Италид коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 2978-д хүрчээ

Twitter Print
2020 оны 03-р сар 19-нд 11:24 цагт
Мэдээний зураг,

Италид нэг өдрийн дотор 475 хүн коронавирусын халдварын улмаас нас барж, уг вирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо тус улсад 2978-д хүрээд байна.

Түүнчлэн Италид коронавирусын халдвар авсан нийт 35 713 тохиолдол бүртгэгдээд байгаагийн 4000 нь эдгэрсэн байна. Италийн баруун хойд зүгт байрлах Ломбарди муж коронавирусын халдварт хамгийн ихээр өртөөд байгаа ба уг вирусын халдварын улмаас өнгөрсөн 24 цагийн дотор нас барсан 475 хүний 319 нь Ломбарди мужид бүртгэгджээ. Харин халдварын голомт болсон БНХАУ-ын Ухань хотод коронавирусын халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Ихэнх улс орнууд коронавирусын халдварын тархалтыг удаашруулж, эмнэлгийн байгууллагын ачааллыг бууруулахын тулд хөл хорио тогтоох, үзвэр үйлчилгээг цуцлах, үйлчилгээний байгууллагуудыг хаах зэрэг шийдэмгий алхмуудыг хэрэгжүүлж байна. Италийн эрх баригчид коронавирусын халдварын тархалтыг хяналтандаа авахын тулд онц байдал зарлаж, хөл хорио тогтоох арга хэмжээ аваад 10 гаруй хонож байна. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан ч тус улсад коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо нэмэгдсээр байна.

ДЭМБ-ын Онц байдал хариуцсан захирал Майк Райаны хэлж байгаагаар энэ нь тус улсад коронавирусын халдвар авсан иргэдийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаатай, мөн Итали улсад олон тооны өндөр настнууд амьдардагтай холбоотой аж. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейесус коронавирусын эсрэг вакцины туршилт АНУ-ын Сиаттл дахь судалгаа шинжилгээний төвд эхэлсэн явдалд баярлаж буйгаа илэрхийлсэн байна. Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулсан байна, учир нь коронавирусын эсрэг вакцины туршилт олон сарын турш үргэлжлэх гэнэ. Испанид коронавирусын халдвар авсан 13 716 тохиолдол бүртгэгдээд байгаа ба уг вирусын халдварын улмаас 598 хүн нас бараад байна. Тус улсын эрх баригчид Мадрид дахь өндөр настнуудын асрамжийн төвд амьдарч байсан 17 хүн коронавирусын халдварын улмаас нас барсан явдлыг мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байна.

Image result for Italy coronavirus deaths rise by record 475 in a day

Францад өнгөрсөн мягмар гарагт коронавирусын халдварын тохиолдол 16 гаруй хувиар өсч, халдвар авсан иргэдийн тоо 7730-д хүрч, коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 175-д хүрчээ. Англид коронавирусын халдварын улмаас 104 хүн нас барсан бол ХБНГУ-д дээрх тоо 12-т хүрсэн байна. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель иргэдийг засгийн газрын зүгээс гаргасан заавар зөвлөмжийг дагахыг уриалсан байна. Бельгид коронавирусын халдвар авсан 1486 тохиолдол бүртгэгдсэн ба уг вирусын халдварын улмаас 14 хүн нас бараад байна.

Европын холбооны 27 улс коронавирусын тархалтыг зогсоохын тулд хилээрээ гадаадын иргэдийг 30 хоногийн турш нэвтрүүлэхгүй байх журам гаргасан билээ. 

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.