Жефф Безостой сансарт аялах хүн 28 сая ам. доллар төлжээ

Twitter Print
2021 оны 06-р сар 13-нд 14:13 цагт
Мэдээний зураг,

Нэр нь үл мэдэгдэх иргэн Blue Origin компанийн анхны сансрын аялалт багтаж, Амазон компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жефф Безостой хамт сансарт нисэхийн тулд 28 сая ам. доллар төлжээ. 

Ирэх сарын 20-нд хөөрөх Blue Origin компанийн сансрын хөлгөөр сансарт аялах аяллын нэг тасалбарыг дуудлага худалдаагаар борлуулсан ба тус  дуудлага худалдаанд оролцож, хамгийн өндөр үнэ хэлсэн иргэний нэрийг удахгүй зарлана гэдгийг Blue Origin компанийн зүгээс мэдэгджээ. 

Сар орчим үргэлжилсэн дуудлага худалдаанд дэлхийн 140 гаруй улсын иргэд оролцсон ба тасалбарын анхны үнэ 5 орчим сая ам. доллараас эхэлж, ийнхүү 5 дахин их үнээр зарагджээ. 

Blue Origin компани дуудлага худалдаанаас олдсон мөнгийг шинжлэх ухаан, технологи, инженерчлэл болон математикийн салбарт сонирхолтой хүүхдүүдийн боловсролыг дэмжих ашгийн бус Club For The Future байгууллагад хандивлах аж. 

Blue Origin компанийн Нью Шепард сансрын пуужин нь өмнө нь зорчигчидгүйгээр арав гаруй туршилтын нислэг хийсэн нь бүгд амжилттай болсон юм. Тус сансрын хөлөг онгоц нь 6 хүртэлх тооны хүн тээвэрлэх  зориулалттай бөгөөд автомат удирдлагатай аж. Зорчигчид сууж явах капсул нь том цонхтой ба энэ нь зорчигчдод сансрын уудмыг мэдрэх, дэлхийг сансраас харах боломжийг олгох юм. 

Сансрйн хөлөг босоогоороо хөөрөх ба пуужин болон капсул нь дахин ашиглагдах зориулалттай ба пуужин нь босоогоороо Ван Хорн дахь пуужин хөөргөх талбайд буух бол, капсул нь шүхэр ашиглан газардах аж. 

Хөлөг онгоц дэлхийн гадаргуугаас дээш 100 орчим км зайд хөөрөх ба зорчигчид 3 орчим минутын турш жингүйдлийг мэдрэх гэнэ. Нийт аялал 11 орчим минут үргэлжлэх аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.