
Өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нийслэл Шинэ Дели хотын төвд нээгдэж байгаа Энэтхэгийн парламентын шинэ ордныг албан ёсоор нээжээ.
Нээлтийн ёслол Энэтхэгийн уламжлал, соёл заншлын дагуу явагдсан ба уг парламентын шинэ ордон нь Ерөнхй сайд Нарендра Модигийн засгийн газраас санаачилсан Британийн колончлолын үеийн хэв маягийг халж, Энэтхэг үндэстний мөн чанарыг илтгэсэн орчин үеийн барилга байгууламжуудыг барих 2.4 тэрбум ам.долларын төслийн дагуу баригдсан аж.
Ням гарагийн өглөө Ерөнхий сайд Н. Моди шинэ ордны гадаа мөргөл үйлдсэнийхээ дараа дотогш орон уламжлал ёсоор дэнлүү асаасан ба уг нээлтийн арга хэмжээнд Энэтхэгийн засгийн газрын гишүүд оролцжээ. Тэрээр шинэ ордны парламентын танхимд хэлсэн үгэндээ, "Энэхүү шинэ цогцолбор нь бие даасан Энэтхэг улсыг илэрхийлэх болно." хэмээн онцолсон байна.
Нөгөө талаас уг арга хэмжээнд сөрөг хүчний намын гишүүд оролцоогүй ба тэд шинэ цогцолборын нээлтийн арга хэмжээнд Энэтхэг улсын Ерөнхийлөгч оролцох ёстой байсан, Ерөнхий сайд Н. Моди олон нийтийн анхаарлыг өөртөө татах зорилгоор хууль журам зөрчсөн хэмээн үзэж байгаа аж.
Сөрөг хүчний тэргүүн Суприяа Суле, "Парламентын шинэ ордныг сөрөг хүчингүйгээр нээсэн нь энэ улсад ардчилал байхгүй байна гэсэн үг юм." хэмээн мэдэгджээ. Н. Модигийн засгийн газраас Ерөнхий сайд нь Энэтхэг улсын Ерөнхийлөгчийг хүндэлдэг, мөн Н. Моди ямар нэг хууль журам зөрчөөгүй хэмээн мэдэгдэл гаргажээ.
Парламентын шинэ ордон нь орчин үеийн техник технологиор тоногдлогдсоноос гадна парламентын хоёр танхим нийт 1272 суудалтай нь хуучин ордноос даруй 500 гаруй суудлаар олон аж.
Гурвалжин хэлбэртэй парламентын шинэ ордон нь 1927 онд Британийн архитекторууд болох Эдвин Лютьенс ба Херберт Бэйкер нарын зургаар баригдсан парламентын хуучин ордны эсрэг талд байрлаж байгаа аж.
Парламентын хуучин ордныг музей болгохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: https://www.reuters.com
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.