
Өнгөрсөн ням гарагт "Их-7"-гийн тэргүүнүүд БНХАУ-д хүний эрх ноцтойгоор зөрчигдөж буй талаар, мөн Хонгконгийн автономит байдлын тухай асуудлуудыг хөндөж, коронавирусын цар тахлын гарал үүслийг дахин сайтар шалгах шаардлагатай талаар ярилцжээ. Хятадын тал дээр нэгдсэн байр суурь илэрхийлэхээр ярилцсаны эцэст "Их-7"-гийн удирдагчид Хятадын хувьд хамгийн эмзэг гэгдэх сэдвүүдийг хөнджээ.
БНХАУ дэлхийн хамгийн хүчирхэг улсын нэг болоод байгаа нь геополитикт сүүлийн жилүүдэд гарсан хамгийн чухал үйл явдал болоод байгааг мэргэжилтнүүд онцолсоор байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Бээжинг АНУ-ын стратегийн гол өрсөлдөгч хэмээн тодорхойлж, Бээжингийн эдийн засаг болон хүний эрхийн зөрчлүүдийг эсрэг тэмцэхээ илэрхийлсэн юм.
"Их-7"-гийн удирдагчид БНХАУ-ыг хүний эрх, эрх чөлөөг хүндлэхийг шаардсан ба үүнд Шиньжаан мужийн үндэстний цөөнхүүдийн болон хонгконгчуудын асуудал багтаж байгаа аж. Түүнээс гадна "Их-7" коронавирусын цар тахлын гарал үүслийг илрүүлэх 2 дахь шатны шалгалтыг явуулахыг шаардаж байгаа ба Ерөнхийлөгч Жо Байден ДЭМБ-ын эрдэмтэд Хятадын вирус судлалын лабораторид нэвтэрч чадаагүй гэдгийг онцолжээ.
"Их-7"-гийн уулзалтаас өмнө Хятадын тал "Их-7" - гийн удирдагчдад хэсэг бүлэг улс орнууд дэлхийн хувь заяаг шийддэг байсан цаг үе өнгөрсөн гэдгийг анхааруулсан юм. Ерөнхийлөгч Жо Байден энэ талаар, "Би Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпинд зөрчилдөхийг зориогүй гэдгээ хэлсэн. Хамтарч ажиллах зүйл дээрээ хамтран ажиллана. Харин санал зөрөлдөх зүйл дээр бид хариу арга хэмжээ авна гэдгээ шударгаар хэлсэн" гэжээ.
Түүнээс гадна "Их-7" Хятадад газар тариалан, хувцас үйлдвэрлэлийн салбаруудад иргэдийг албадан хөдөлмөрлүүлэх явдал оршиж байгаад сэтгэл зовж буйгаа илэрхийлжээ.
НҮБ-ын мэргэжилтнүүд болон хүний эрхийг хамгаалах байгууллагууд үндэстний болон шашны цөөнхүүдээс бүрдэх 3 сая гаруй хүн Хятадын баруун хойд зүгийн Шиньжаан мужид байрлах хорих лагериудад хоригдож байгаа тухай мэдээлсээр байгаа билээ. Бээжингийн зүгээс үүнийг үгүйсгэж байгаа ч Шиньжаанд байрлах тэдгээр лагериуд нь сургалтын төв бөгөөд экстремист үзэлтэй тэмцэх зорилгоор байгуулагдсан хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: https://www.reuters.com/world/china/china-cautions-g7
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.