж үзэхээр байна гэж зарласан. Энэ нь өмнө нь 14 хоног гэж үзэж байсан тооцооллоос хамаагүй богино хугацаа байгаа бөгөөд үүгээр тооцвол сэжигтэй болон Хятадаас нутагтаа буцаж ирсэн хүмүүсийн хорио цээрийн хугацааг богиносгох болж байгаа юм шиг. Гэтэл мөн Хятадын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зарим хүмүүст нууц хугацаа 24 хоног хүртэл ажиглагдсан тохиолдууд байгаа юм байна.

■ ХАЛДВАРЫН ЭХ ҮҮСВЭР

Хятад судлаачид ховордсон панголиныг сарьсан багваахай болон хүний хоорондын "тасархайн холбоос" байж болзошгүй тухай тэмдэглэсэн байна. Өмнө нь хийсэн судалгаагаар үүнийг могой гэж үзэж байсан хэдий ч зарим судлаачдын дунд санал зөрөлдөж байгаа юм байна. Шинэ коронавирусын тахлын голомт болсон Ухань хотын далайн бүтээгдэхүүний зах нь халдварын эх уурхай болох боломжтой зэрлэг ан амьтдыг олон тоогоор агуулж байсан бөгөөд аль нь ч байж мэдэхээр байна.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.