Байгаль дотортой, хүмүүн ухаантай

Twitter Print
2021 оны 06-р сар 12-нд 09:13 цагт
Мэдээний зураг,

Энэхэн тэрхэнд сатаарч, анзаарга муутайхан явах зуур яргуй яаран соёолж, хөхөө уулгалан донгодсон энэ зуны эхэн сар өнөөдөр ийнхүү шувтарч, зуны дунд сар энэ л мандах нарнаар өдөр өдрийг цааш нь угтаж тоолоод эхэллээ. Нас ахихын хэрээр цаг яасан ч хурдан өнгөрдөг юм бэ дээ хэмээн гэнэ гэнэхэн халаглах мэт боддог минь дахиад л давтагдаж байх юм.

Цас лавсан лавсан асгарч, бороо шаагин шаагин цутгаж, мөндөр, шамарга, ингэн туйлаадас тэнгэр газрыг тэвхдэх мэт тэртээ дээрээс хуйлран хуйлран бууж л байсан. Алс тэртээх Калифорни муж улсын Шаста уулыг тэр жил дарсан шиг тийм их цасан далайд улсын минь нийслэл Улаанбаатарыг сахиж даасан дөрвөн зүгийн дөрвөн хайрхан уул халуун зунаар хучаатай л байсан. Хэзээ яг тэр их хур тунадас унаж, хэзээ чухам татарсныг өнөөдөр харин мартах шахжээ.

Одоо бид энэхэн зуураа ид л үер усны тухай амтай болгон шагшиж шуугиад эхэллээ. Бидний багад хууччуул, хангай дэлхийд ямар байхгүйн зовлон гэж байх биш дээ, сэрэмжинд хоромжгүй гэлцэж байдагсан. Тэр үгийг сануулах аятай энэ зуны хангай газрын хур тунадас цаанаа элбэг, тунатал тунатал бороо орно, тохой тохой цас дарна.

“Хараад ав! Энэ нийслэл хотын хаана, хаана нь хөвж явчих гээд хөвөлзөж байгааг тогтоогоод ав. Яаралтай түргэхэн засахыг бод. Хэлээд л байгаа! 1915, 1933, 1934, 1959, 1960 онд хатан Туул хэрхэн яаж нуга хөндийгөө тэр чигээр нь дүүртэл, бүр Уу буланд тултал нуур далай шиг үерлэж байсныг манай түүх мартаагүй.

Хур бороо горьддог, бүр гандаж онгодог говь нутгийн ганц хоёр айл хүртэл зунжих нутагтаа үер усны үүдийг шинжиж буудаг, гэрээ тойруулаад ядахдаа шуудуу татчихдаг. Яачихсан хүмүүс вэ, улаанбаатарынхан минь, ямар элэр цагийнхан байгаа биш дээ!” хэмээн байгаль эх өөрийн хэлээр учирлаж ядан, ухааруулж цөхөн хаана хаана яах ёстойг биетээр зааж өгөөд байгаа нь энэ юм шиг санагддаг.

Байгаль дохиотой, хүмүүн ухаантай гэдэг билээ.

До.Чулуунбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.