Диваажинд байгаа миний ээжид ...

Twitter Print
2018 оны 06-р сар 19-нд 18:19 цагт
Мэдээний зураг,

Өвгөн Дэндэвийн бие муудаж, ”Сэхээн” нэртэй сэжиг хүрмээр хүйтэн хөндий, нилэнхүйдээ цагаан өрөөнд арав гаруй хоног хэвтлээ. Гэрийнхэн нь гадаа үүд манаж, нүднээсээ бусдыг далдалсан ихэмсэг, хямсгар эмч нарыг царайчилж, тэднийг нэг бол аварлын элч, эсвэл эрлэгийн элч шиг л бодож, горьдлого дүүрэн нүдээр дагуулж харсаар арван зургаа хонов.

Нэг өглөө хэлтэй хэлгүй нь үл мэдэгдэх өндөр цагаан хүүхэн гэнэт ам нээж “Дэндэв гуайн ар гэрийнхэн орж болно” хэмээн уриалгахан хэрнээ нэг л хөндий хоосон хэлчихээд үүдээ нээлээ. Дэндэв өвгөний бие барагтайхан байгаа нь харваас илт. Хүндэрч, цэлхэрсэн зовхио арайхийн өргөж, хөх судас гүрэлзсэн гараа хөдөлгөх гээд чадсангүй. Тавин жил цайгаа хуваасан эмгэнээ өрөвдсөн нүдээр харж байснаа “Миний ажлын бор цүнхийг аваад ирээч...” хэмээн тасалданги сулхан дуугаар хэлээд чимээ тасарчихав. Хэдэн хүүхэд нь гайхаж, мэгдэж, харин Дулам хөгшин “Алив хүү минь давхиарай. Зуслангийн амбаарт, миний новш хадгалдаг бор авдрын ероолд байгаа байх. Яагаав дээ. Аав чинь залуудаа л үүрч явдаг байсан жижиг бор цүнх...” хэмээн сандарч, бага хүү нь ухасхийн гарлаа.

Авдрын ёроолд бараг хориод жил хэвтэж байгаа бор цүнхийг олох гэж гэж бага хүү нь чамгүй цаг зарсан учраас нилээд амьсгаа өндөртэй орж ирэв. “Хөгшөөн. Цүнхийг чинь аваад ирлээ” гэж Дулам хөгшний намуухан дуудахад Дэндэв анх удаагаа л хөгшнөө харж байгаа юм шиг том харснаа цүнхээ уудал хэмээн гараараа зангах нь тэр. Дөрвөн хүүхэд, гурван бэр, бас Дулам хөгшин оёдлоороо ханзарч, тоос шороонд дарагдан будаг нь халцарсан хуучин бор цүнхийг нүд салгалгүй харж, чухам юу гарч ирэхийг тэсч ядан хүлээж байлаа. Дэндэв өвгөн бүхий л насаараа аймгийн шуудан холбоонд ажиллаж, тэтгэвэртээ гарахаас өмнө энэ бор цүнхийг үүрчихээд хэдэн жил шороо манарган бичиг цаас зөөсөн нэгэн. Хурааж хумисан эд зүйл гэхээр юм байхгүйг том хүү, хөгшин хоёр нь л сайн мэдэж байлаа. Харин бусад нь тэр жижигхэн навсгар цүнхнээс алт эрдэнэс гарах юм шиг л амаа ангайн харж, бие биенийгээ түлхэн өвгөнлүү улам бүр ойртов. Дулам хөгшин бор цүнхийг ухаж ухаж, сонинд боож, гадуур нь гялгар уутанд савласан цаас гаргаж ирэв. Дэндэв өвгөн “Наад захиагаа задлаад уншаад өгөөч” хэмээн том хүү рүүгээ гуйсан харцаар харж хэлэх нь тэр.

Олон давхар цаасанд боосон, булан нь хүртэл элэгдчихсэн цэнхэр дугтуй. Том хүү нь захидлын хаягийг хараад цочин, бондгосхийв. Тэр захидлын буланд “Диваажинд байгаа миний ээжид” гэж их л хичээнгүйлэн бичсэн байлаа. Сонин хаягтай захиаг задаллаа. Олон жил хурган дарга хийсэн эр тун эв хав муутайхнаар “Сайн байна уу ээжээ? Намрын шар өдрүүд навчисын ёолох дуутай хамт өнгөрч байна. Нарны илч харьсан энэ шар өдрүүд сэтгэл сэмлээд, холоо явсан таныг санаад ганцаардаж байна.

Эх газрын зөөлөн хөрс, нар, хуранд угаагдаж, эргэх дөрвөн цаг бие биеэ дэрлэн зүйрмэглэж, хорвоо дэлхий бахь байдгаараа эргэж байгаа ч хөөрхийдөө тэнэг, гэнэхэн охины тань сэтгэлд өвлийн жавар хургачихаад салахгүй байна. Дэлхий ямар даахгүй гэсэн биш дээ. Дэргэд минь сууж, жаахан ч гэсэн амрахгүй яасан юм. Өөдгүй энэ орчлон дээр мянга мянган хүмүүс өр авлага нэхэж амьдраад л байхад өөдөсхөн жаахан охиндоо ачийг тань хариулж баярлуулах өдөр хоног жаахан ч гэсэн үлдээхгүй яасан юм.” хэмээн уншаад нулимсаа арчин аав руугаа зориг муутайхан харав. Өвгөн Дэндэв нүдээ ч нээсэнгүй. “Цааш унш” гэж байгаа бололт