Амь насаа дээсэн дөрөөн дээр тавьчихаад хотлоороо АМГАЛАН

Twitter Print
2021 оны 06-р сар 14-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

Бороо орж ч шалиагүй дээ. Гэтэл Сэлбэ, Дундгол, Туул голын сав дагуу баригдсан орон сууцны бараг бүх хорооллын доод давхарууд тэр чигтээ усанд автжээ. Хөрснөөсөө ундарч байгаа усыг зогсоо зайгүй соруулаад ч дийлэхгүй байна. Машин тэргээ гарашаас гаргаж хамгаалах мөртлөө АМЬ НАСАА бодож хамгаалж байгаа хүн байна уу? Муугаар бодоход газар ганц шилгээхэд л энэ байрууд тэсэх үү? Усан дээр барьсан өндөр байшинд ийм олуулаа амьдарч байгаа нь үнэндээ ГАМШИГ.

Гэтэл бид инээдэм наргиан болгоод өнгөрч байх шиг. Голын сав дагуу баригдсан орон сууцнуудын доор нүдэнд харагдахгүй ч ус л цэлэлзэж байна. Худлаа гэвэл: Хуучнаар Замын цагдаагийн урд байсан ”Соёолж” төвийн байсан газрыг л зурган дээрээс харчих. Доор нь зүгээр л нуур үлдсэн байгаа биз. Одоо гарашаар нь ус дүүрчихээд байгаа Баянмонгол, Дүнжингарав, Саруул зэрэг хотхонуудын дор яг л ийм байдалтай байгаа.

Усны сав газарт барилга барих угаасаа хуулиар хориотой. Голын эргээс 50 м-т ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮС тогтоож түүн дотор барилга байгууламж барихыг хориглосон байдаг. Гэтэл төр нь хууль зөрчиж, зөвшөөрөл өгдөг, улсын комисс нь хүлээж авдаг. Нэгэнт хянаж шалгадаг газрууд болон төр нь зөвшөөрснөөс хойш гээд иргэд нь уг орон сууцыг худалдаж авдаг. Амташсан орон сууцны компаниуд улам өндрийг барьж зардаг. Иргэдийн аюулгүй байдал амь наснаас мөнгө л тэдэнд чухал. Дээрээс нь сууриараа ус нэвтэрч байгаа байрны чанар, насжилт хэдэн арван жилээр багасдаг.

Хүний хөрөнгө хогшил, хөдөлмөр үнэгүйдэж байна. Зөвшөөрөл өгсөн төрийн байгууллагуудад энэ түй ч хамаагүй. Тэд хууль зөрчсөн дээр нь дөрөөлж авлигалаа авсан. Орон сууц барьсан компаниуд ашгаа хийсэн. Эцсийн эцэст байр худалдаж авсан иргэд л амь нас, хөрөнгө мөнгөөрөө хохироод үлдэнэ. Нийтийн эрх ашгийг яг ингэж хохирохоос л сэргийлж, төр, хууль гэж байдаг юм. Даанч манайд төр нь ард түмнээ ХАМГААЛАХ биш ХОРЛОХ үндсэн ажилтай болжээ.

Гэхдээ БИДЭНД ч алдаа бий. Илт хууль зөрчсөн, ирээдүйд эдийн засгийн эрсдэл авчрах ийм орон сууцнуудыг нэг ч хүн худалдаж авдаггүй, барилгын наад захын норм стандартыг мэддэг, түүнийг нь шаарддаг, учирч болох эрсдлийг нь эрүүлээр тооцож чаддаг байсан бол хэн ч энд ийм олон барилга барихгүй байсан. “Би ганцаараа биш Бүх л хүмүүс ийм байранд орж байгаагаагаас хойш. Өчнөөн жил л амьдарлаа. Яах ч үгүй л байна”. Ийм л явцуу тэнэг бодлоосоо болж өнөөдөр бид АМЬ НАС, ХУВЬ ЗАЯАгаа дээсэн дөрөөн дээр тавьчихжээ.

Даварсан барилгын компаниуд өнөөдөр ч голын сав газарт, бургасыг нь тайрч, хөрсний усыг нь шавхаж байгаад барьдаг. Баригдсан цагаасаа өдөр өнжихгүй хөрсний усыг нь соруулж хаягдал болгосоор ирсэн компаниуд ч байна. Хайран цэвэр ус. Уг нь бидэнд ус хөрс байгаль нь юугаар ч нөхөшгүй хэрэгтэйсэн. Суурь нь усанд автахын тоолонгоор барилга нь хэврэгшиж байна.

Газар хөдөлвөл хамгийн түрүүн голын сав газарт баригдсан энэ барилгууд нурна. Заавал олон хүний амь нас хохирсны дараа л үүнийг засах юм уу? Хууль зөрчиж голын сав газар байшин барихыг нийтээрээ эсэргүүцэж зогсоох цаг болоогүй юу? Одоо болно. Барих зөвшөөрөл өгсөн эрх мэдэлтнүүд болон барьсан барилгын боссууд нь өөрсдөө энэ орон сууцанд хэзээ ч амьдрахгүй. Тэд биднээс ашиг, авлигал болгож хувааж авсан мөнгөөрөө уулын аманд хаусанд заларч байгаа.

Бидний амь нас юугаар ч сольшгүй үнэтэй.

Сэтгүүлч Б.Отгон 2021.06.13

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (188.32.188.182) 2022-01-26 23:47
      • 0
      • 0

      Эдгээр сууцнуудын үнэтэйг яана. Подвалд нь ус халиад л манайхан хэдэн төгрөгөө уралдаж барьж очоод л.

      Хариулах

    • Irgen

      (107.19.9.109) 2021-06-14 14:30
      • 0
      • 0

      Yana daa

      Хариулах