Наадмын хуушуурын тухай дахин өгүүлэх нь

Twitter Print
2022 оны 07-р сар 10-нд 14:20 цагт
Мэдээний зураг,

Хуушуур аа гэж...

Монголчуудын үндэсний их баяр наадам ойртсоор байна. Нийтлэлч миний бие хэдэн жилийн өмнө “Наадмын хуушуур” гарчигтай нийтлэл бичиж “Баабар.мн”-д тавьсныг хэдэн арван мянган хүн уншжээ. Цагаан сарыг буузгүйгээр тэмдэглэдэггүйн адил баяр наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн ч арга байхгүй. Ийм болохоор наадмын хуушуурын дахин өгүүлэх нь зүйн хэрэг. 

Үндэсний бөх, сурын харваа үзэхээр Төв цэнгэлдэх хүрээлэнд ирсэн наадамчид, гадаадын жуулчид, ер нь хүүхэд хөгшин гэлтгүй  цөмөөрөө л наадмын хуушуур идэлгүй явна гэж огт  байхгүй. 

Хүй долоон худагт л гэхэд наадамчдын иддэг цорын ганц хоол нь хуушуур. Асар, майхан, гэр хаа сайгүй л хуушуур хайрна. Хуушуураар үйлчлэх зөвшөөрөл авсан хүмүүс наадмын хоёр гурван өдөр асгаруулсан хөлснийхөө төлөөсөнд  овоо их орлого олно. Гагцхүү энэ хүмүүст захиж хэлэх чин сэтгэлийн үг надад бий.

Учир нь миний бие хүнс, хоол судлаач, мэргэжлийн хүн. “Хурал олширвол ажил муудсаных, хуушуур элбэгшвэл мах муудсаных” гэсэн хошин яриа бий. Бас муудсаныг гурилд боож далдлах, муухай царайгбудаж шунхдаж янзлах гэсэн утга бүхий яриа ч бий.

Гурил, махнаас бүтдэг, халаасан тосонд хайрч сайхан  үнэр үүсгэдэг энэ битүү хоолны хувьд чухам ямар махаар хийсэн нь л чухал. Баярлаж хөөрсөн, наадаж цэнгэсэн хүмүүст чин сэтгэлээсээ хандаарай гэж л захих гэсэн юм. Яагаад гэвэл бага балчираас эхлээд өтөл хөгшин бүх хүн хуушууранд дуртай. Мэргэжлийн хяналт, ариун цэвэр, эрүүл ахуйнхан хяналт шалгалтыг туйлын хариуцлагатай хийх шаардлагатай. Хэрэглэгчид, худалдан авагчид ч анхаарах ёстой. 

Ер нь хуушуур бол  хийхэд хялбар, халаасан тосонд хайрах, чанах аргаар хийдэг болохоор амт, өнгө, үнэрийн хувьд содон, ямар ч сав, хайрцганд хадгалалах, цэвэр цаас, уут, мөнгөлөг цаасанд боогоод авч явахад тохиромжтой тул урьдчилан бэлтгээд хөдөө хээр явах, аялж зугаалах үедээ дахин халаах, халуун цай, шөлөнд дэвтээж  идэх боломжтой хоол юм. 

Монголчуудын хувьд малын мах, дотор мах, сүүл, ногооны зүйл, будаа, пүнтүүзээр шанзалсан хуушуурыг нэлээд дээр үеэс битүү хоол, хүндэтгэлийн хоол  идээний төрөл болгон хэрэглэж иржээ.  Малын махнаас гадна тарвага, зээрийн мах, загас, сүүл,  гүзээ, будаа, халгай, жууцай, халиараар маш сайхан хуушуур хийж болно.

Хуушуурыг шарвин, хайрмаг, дугуй, чимхмэл, дэлбэгэр, гамбиран гэхчилэн хэлбэр дүрсээр нь ялган нэрлэж ирсэн нь  дэлхийд түгээмэл тархсан энэ хоолны монгол хувилбар гэж үзэх үндэстэй юм.

Харин сүүлийн үед “Содон хуушуур”, “Халиартай хуушуур”, “Ээжийн хуушуур”, “Баялаг хуушуур”, тэр ч атугай “Чингис хуушуур” гэхчилэн хэн дуртай нь  нэр өгөх болжээ. Монгол орны баруунаас зүүн, умраас өмнө зүг чиглэсэн авто замын дагуу ийм нэртэй мухлаг, сүүдрэвч олныг харж болно.

Гэхдээ ямар ч сайхан нэр хайрлалаа гэсэн монгол хуушуур монголоороо л байдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл монгол хуушуур Дундад Азийн самса, татарын беляши, оросын чебурекаас амтаараа ч, чимхэлтийн хэлбэр дүрсээрээ ч ялгагддаг онцлогтой.

Харин зах зээлд хүнс, барааны үнэ хэрхэн өсөж буйг хуушуурын үнээр жишиж тооцоход нэг их алдахгүй байх. Хорин жилд килограмм махны үнэ доод тал нь 1000 дахин, гурил, сонгины үнэ хэдэн зуу дахин өссөн бол хуучнаар 50 мөнгөөр борлуулж байсан нэг ширхэг хуушуурын үнэ 1500-2000 дахин өссөн байдаг.

Харин энэ жилийн наадмын нэг ширхэг хуушуурын үнэ  хэд хүрэх бол? Чөтгөр бүү мэд. Учир нь хуушуур, айрагны үнийг хэн ч хянахгүй. Дашрамд тэмдэглэхэд хуушуурын чимхэлтийн хэлбэр, орц хэмжээ, бэлтгэх арга өдгөө хүртэл огт өөрчлөгдөөгүй байгаа юм шүү. Монгол хуушуураа амтлан зооглож  сайхан наадацгаарай. 

Хуушуур бас онигоотой

Наадмын талбайд зарж байсан хуушуураас авсан нэгэн эр халуун хуушуурыг хоёр алга руугаа ээлжлэн шидэж байсныг харсан найз нь: Чи ингэж байхаар үлээгээд хөргөөч дээ гэхэд  нөгөө эр: Үлээхээр хийсчих гээд байх юм байна ш дээ гэж хариулсан гэдэг.

Билгүүн номч их эрдэмтэн Б.Ринчин нэгэн гуанзанд ороод хоёр ширхэг хуушуур захиалж авчээ. Тэрбээр хуушуураа идэж дуусаад суугаад л байх юм гэнэ. Зөөгч бүсгүй түүн дээр очиж: -Та дахиад юм захих уу? гэхэд их эрдэмтэн маань: Үгүй ээ. Би хоёр хуушуур аваад сая гурилыг нь идчихлээ. Одоо махыг нь хүлээж байна гэсэн гэдэг. 

Наадмын талбайд явж байсан нэгэн харамч эр хамт яваа найз нартаа хандан: -За даа, “Хурал олширвол  ажил муудсаны шинж, хуушуур элбэгшвэл мах муудсаны шинж” гэдэг байхаа, өвгөн чинь гэртээ очиж хуушуур хийж иднэ дээ хэмээсэн гэдэг.

Нийтлэлч: О.Октябрь

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.